- Нүүр
- Монгол Улсын хууль
- ЭРҮҮГИЙН ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ
2019 оны 10 сарын 10 өдөр
Төрийн ордон, Улаанбаатар хот
ЭРҮҮГИЙН ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ
1 дүгээр зүйл.2015 оны 12 дугаар сарын 03-ны өдөр баталсан Эрүүгийн хуулийн 29.8 дугаар зүйлд доор дурдсан агуулгатай тайлбар нэмсүгэй:
"Тайлбар: - Энэ зүйлд заасан "объект барьцаалсан" гэж тээврийн хэрэгсэл, барилга байгууламж, хүн амын амьдралыг хангах болон олон улсын хамгаалалтад байдаг объект барьцаалсан үйлдлийг ойлгоно."
2 дугаар зүйл.Эрүүгийн хуулийн 29.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн "хуримтлуулсан," гэсний дараа "өөрчилсөн," гэж нэмсүгэй.
3 дугаар зүйл.Эрүүгийн хуулийн дараах зүйл, хэсгийг доор дурдсанаар өөрчлөн найруулсугай:
1/20.2 дугаар зүйл:
"20.2 дугаар зүйл.Террорист үйл ажиллагаанд уриалах, түүнийг
1.Терроризмын суртал ухуулга явуулсан, эсхүл түүнийг дэлгэрүүлсэн, эсхүл террорист үйл ажиллагаа явуулахыг уриалсан, эсхүл олон нийтийн өмнө зөвтгөсөн, эсхүл бусад этгээдийг хатгасан бол нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
2.Энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг төрийн албан хаагч үйлдсэн бол таван жилээс арван хоёр жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ."
2/29.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг:
"1.Төр, олон улсын байгууллагаас тодорхой шийдвэр гаргуулах, гаргасан шийдвэрийг өөрчлүүлэх, шийдвэр гаргахаас татгалзуулах зорилгоор галт зэвсэг, тэсэрч дэлбэрэх, цөмийн бодис, цацраг идэвхт хаягдал, хими, биологийн хортой, аюултай бодис, цахим сүлжээ, техник хэрэгсэл, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйлийг ашиглаж, ашиглахаар заналхийлж хүн амыг айдаст автуулсан; галдан шатаасан, хүн хулгайлсан, хүн, объект барьцаалсан, хүнийг алсан, эрүүл мэндэд хохирол учруулсан; зэвсэгт мөргөлдөөний нөхцөлд сөргөлдөгч аль нэг талд идэвхтэй оролцоогүй хүний амь бие, бие махбодид халдсан хүнийг арван хоёр жилээс хорин жил хүртэл хугацаагаар, эсхүл бүх насаар хорих ял шийтгэнэ."
3/29.10 дугаар зүйл:
"29.10 дугаар зүйл.Терроризмыг санхүүжүүлэх
1.Террорист этгээд, террорист үйлдэл, үйл ажиллагаанд зарцуулагдахыг урьдчилан мэдсээр байж шууд болон шууд бусаар эд хөрөнгө хуримтлуулсан, өөрчилсөн, шилжүүлсэн, зарцуулсан бол таван жилээс арван хоёр жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
2.Энэ гэмт хэргийг хориг арга хэмжээг зөрчиж үйлдсэн бол найман жилээс арван таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
3.Энэ гэмт хэргийг хориг арга хэмжээг зөрчиж хуулийн этгээдийн нэрийн өмнөөс, хуулийн этгээдийн ашиг сонирхлын төлөө үйлдсэн бол хуулийн этгээдийг албадан татан буулгана.
4.Энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг хуулийн этгээдийн нэрийн өмнөөс, хуулийн этгээдийн ашиг сонирхлын төлөө үйлдсэн бол хуулийн этгээдийг тодорхой төрлийн үйл ажиллагаа явуулах эрх хасаж нэг зуун хорин мянган нэгжээс дөрвөн зуун мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
Тайлбар: - Энэ зүйлд заасан “хориг арга хэмжээ” гэж Нэгдсэн Үндэстний Байгууллагын Аюулгүйн зөвлөлийн тогтоолоор баталсан үй олноор хөнөөх зэвсэг дэлгэрүүлэх болон терроризмтой тэмцэхтэй холбоотой санхүүгийн хориг арга хэмжээ, түүнчлэн Засгийн газраас терроризмтой тэмцэх чиг үүрэг бүхий байгууллагын саналыг үндэслэн баталсан жагсаалтад орсон хүн, хуулийн этгээдийн эсрэг санхүүгийн хориг арга хэмжээ авч хэрэгжүүлэхийг ойлгоно.
- Энэ зүйлд заасан гэмт хэргийн талаар төрийн зохих байгууллагад сайн дураараа даруй мэдэгдсэн, учирч болзошгүй хохирлоос урьдчилан сэргийлэхэд туслалцаа үзүүлсэн иргэний үйлдэл нь өөр гэмт хэргийн шинжгүй бол ялаас чөлөөлнө. Энэ зүйлийн 2, 3 дахь хэсэгт энэ тайлбар хамаарахгүй.”
4 дүгээр зүйл.Эрүүгийн хуулийн 20.1 дүгээр зүйлийн гарчгийг "Террорист үйлдлийн талаар зориуд худал мэдээлэх" гэж, 29.8 дугаар зүйлийн гарчгийг "Террорист үйлдэл хийх" гэж, 29.9 дүгээр зүйлийн гарчгийг "Террорист үйлдэлд бэлтгэх" гэж, мөн зүйлийн 1 дэх хэсгийн "Террор" гэснийг "Террорист" гэж, мөн зүйлийн тайлбар хэсгийн "Террор ажиллагааг" гэснийг "Террорист үйлдлийг" гэж, "террор ажиллагааг" гэснийг "террорист үйлдлийг" гэж, 29.11 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн "торгох ял шийтгэнэ." гэснийг "торгож, хуулийн этгээдийг албадан татан буулгана." гэж тус тус өөрчилсүгэй.
5 дугаар зүйл.Энэ хуулийг Үй олноор хөнөөх зэвсэг дэлгэрүүлэх болон терроризмтой тэмцэх тухай хууль /Шинэчилсэн найруулга/ хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Г.ЗАНДАНШАТАР
Текст томруулах
A
A
A
