- Нүүр
- Монгол Улсын хууль
- ЗӨРЧЛИЙН ТУХАЙ /Шинэчилсэн найруулга/

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ
2019 оны 05 сарын 30 өдөр
Төрийн ордон, Улаанбаатар хот
ЗӨРЧЛИЙН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ
1 дүгээр зүйл.Зөрчлийн тухай хуулийн 14.1 дүгээр зүйлд доор дурдсан агуулгатай 10-12 дахь хэсэг нэмсүгэй:
"10.Нийтийн үйлчилгээний харилцаа холбооны сүлжээний хэвийн ажиллах нөхцөлийг хангаагүй, нийтийн үйлчилгээний харилцаа холбооны сүлжээг байрлуулах, харилцаа холбооны тоног төхөөрөмж дээр ажиллахад саад учруулсан бол хүнийг гучин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
11.Домэйн нэрийн үйлчилгээнд тавих нөхцөл, шаардлагыг зөрчсөн бол хүнийг нэг зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
12.Дотоодын хэрэглээний холбооны сүлжээг ашиг олох зорилгоор бусдад ашиглуулсан бол хүнийг нэг зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно."
2 дугаар зүйл.Зөрчлийн тухай хуулийн 14.1 дүгээр зүйлийн 9.1 дэх заалтыг доор дурдсанаар өөрчлөн найруулсугай:
"9.1.хуульд заасны дагуу баталгаажуулсан тоног төхөөрөмж ашиглаагүй, хэрэглэгчийг регистрийн дугаараар бүртгээгүй, бусад үйлчлэгчид ижил нөхцөлөөр үйлчлээгүй;"
3 дугаар зүйл.Зөрчлийн тухай хуулийн 14.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийг хүчингүй болсонд тооцсугай.
4 дүгээр зүйл.Энэ хуулийг 2019 оны 05 дугаар сарын 30-ны өдөр баталсан Харилцаа холбооны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Г.ЗАНДАНШАТАР
Текст томруулах
A
A
A
