- Нүүр
- Монгол Улсын хууль
- ЗАСГИЙН ГАЗРЫН ТУСГАЙ САНГИЙН ТУХАЙ

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ
2018 оны 01 сарын 12 өдөр
Төрийн ордон, Улаанбаатар хот
ЗАСГИЙН ГАЗРЫН ТУСГАЙ САНГИЙН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ ОРУУЛАХ ТУХАЙ
1 дүгээр зүйл.Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд доор дурдсан агуулгатай дараахь зүйл, заалт нэмсүгэй:
1/5 дугаар зүйлийн 5.4.42 дахь заалт:
"5.4.42.Агаарын бохирдлын эсрэг сан."
2/6 дугаар зүйлийн 6.4.24 дэх заалт:
"6.4.24.Агаарын бохирдлын эсрэг сан."
3/122дугаар зүйл:
"122дугаар зүйл.Агаарын бохирдлын эсрэг сан
122.1.Агаарын бохирдлын эсрэг сангийн хөрөнгө нь энэ хуулийн 7.1-д зааснаас гадна дараахь эх үүсвэрээс бүрдэнэ:
122.1.1.агаарын бохирдлын төлбөрийн орлого 100 хувь, нөхөн төлбөр;
122.1.2.бусад орлого.
122.2.Энэ хуулийн 122.1-д заасан сангийн хөрөнгийг доор дурдсан арга хэмжээг санхүүжүүлэхэд зарцуулна:
122.2.1.агаарыг хамгаалах, агаарын бохирдлыг бууруулахад чиглэсэн шинэ дэвшилтэт техник, технологи нэвтрүүлэхэд хөнгөлөлттэй зээл олгох;
122.2.2.стандартын шаардлагад нийцсэн цэвэр түлш, зуух үйлдвэрлэхийг дэмжих, тэдгээрийг худалдан авахад хөнгөлөлт үзүүлэх;
122.2.3.стандартын шаардлагад нийцсэн бүрэн шаталттай зуухны техник, технологийг нэвтрүүлэх, ашиглахад дэмжлэг үзүүлэх;
122.2.4.агаарын чанарын хяналт-шинжилгээний чадавхыг бэхжүүлэх, хэмжилтийн багаж төхөөрөмж худалдан авах, агаарын чанарын төлөв байдлын хувьсал өөрчлөлтийг судлан тогтоох болон агаарыг хамгаалахтай холбоотой стандарт, норм, дүрэм, арга, аргачлал боловсруулах, судалгаа, шинжилгээний төсөл, ажлыг гүйцэтгэх;
122.2.5.эрчим хүчний үр ашгийг дээшлүүлэх, барилгын дулаан алдагдлыг бууруулах, байгаль орчинд сөрөг нөлөөгүй, эдийн засгийн үр ашигтай, найдвартай ажиллагааг хангасан эрчим хүчний шинэ эх үүсвэр барих, хэрэглэгчийг төвлөрсөн дулаанд холбох төсөл, арга хэмжээг санхүүжүүлэхэд дэмжлэг үзүүлэх;
122.2.6.агаарын бохирдлыг бууруулахад чиглэсэн иргэд, олон нийтийн үйл ажиллагаа, төсөл, арга хэмжээнд дэмжлэг үзүүлэх;
122.2.7.сэргээгдэх эрчим хүч, цэвэр технологийг хөгжүүлэхэд чиглэсэн үйл ажиллагаа, төсөл, арга хэмжээнд дэмжлэг үзүүлэх;
122.2.8.агаарын бохирдлыг бууруулахад чиглэсэн олон нийтэд мэдлэг олгох сургалт, сурталчилгааны арга хэмжээг зохион байгуулах;
122.2.9.уул уурхайн орчны бохирдлыг арилгах, хүн амд үзүүлж байгаа сөрөг нөлөөллөөс урьдчилан сэргийлэхэд шаардлагатай ажлыг санхүүжүүлэх, дэмжлэг үзүүлэх.
122.3.Энэ хуулийн 122.2.1-д заасан хөнгөлөлттэй зээл олгох төсөл сонгон шалгаруулах журмыг санхүү, төсвийн болон байгаль орчны асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн хамтран батална.
2 дугаар зүйл.Энэ хуулийг 2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДЭД ДАРГА Л.ЭНХ-АМГАЛАН
Текст томруулах
A
A
A
