- Нүүр
- Улсын Их Хурлын тогтоол
- Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2011 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн биелэлттэй холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ
2012 оны 05 сарын 11 өдөр
Дугаар 35
Төрийн ордон, Улаанбаатар хот
Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2011 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн
биелэлттэй холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай
Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.6 дахь хэсгийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:
1."Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2011 онд хөгжүүлэх үндсэн чиглэл батлах тухай" Улсын Их Хурлын 2010 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн 45 дугаар тогтоолын биелэлтийг Улсын Их Хурлаар хэлэлцсэнтэй холбогдуулан дараах арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг Монгол Улсын Засгийн газар /С.Батболд/-т даалгасугай:
1/Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2011 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн биелэлтэд Үндэсний аудитын газраас хийсэн гүйцэтгэлийн аудитын тайланд туссан дүгнэлт, зөвлөмж болон тус Үндсэн чиглэлд тусгагдаад биелэгдээгүй буюу биелэлт нь удаашралтай байгаа зорилт, арга хэмжээний биелэлтийг бүрэн хангах зохион байгуулалтын арга хэмжээг авч, энэ тухай 2012 оны 10 дугаар сард багтаан Улсын Их Хуралд танилцуулах;
2/Монгол Улсын эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэлийн төслийг жил бүр Улсын Их Хуралд өргөн мэдүүлэхдээ өмнөх жилийн үндсэн чиглэлийн биелэлтийг харгалзан санхүүжилт нь үргэлжлэн шаардагдах зорилт, арга хэмжээг тухайн жилийн Үндсэн чиглэлийн төсөлд тодотгон нэмж тусгаж байх;
3/Монгол Улсын эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэлийн биелэлтэд үечилсэн хяналт-шинжилгээ хийх ажлыг тогтмолжуулж, шаардлагатай гэж үзвэл газар дээр нь танилцан дүгнэлт гаргах үүрэг бүхий яам, агентлагийн төлөөлөлтэй ажлын хэсэг байгуулан ажиллуулж, шуурхай арга хэмжээг цаг алдалгүй авч байх;
4/Монгол Улсын эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэлийг боловсруулах, батлуулах, түүний хэрэгжилтийг хангахад баримтлах журмыг боловсронгуй болгох, хариуцлагын тогтолцоог бий болгох арга хэмжээг авч, Хөгжлийн бодлого, төлөвлөлтийн тухай хуулийн төслийг 2012 онд багтаан Улсын Их Хурлаар хэлэлцүүлэх ажлыг шуурхай зохион байгуулах.
2.Энэ тогтоолын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хороо /Р.Буд/, Төрийн байгуулалтын байнгын хороо /Ж.Сүхбаатар/-нд тус тус даалгасугай.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Д.ДЭМБЭРЭЛ
Текст томруулах
A
A
A
