A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

2018 оны 04 сарын 19 өдөр

Төрийн ордон, Улаанбаатар хот

УЛСЫН НИСЭХИЙН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

1 дүгээр зүйл.Улсын нисэхийн тухай хуульд доор дурдсан агуулгатай дараахь хэсэг, заалт нэмсүгэй:

Хэвлэх

1/5 дугаар зүйлийн 5.1.4 дэх заалт:

"5.1.4.улсын нисэхийн нислэг-техникийн осол зөрчлийг шинжлэн шалгах ерөнхий шинжээчийг томилох, улсын нисэхийн нислэг-техникийн шинжлэн шалгах комиссын дүрмийг батлах."

2/11 дүгээр зүйлийн 11.3 дахь хэсэг:

"11.3.Энэ хуулийн 10.1.5, 10.1.6-д заасан нислэгийн хөдөлгөөний зохицуулалтыг зэвсэгт хүчний Агаарын цэргийн командлал хэрэгжүүлнэ."

3/14 дүгээр зүйлийн 14.6 дахь хэсэг:

"14.6.Улсын нисэхийн үйл ажиллагаа, аюулгүй байдлыг хангах үүднээс улсын агаарын хөлгийг ашиглах гарын авлага, техник технологийн болон бусад холбогдох баримт бичгийг тухайн үйлдвэрлэгч орны хэл дээр ашиглаж болно."

2 дугаар зүйл.Улсын нисэхийн тухай хуулийн дараахь зүйл, хэсгийг доор дурдсанаар өөрчлөн найруулсугай:

Хэвлэх

1/7 дугаар зүйл:

"7 дугаар зүйл.Улсын нисэхийн багц дүрэм

Хэвлэх

7.1.Улсын нисэхийн багц дүрмээр дараахь харилцааг зохицуулна:

7.1.1.улсын агаарын хөлгийг бүртгэх, гэрчилгээ олгох;

7.1.2.байлдааны агаарын хөлгөөс бусад улсын агаарын хөлгийн нисэх баг, инженер техникийн бүрэлдэхүүнд мэргэжлийн үнэмлэх олгох;

7.1.3.улсын нисэхийн аэродромын бүсэд нислэг үйлдэх болон аэродромыг ашиглах;

7.1.4.улсын агаарын хөлгийн нислэгийн үйл ажиллагаа, аюулгүй байдалд хяналт тавих;

7.1.5.улсын агаарын хөлгийн нислэгийн хөдөлгөөний үйл ажиллагааг зохицуулах;

7.1.6.эрэн хайх, авран туслах ажиллагааг гүйцэтгэх;

7.1.7.улсын нисэхийн агаарын хөлгийн нислэг-техникийн осол зөрчлийг шинжлэн шалгах;

7.1.8.хууль тогтоомжид заасан бусад харилцаа."

2/10 дугаар зүйл:

"10 дугаар зүйл.Улсын агаарын хөлгийн нислэгийн ангилал

Хэвлэх

10.1.Улсын агаарын хөлгийн нислэг дараахь ангилалтай байна:

10.1.1.байлдааны үүргийн нислэг;

10.1.2.онцгой үүргийн нислэг;

10.1.3.тусгай үүргийн нислэг;

10.1.4.арилжааны нислэг;

10.1.5.сургууль-байлдааны нислэг;

10.1.6.шалгалт, туршилтын нислэг.

10.2.Байлдааны үүргийн нислэгт байлдааны үүрэг гүйцэтгэхтэй холбогдсон бүх төрлийн нислэг хамаарна.

10.3.Онцгой үүргийн нислэгт Монгол Улсын Ерөнхийлөгч, Монгол Улсын Их Хурлын дарга, Ерөнхий сайд, гадаад улсын өндөр хэмжээний зочдод үйлчлэх нислэг хамаарна.

10.4.Тусгай үүргийн нислэгт тайван цагийн батлан хамгаалах нислэг, хил хамгаалалт, гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх үүрэг гүйцэтгэхтэй холбогдсон нислэг, гамшиг, аюулт үзэгдэлтэй тэмцэх, эмнэлгийн яаралтай түргэн тусламж, спортын арга хэмжээ болон төрийн чиг үүргийг гүйцэтгэх байгууллагуудын ажил, үүргийг гүйцэтгэх зорилгоор үйлдэх нислэг хамаарах ба нислэг, түүнтэй холбогдон гарах зардлыг захиалагч байгууллага хариуцна.

10.5.Улсын агаарын хөлгөөр арилжааны нислэг үйлдэх бол Иргэний нисэхийн тухай хуулийг баримтална.

10.6.Сургууль-байлдааны нислэгт бүх төрлийн дадлага сургалт, эрх олгох, бөмбөгдөлт, пуужингийн харвалт, буудлагатай нислэг хамаарна.

10.7.Шалгалт, туршилтын нислэгт шинэ төрлийн агаарын хөлгийг агаарт шалгах, засвар, техникийн үйлчилгээ, шинээр тоног төхөөрөмж суурилуулсны дараа хийх нислэг хамаарна."

3/11 дүгээр зүйлийн 11.1 дэх хэсэг:

"11.1.Улсын агаарын хөлгийн байлдааны үүргийн нислэгийн хөдөлгөөний зохицуулалтыг зэвсэгт хүчний цэргийн мэргэжлийн дээд удирдлагын байгууллагын шийдвэрээр Агаарын цэргийн командлал хэрэгжүүлнэ."

4/18 дугаар зүйлийн 18.1 дэх хэсэг:

"18.1.Улсын нисэхийн нислэг-техникийн осол зөрчлийг шинжлэн шалгах ерөнхий шинжээч нь улсын нисэхийн нислэг-техникийн шинжлэн шалгах комисс томилуулах тухай саналаа батлан хамгаалах асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүнд танилцуулж, батлуулна."

3 дугаар зүйл.Улсын нисэхийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2 дахь хэсгийн "Улсын" гэснийг "Байлдааны агаарын хөлгөөс бусад улсын" гэж, 18 дугаар зүйлийн 18.3 дахь хэсгийн "Улсын" гэснийг "Сургууль-байлдааны нислэгээс бусад тохиолдолд улсын" гэж тус тус өөрчилсүгэй.

Хэвлэх

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА М.ЭНХБОЛД