- Нүүр
- Монгол Улсын хууль
- ЭРҮҮГИЙН БАЙЦААН ШИЙТГЭХ ХУУЛЬ /Энэ хуулийг 2017 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ
2016 оны 12 дугаар сарын 22-ны өдөр
Улаанбаатар хот
ЭРҮҮГИЙН БАЙЦААН ШИЙТГЭХ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ
1 дүгээр зүйл.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.3 дахь хэсгийн "гэмт хэрэгт" гэсний дараа ", гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэрэгт" гэж, 414 дүгээр зүйлийн 414.1 дэх хэсгийн "118/Асран хамгаалах үүргээ урвуулах/," гэсний дараа "1201/Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх/," гэж тус тус нэмсүгэй.
2 дугаар зүйл.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн дараахь зүйл, заалтыг доор дурдсанаар өөрчлөн найруулсугай:
1/72 дугаар зүйлийн 72.1.4 дэх заалт:
"72.1.4.тодорхой эрхийг хязгаарлах;"
2/76 дугаар зүйл:
"76 дугаар зүйл.Тодорхой эрхийг хязгаарлах
76.1.Сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулах, гэрч, хохирогчид нөлөөлөх үндэслэлтэй бол тогтоосон газар, нутаг дэвсгэрээс гарч явах, тодорхой газар очих, тодорхой хүнтэй харилцахыг хориглох, эд хөрөнгө захиран зарцуулах эрхийг түр хугацаагаар шүүх, прокурор, түүнчлэн хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч нь прокурорын зөвшөөрөлтэйгөөр тогтоол гарган хязгаарлаж болно.
76.2.Тодорхой эрхийг хязгаарлах албадлагын арга хэмжээг авахдаа тогтоосон газар, нутаг дэвсгэрээс гарч явах, тодорхой газар очих, тодорхой хүнтэй харилцахыг хориглох, эд хөрөнгө захиран зарцуулах эрхийг хязгаарлаж байгааг тогтоолд нэг бүрчлэн заана.
76.3.Сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн очих, оршин суух, ажиллах газар, тодорхой хүнтэй харилцахгүй байхыг өөрт нь даалгаж, эрх бүхий байгууллага, албан тушаалтанд мэдэгдэж, хяналт тогтооно.
76.4.Эд хөрөнгө захиран зарцуулах эрхийг хязгаарлахдаа өмчлөгч буюу эзэмшигчээс эд хөрөнгөө бусдад шилжүүлэхгүй байх, шаардлагатай тохиолдолд ашиглахгүй байх үүрэг хүлээлгэх, эсхүл тухайн эд хөрөнгийг гаргуулан авч хадгална.
76.5.Хуульд зааснаар төлбөрт гаргуулж болохгүй эд хөрөнгийг захиран зарцуулах эрхийг хязгаарлаж болохгүй.
76.6.Эд хөрөнгө захиран зарцуулах эрхийг хязгаарлах арга хэмжээ авахдаа эд хөрөнгийн үнэлгээний мэргэжилтнийг оролцуулж болно.
76.7.Банк болон бусад санхүүгийн байгууллагад байгаа мөнгөн хөрөнгийг захиран зарцуулах эрхийг хязгаарлаж болно.
76.8.Хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч, прокурор, шүүгч нь сэжигтэн яллагдагч, шүүгдэгчид энэ хуулийн 76.1-д заасан албадлагын арга хэмжээг зөрчсөнөөс үүсэх үр дагаврыг урьдчилан танилцуулна."
3 дугаар зүйл.Энэ хуулийг Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль /Шинэчилсэн найруулга/ хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА М.ЭНХБОЛД
Текст томруулах
A
A
A
