- Нүүр
- Монгол Улсын хууль
- ДАЙЧИЛГААНЫ ТУХАЙ

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ
2018 оны 6 дугаар сарын 27-ны өдөр
Улаанбаатар хот
ДАЙЧИЛГААНЫ ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ
("Төрийн мэдээлэл", 2018 он, №27)
1 дүгээр зүйл.Дайчилгааны тухай хуульд доор дурдсан агуулгатай дараах хэсэг, заалт нэмсүгэй:
1/3 дугаар зүйлийн 3.1.14, 3.1.15 дахь заалт:
"3.1.14."Дайчилгаа" гэж улс орны эдийн засаг, нийгмийг шаардлагатай үед дайны байдалд шилжүүлэх, зэвсэгт хүчнийг өргөтгөн зохион байгуулахын тулд дайчилгааны бэлтгэл нөөцийн бүрэлдэхүүн, дайчилгааны болон санхүүгийн нөөцийг дахин хуваарилах зорилгоор төрөөс хэрэгжүүлж байгаа цогц арга хэмжээг;
3.1.15."Дайчилгааны бэлтгэл" гэж улс орны эдийн засаг, нийгмийг дайны байдалд шилжүүлэх бэлтгэл, зэвсэгт хүчнийг өргөтгөн зохион байгуулах бэлэн байдлыг хангах арга хэмжээг тайван цагт хэрэгжүүлэхийг."
2/13 дугаар зүйлийн 13.1.9 дэх заалт:
"13.1.9.энэ хуулийн 4.4-т заасан улсын дайчилгааны бэлтгэлийг хангах үндсэн арга хэмжээг зохион байгуулах."
3/16 дугаар зүйлийн 16.1.8 дахь заалт:
"16.1.8.энэ хуулийн 4.4-т заасан улсын дайчилгааны бэлтгэлийг хангах үндсэн арга хэмжээг эрхлэх асуудлынхаа хүрээнд хэрэгжүүлэх."
4/16 дугаар зүйлийн 16.2.4 дэх заалт:
"16.2.4.энэ хуулийн 4.5-д заасан улсын дайчилгаа явуулах үндсэн арга хэмжээг эрхлэх асуудлынхаа хүрээнд хэрэгжүүлэх."
5/18 дугаар зүйлийн 18.1.9 дэх заалт:
"18.1.9.нутаг дэвсгэрийнхээ байгууллага, аж ахуйн нэгжийн дайчилгааны даалгаврын биелэлтэд хяналт тавих."
6/20 дугаар зүйлийн 20.1.4 дэх заалт:
"20.1.4.дайчилгааны даалгаврыг үндэслэн дайчилгааны төлөвлөгөө боловсруулах."
7/28 дугаар зүйлийн 28.5 дахь хэсэг:
"28.5.Цэрэг-стратегийн бэлтгэл сургалтын зардлыг улсын төсвөөс, энэ хуулийн 28.3-т зааснаас бусад цэргийн бэлтгэл сургалтын зардлыг орон нутгийн төсөвт тусган санхүүжүүлнэ."
2 дугаар зүйл.Дайчилгааны тухай хуулийн 2 дугаар зүйлийн 2.1 дэх хэсгийн "Үндсэн хууль," гэсний дараа "Монгол Улсын батлан хамгаалах тухай хууль, Зэвсэгт хүчний тухай хууль," гэж, 28 дугаар зүйлийн 28.1.2 дахь заалтын "Засаг дарга" гэсний дараа ", Тамгын газрын дарга" гэж тус тус нэмсүгэй.
3 дугаар зүйл.Дайчилгааны тухай хуулийн дараах зүйл, хэсэг, заалтыг доор дурдсанаар өөрчлөн найруулсугай:
1/1 дүгээр зүйл:
"1 дүгээр зүйл.Хуулийн зорилт
1.1.Энэ хуулийн зорилт нь Монгол Улсын эдийн засаг, нийгмийг дайны байдалд шилжүүлэх бэлтгэл, зэвсэгт хүчнийг өргөтгөн зохион байгуулах бэлэн байдлыг хангах, дайчилгаа явуулах үндэслэл, журам, энэ талаарх төрийн байгууллагын бүрэн эрх, засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн удирдлага, байгууллага, аж ахуйн нэгж, иргэний хүлээх үүргийг тогтоож, дайчилгаа явуулахтай холбогдсон харилцааг зохицуулахад оршино."
2/3 дугаар зүйлийн 3.1.4, 3.1.5, 3.1.6 дахь заалт:
"3.1.4."Дайчилгаатай сургууль" гэж оногдуулан бүртгэгдсэн цэргийн бэлтгэл үүрэгтэн, техник хэрэгслийг цэргийн хээрийн сургуульд татан оролцуулахыг;
3.1.5."Дайчилгааны даалгавар" гэж улс орны эдийн засаг, нийгмийг дайны байдалд шилжүүлэх, зэвсэгт хүчнийг өргөтгөн зохион байгуулах зорилгоор энэ хуулийн 8.2, 8.З дахь хэсэгт заасан эрх бүхий байгууллага, албан тушаалтнаас төрийн захиргааны төв байгууллага, засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, байгууллага, аж ахуйн нэгж, иргэнд хүлээлгэсэн үүргийг;
3.1.6."Дайчилгааны нөөц" гэж дайчилгаа зарласан тохиолдолд дайчлан татахаар төлөвлөсөн байгууллага, аж ахуйн нэгж, иргэний өмчлөлд байгаа зэвсэг, техник, эд хөрөнгийг;"
3/3 дугаар зүйлийн 3.1.13 дахь заалт:
"3.1.13."Дайчилгааны төлөвлөгөө" гэж дайчилгааны бэлэн байдлыг хангахын тулд хэрэгжүүлэх арга хэмжээг цаг хугацаа, байр, үүрэг, хариуцах эзэн, арга хэлбэр, багтаамжаар нь уялдуулан зохицуулж боловсруулсан баримт бичгийн цогцыг;"
4/4 дүгээр зүйл:
"4 дүгээр зүйл.Дайчилгаа
4.1.Улс орны эдийн засаг, нийгмийг дайны байдалд шилжүүлэхийн тулд дайчилгааны болон санхүүгийн нөөцийг дахин хуваарилах замаар улсын дайчилгааг явуулна.
4.2.Дайчилгаа нь бүх нийтийн болон хэсэгчилсэн байна.
4.3.Зэвсэгт хүчнийг өргөтгөн зохион байгуулах зорилгоор цэргийн дайчилгаа явуулах бөгөөд энэ нь улсын дайчилгааны бүрэлдэхүүн хэсэг байна.
4.4.Улсын дайчилгааны бэлтгэлийг хангах дараах үндсэн арга хэмжээг авч хэрэгжүүлнэ:
4.4.1.төрийн захиргааны төв болон нутгийн захиргааны байгууллагын дайчилгаа явуулах нөхцөлийг тодорхойлох;
4.4.2.улс орны эдийн засаг, нийгмийг дайны байдалд шилжүүлэх бэлтгэлийг хангах;
4.4.3.төрийн захиргааны төв байгууллага, засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, байгууллага, аж ахуйн нэгж, иргэний дайчилгааны даалгаврыг тогтоох, дайчилгааны төлөвлөгөө боловсруулах;
4.4.4.улсын дайчилгааны нөөцийг бүрдүүлэх;
4.4.5.дайчилгааны сургалт, дайчилгаатай сургууль зохион байгуулж явуулах;
4.4.6.баталгаат албан тушаалын жагсаалт гаргах;
4.4.7.зэвсэгт хүчнийг байлдааны цагийн орон тоонд шилжүүлэх бэлтгэлийг хангах;
4.4.8.дайчилгааны бэлтгэлийг үнэлж, дүгнэх.
4.5.Улсын дайчилгаа явуулахад дараах үндсэн арга хэмжээг авч хэрэгжүүлнэ:
4.5.1.дайчилгаа явуулах шийдвэр гаргах;
4.5.2.дайчилгааны зарлан мэдээллийг явуулах;
4.5.3.зэвсэгт хүчнийг байлдааны цагийн орон тоогоор өргөтгөн зохион байгуулах;
4.5.4.төрийн захиргааны төв байгууллага, засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн удирдлагыг дайчилгаа зохион байгуулах горимд шилжүүлэх;
4.5.5.улсын санхүүгийн нөөцийг дахин хуваарилах;
4.5.6.зэвсэгт хүчний бүрэлдэхүүнд шилжүүлэх, түүний ажиллагааг дэмжих дайчилгааны даалгавартай нэгжийг байгуулах;
4.5.7.тээврийн байгууллагын үйл ажиллагааг дайчилгааны горимд шилжүүлэх;
4.5.8.хэвлэл мэдээллийн хэрэгслийн үйл ажиллагааг зохицуулах;
4.5.9.хүн амыг амьжиргааны зайлшгүй хэрэгцээт бүтээгдэхүүнээр хуваарилан хангахад бэлтгэх;
4.5.10.дайчилгааны даалгаврын дагуу хэрэгцээт бүтээгдэхүүн үйлдвэрлэж байгаа үйлдвэр, аж ахуйн нэгжийг шаардлагатай нөхцөлд нүүлгэн шилжүүлэх."
5/8 дугаар зүйлийн 8.2 дахь хэсэг:
"8.2.Төрийн захиргааны төв байгууллага, аймаг, нийслэлийн дайчилгааны даалгаврыг Засгийн газар, сум, дүүрэг, байгууллага, аж ахуйн нэгжийн дайчилгааны даалгаврыг аймаг, нийслэлийн Засаг дарга, иргэний дайчилгааны даалгаврыг сум, дүүргийн Засаг дарга тогтооно."
6/19 дүгээр зүйлийн 19.1.3 дахь заалт:
"19.1.3.нутаг дэвсгэрийнхээ байгууллага, аж ахуйн нэгж, иргэний дайчилгааны даалгаврын биелэлтэд хяналт тавих;"
7/21 дүгээр зүйлийн 21.1.2 дахь заалт:
"21.1.2.хуульд заасны дагуу дайчилгааны сургалт, дайчилгаатай сургуульд оролцох;"
8/27 дугаар зүйл:
"27 дугаар зүйл.Галт зэвсгийг дайчлах
27.1.Хувийн өмчид байгаа бүх төрлийн галт зэвсэг, галт хэрэглэлийг цэргийн дайчилгааны даалгаврын дагуу аймаг, нийслэлийн төрийн захиргааны байгууллага дайчилна."
9/29 дүгээр зүйл:
"29 дүгээр зүйл.Дайчилгааны бэлтгэл нөөцийн бүрэлдэхүүний сургалт
29.1.Дайчилгааны бэлтгэл нөөцийн бүрэлдэхүүний сургалтыг Цэргийн албаны тухай хуулийн 33 дугаар зүйлд заасны дагуу зохион байгуулна."
10/31 дүгээр зүйлийн 31.2, 31.3, 31.5, 31.6 дахь хэсэг:
"31.2.Дайчилгаатай сургуульд оролцох иргэнд аймаг, нийслэлийн Засаг дарга сургууль эхлэхээс нэг сарын өмнө зарлан дуудах мэдэгдэл гардуулна.
31.3.Дайчилгааны бэлэн байдлыг шалгах зорилгоор цэргийн нэгтгэл, ангийн байлдааны цагийн орон тоонд оногдуулан бүртгэгдсэн цэргийн бэлтгэл үүрэгтнийг зарлан дуудах мэдэгдэл урьдчилан гардуулахгүйгээр дайчилгааны дохиогоор цуглуулан сургуульд оролцуулж болно.
31.5.Дайчилгаатай сургуульд оролцогчийг байлдагч, түрүүчийн хүнс, хувцасны хээрийн нормоор хангаж, эмнэлгийн үйлчилгээ үзүүлнэ.
31.6.Аймаг, нийслэл, дүүргийн Засаг даргын Тамгын газрын Цэргийн штаб цэргийн бэлтгэл үүрэгтний дайчилгааны сургалт, сургуульд оролцсон тухай цэргийн үүрэгтний үнэмлэхэд тэмдэглэл хийнэ."
4 дүгээр зүйл.Дайчилгааны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.3 дахь хэсгийн "дайчлах хуудсанд" гэснийг "зарлан дуудах мэдэгдэлд" гэж, 34 дүгээр зүйлийн 34.1 дэх хэсгийн "дайчилгааны" гэснийг "Дайчилгааны" гэж, мөн зүйлийн 34.2 дахь хэсгийн "нууцын зэргийг" гэснийг "нууцын зэрэглэлийг" гэж тус тус өөрчилсүгэй.
5 дугаар зүйл.Дайчилгааны тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.4 дэх хэсгийн "Хэрэв Улсын Их Хурал дайчилгаа зарлах шаардлагагүй гэж үзвэл Ерөнхийлөгчийн зарлиг хүчингүй болно." гэснийг, 26 дугаар зүйлийн 26.3 дахь хэсгийн "улсын захиалга-даалгавраар" гэснийг, 34 дүгээр зүйлийн 34.1 дэх хэсгийн "Цэргийн" гэснийг, мөн зүйлийн 34.3 дахь хэсгийн "цэргийн" гэснийг тус тус хассугай.
6 дугаар зүйл.Дайчилгааны тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.8, 3.1.12 дахь заалт, 6 дугаар зүйлийн 6.2.3, 6.2.4 дэх заалт, 6.3 дахь хэсэг, 13 дугаар зүйлийн 13.1.6 дахь заалт, 20 дугаар зүйлийн 20.1.3 дахь заалт, 24 дүгээр зүйлийн 24.6 дахь хэсэг, 26 дугаар зүйлийн 26.4 дэх хэсэг, 31 дүгээр зүйлийн 31.4 дэх хэсгийг тус тус хүчингүй болсонд тооцсугай.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА М.ЭНХБОЛД
Текст томруулах
A
A
A
