- Нүүр
- Сайдын тушаал
- ЖУРАМ, ЗАГВАР, ЖАГСААЛТ, МАЯГТ ШИНЭЧЛЭН БАТЛАХ ТУХАЙ /Хүнсний эрхийн бичиг/

МОНГОЛ УЛСЫН ХӨДӨЛМӨР, НИЙГМИЙН
ХАМГААЛЛЫН САЙДЫН ТУШААЛ
2017 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр Дугаар А/205 Улаанбаатар хот
Тушаалд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай
Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.2 дахь хэсэг, Нийгмийн халамжийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.3 дахь хэсэг, Монгол Улсын 2017 оны Төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг тус тус үндэслэн ТУШААХ нь:
1.Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайдын 2015 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн А/20 дугаар тушаалын 1 дүгээр зүйлд заасан нийгмийн халамжийн дэмжлэг, туслалцаа зайлшгүй шаардлагатай өрхийн гишүүн-иргэнд хүнсний эрхийн бичиг олгох босго оноог нийслэлд 292.5 ба түүнээс доош, аймагт 310.0 ба түүнээс доош өрхийн гишүүн-иргэнд сард олгох хүнсний эрхийн бичгийн үнийн дүнг нэг хүүхдэд 8000 /найман мянган/ төгрөгөөр, насанд хүрсэн нэг гишүүнд 16000 /арван зургаан мянган/ төгрөгөөр тус тус шинэчлэн тогтоосугай./ХНХС-ын 2018 оны А/13-р тушаалаар өөрчлөлт орсныг тусгав/
2.Хүнсний эрхийн бичгийн загварыг хавсралт ёсоор шинэчлэн баталсугай.
3.Энэхүү босго онооны нөхцөлийг хангасан нийгмийн халамжийн дэмжлэг, туслалцаа зайлшгүй шаардлагатай өрхийн гишүүн-иргэнд хүнсний эрхийн бичиг олгох арга хэмжээг 2017 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн тооцож зохион байгуулахыг Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар /Б.Нямдаваа/-т үүрэг болгосугай.
4.Энэхүү тушаалын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Нийгмийн хамгааллын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газар /Б.Ундрал/, Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газар /Ц.Мөнхзул/-т тус тус үүрэг болгосугай.
5. Хүнсний эрхийн бичгээр үйлчлэх дэлгүүрийн сонгон шалгаруулалт, үйлчилгээ, түүнд тавих хяналтыг сайжруулах, хүнсний эрхийн бичиг авах иргэдэд нэмэлт нөхцөл, болзол тавих боломжийг судалж, хүнсний эрхийн бичиг олгох журамд нэмэлт, өөрчлөлт оруулах саналыг боловсруулан 2017 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн дотор Сайдын зөвлөлийн хуралд танилцуулахыг Бодлого, төлөвлөлтийн газар /Л.Мөнхзул/, Нийгмийн хамгааллын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газар /Б.Ундрал/-т тус тус үүрэг болгосугай.
6.Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайдын 2014 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн А/32 дугаар тушаалын 2 дугаар хавсралт, Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайдын 2015 оны 03 сарын 20-ний өдрийн "Журам, загвар, жагсаалт, маягт шинэчлэн батлах тухай" А/20 дугаар тушаалын 1, 2 дугаар заалтыг тус тус хүчингүй болсонд тооцсугай.
7.Энэ тушаалыг 2017 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.
Текст томруулах
A
A
A
