- Нүүр
- Монгол Улсын хууль
- АВЛИГЫН ЭСРЭГ ХУУЛЬ

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ
2019 оны 12 сарын 20 өдөр
Төрийн ордон, Улаанбаатар хот
АВЛИГЫН ЭСРЭГ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ
1 дүгээр зүйл.Авлигын эсрэг хуулийн 14 дүгээр зүйлд доор дурдсан агуулгатай 14.1.22 дахь заалт нэмсүгэй:
"14.1.22.Монгол Улсын Ерөнхийлөгчийн болон Монгол Улсын Их Хурлын гишүүнд нэр дэвшигч."
2 дугаар зүйл.Авлигын эсрэг хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2 дахь хэсгийг доор дурдсанаар өөрчлөн найруулсугай:
"11.2.Монгол Улсын Ерөнхийлөгчийн болон Монгол Улсын Их Хурлын гишүүнд нэр дэвшигчийн хөрөнгө, орлогын мэдүүлгийг Авлигатай тэмцэх газар бүртгэж, хадгална."
3 дугаар зүйл.Авлигын эсрэг хуулийн 10 дугаар зүйлийн 10.6 дахь хэсгийн "Монгол Улсын Ерөнхийлөгчид нэр дэвшигч Сонгуулийн ерөнхий хороонд, Улсын Их Хурлын сонгуульд нэр дэвшигч сонгуулийн тойргийн хороонд," гэснийг "Монгол Улсын Ерөнхийлөгчийн болон Монгол Улсын Их Хурлын сонгуульд нэр дэвшигч Авлигатай тэмцэх газарт," гэж, 11 дүгээр зүйлийн 11.4 дэх хэсгийн "Энэ хуулийн 11.2-т заасан сонгуулийн хороо" гэснийг "Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын" гэж тус тус өөрчилсүгэй.
4 дүгээр зүйл.Энэ хуулийг Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Г.ЗАНДАНШАТАР
Текст томруулах
A
A
A
