- Нүүр
- Монгол Улсын хууль
- ЭРҮҮГИЙН ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ
2020 оны 01 сарын 10 өдөр
Төрийн ордон, Улаанбаатар хот
ЭРҮҮГИЙН ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ
1 дүгээр зүйл.2015 оны 12 дугаар сарын 03-ны өдөр баталсан Эрүүгийн хууль /Шинэчилсэн найруулга/-д доор дурдсан агуулгатай дараах зүйл, хэсэг, заалт, тайлбар нэмсүгэй:
1/1.10 дугаар зүйлийн 1.5 дахь заалт:
"1.5.энэ хуулийн тусгай ангид хорих ялын доод хэмжээг зургаан сараас дээш, дээд хэмжээг гурван жил, түүнээс бага хугацаагаар тогтоосон, эсхүл зорчих эрхийг хязгаарлах ялын доод хэмжээг зургаан сараас дээш, дээд хэмжээг гурван жил, түүнээс бага хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэнээс хойш гурван жил өнгөрсөн."
2/1.10 дугаар зүйлийн 5, 6 дахь хэсэг:
"5.Татвар төлөхөөс зайлсхийх гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа гэмт хэрэг үйлдсэн өдрөөс хойш таван жил байна.
6.Хуулийн этгээдийн нэрийн өмнөөс, хуулийн этгээдийн ашиг сонирхлын төлөө гэмт хэрэг үйлдэж энэ хуулийн тусгай ангид хуулийн этгээдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан бол тухайн зүйл, хэсэгт заасан гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаатай адил байдлаар хөөн хэлэлцэх хугацааг тоолно."
3/6.6 дугаар зүйлийн тайлбар:
Тайлбар: -Энэ хуульд заасан "ойр дотны хүн" гэж тухайн хүний эхнэр, нөхөр, хамтран амьдрагч, эцэг, эх, өвөг эцэг, эмэг эх, төрсөн, дагавар, үрчилж авсан хүүхэд, ач, зээ, төрсөн ах, эгч, дүү, хамт амьдарч байгаа бусад төрөл, садангийн хүнийг ойлгоно.
4/8.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсэг:
"6.Гэмт хэрэг үйлдэх үедээ арван дөрвөн насанд хүрсэн ба арван найман насанд хүрээгүй байсан хүн шүүхийн шийтгэх тогтоол гарах үед арван найман насанд хүрсэн бол энэ хуулийн 8.6 дугаар зүйл хамаарахгүй."
5/12.6 дугаар зүйл:
Тайлбар: -Энэ гэмт хэргийг үйлдэхдээ арван найман насанд хүрээгүй хүний биеийг үнэлүүлсэн бол энэ хуульд заасан хүн худалдаалах гэмт хэрэгт хамаарна.
"12.6 дугаар зүйл.Биеэ үнэлэхийг зохион байгуулах
1.Бусдыг биеэ үнэлэхэд зуучилсан, татан оролцуулсан бол зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
2.Биеэ үнэлэх газар байгуулсан, санхүүжүүлсэн, биеэ үнэлэхийг зохион байгуулсан, биеэ үнэлэхэд нь тээврийн хэрэгсэл, орон байр, бусад зүйлээр хангасан бол нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
3.Энэ гэмт хэргийг зохион байгуулалттай гэмт бүлэг үйлдсэн бол таван жилээс арван хоёр жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
6/13.14 дүгээр зүйл:
"13.14 дүгээр зүйл.Худал мэдээлэл тараах
1.Хүний нэр төр, алдар хүнд, хуулийн этгээдийн ажил хэргийн нэр хүндэд халдсан илт худал мэдээллийг олон нийтэд тараасан бол дөрвөн зуун тавин нэгжээс нэг мянга гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас гурван сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ."
7/18.5 дугаар зүйлийн тайлбар:
Тайлбар: -Энэ зүйлд заасан гэмт хэрэг үйлдэж, улсын хилээр барааг хууль бусаар нэвтрүүлэх гэмт хэргийг илрүүлэх, таслан зогсооход идэвхтэй туслалцаа үзүүлсэн, түүнийг үйлдсэн хүнийг илчилсэн, гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогыг илрүүлсэн хүнийг ялаас чөлөөлнө. Улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн барааг хяналт шалгалтын үеэр, эсхүл мөрдөн шалгах ажиллагааны үед гаргуулан авсныг сайн дураараа шилжүүлэн өгсөнд тооцохгүй.
8/20.7 дугаар зүйлийн 4 дэх хэсэг:
"4.Энэ гэмт хэргийг зохион байгуулалттай гэмт бүлэг үйлдсэн бол арван хоёр жилээс хорин жил хүртэл хугацаагаар, эсхүл бүх насаар хорих ял шийтгэнэ."
9/20.17 дугаар зүйл:
"20.17 дугаар зүйл.Мөрийтэй тоглоом зохион байгуулах
1.Олон нийтийн газар, эсхүл мэдээллийн технологи ашиглан ашиг олох зорилгоор шоо, хөзөр, бусад эд зүйл ашиглан үр дүнг нь урьдчилан төсөөлөх боломжгүй, аз туршиж тоглодог мөрийтэй тоглоом зохион байгуулсан бол дөрвөн зуун тавин нэгжээс арван дөрвөн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
2.Үр дүнг нь урьдчилан төсөөлөх боломжгүй, аз туршиж тоглодог хуулиар хориглосон мөрийтэй тоглоомын газар байгуулсан, эсхүл ажиллуулсан бол таван мянга дөрвөн зуун нэгжээс хорин долоон мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ."
10/21.13 дугаар зүйлийн 2 дахь хэсэг:
"2.Гүйцэтгэх ажил явуулах эрхгүй этгээд гүйцэтгэх ажил явуулсан, эсхүл гүйцэтгэх ажлын тусгай техник олж авсан, ашигласан, борлуулсан бол хоёр мянга долоон зуун нэгжээс арван дөрвөн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ."
11/22.1 дүгээр зүйлийн тайлбар:
Тайлбар: -Энэ хуульд заасан “нийтийн албан тушаалтан” гэж Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 3.1.4-т заасан албан тушаалтан, байнга болон түр хугацаагаар байгуулагдсан хамтын шийдвэр гаргах чиг үүрэг бүхий хороо, комиссын гишүүн, эдгээртэй адилтгах ажил, үйлчилгээ эрхэлж байгаа этгээдийг ойлгоно.
-Энэ хуульд заасан “албан тушаалын байдал” гэдэгт албаны эрх нөлөө хамаарна.
-Энэ хуульд заасан “урвуулан ашиглах” гэж албан үүрэг, албан тушаал, албан тушаалын байдлын эрх мэдлээ албаны эрх ашгийн эсрэг, эсхүл хувийн ашиг сонирхлоо гүйцэлдүүлэх зорилгод ашиглаж хийх ёстой үйлдлийг хийхгүй байх, хийх ёсгүй үйлдэл хийх, эрх мэдлээ хэтрүүлэхийг ойлгоно.
-Энэ хуульд заасан “давуу байдал” гэж Авлигын эсрэг хуулийн 3.1.4-т заасныг ойлгоно.
-Энэ бүлэгт заасан “нийтийн албанд ажиллах эрхийг хасах” гэж Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 4.1-д заасан албан тушаалд сонгогдох, томилогдох, ажиллах эрхийг хасахыг ойлгоно.
2 дугаар зүйл.Эрүүгийн хуулийн 1.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн "хэрэгт" гэсний дараа "мөрдөн" гэж, 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн "үйлдсэн" гэсний дараа ", эсхүл шүүхээр ял шийтгүүлэхийн өмнө өөр гэмт хэрэг үйлдсэн нь шүүхийн шийтгэх тогтоол гарсны дараа тогтоогдсон" гэж, 6.13 дугаар зүйлийн гарчгийн, мөн зүйлийн 3 дахь хэсгийн "хязгаарлах" гэсний дараа ", нийтэд тустай ажил хийлгэх" гэж, 7.4 дүгээр зүйлийн 9 дэх хэсгийн "нөхцөл" гэсний дараа ", согтуурах, мансуурах донтой" гэж, 11.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн, 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн "бол" гэсний дараа "хоёр мянга долоон зуун нэгжээс арван дөрвөн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл" гэж, 11.6 дугаар зүйлийн гарчгийн, мөн зүйлийн 1 дэх хэсгийн "хохирол" гэсний дараа "санаатай" гэж, 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн "бусдад өгсөн" гэсний дараа ", олж авсан" гэж, 24.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн "хууль бусаар" гэсний дараа "ашиглан үйл ажиллагаа явуулсан," гэж, 24.5 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн "ховор амьтны чихмэл" гэсний өмнө "нэн" гэж тус тус нэмсүгэй.
3 дугаар зүйл.Эрүүгийн хуулийн дараах зүйл, хэсэг, заалтыг доор дурдсанаар өөрчлөн найруулсугай:
1/2.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэг:
"3.Энэ хуульд заасан "ноцтой хохирол, хор уршиг" гэж хохирогчийн амьдралын эх үүсвэр болсон эд хөрөнгийн эрхэд, эсхүл улс орон, хүн амын аюулгүй байдалд ач холбогдол бүхий эрхэд хохирол, хор уршиг учирсныг ойлгоно."
2/12.2 дугаар зүйл:
"12.2 дугаар зүйл.Бэлгийн дур хүслээ ёс бусаар хангах
1.Хохирогчийн хүсэл зоригийнх нь эсрэг хүч хэрэглэж, эсхүл хүч хэрэглэхээр заналхийлж, эсхүл биеэ хамгаалж чадахгүй байдлыг далимдуулж бэлгийн дур хүслээ ёс бусаар хангасан нь хүчиндэх гэмт хэргийн шинжгүй бол зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
2.Энэ гэмт хэргийг арван дөрвөөс дээш арван найман насанд хүрээгүй хүний эсрэг үйлдсэн бол нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
3.Энэ гэмт хэргийг бага насны хүүхдийн эсрэг үйлдсэн бол хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
3/18.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг:
"1.Хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт Монгол Улсын олон улсын гэрээнд заасны дагуу хориглосон бараа, эрдэнэс, эрдсийг Монгол Улсын хилээр, гаалийн хилээр хууль бусаар нэвтрүүлсэн бол дөрвөн зуун тавин нэгжээс таван мянга дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас нэг жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ."
4/18.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэг:
"3.Энэ гэмт хэргийг түүх, соёлын хөдлөх дурсгалт зүйл, музейн үзмэр, эртний амьтны, ургамлын өвөрмөц ховор үнэт олдвор, археологийн, палеонтологийн олдвор, эд өлгийн зүйлийг улсын хилээр хууль бусаар нэвтрүүлж үйлдсэн бол арван мянган нэгжээс дөчин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ."
5/18.18 дугаар зүйл:
"18.18 дугаар зүйл.Үндэсний төлбөрийн системийн зөвшөөрөлтэй
1.Үндэсний төлбөрийн системийн оролцогч, оператор, төлбөрийн үйлчилгээ үзүүлэгчийн, эсхүл төлбөрийн үйлчилгээ үзүүлэхтэй хамаарал бүхий үйл ажиллагааг зөвшөөрөлгүйгээр эрхэлсэн бол тодорхой төрлийн үйл ажиллагаа явуулах эрхийг зургаан сараас хоёр жил хүртэл хугацаагаар хасаж зургаан сараас хоёр жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
2.Үндэсний төлбөрийн системийн оролцогч, оператор, төлбөрийн үйлчилгээ үзүүлэгчийн, эсхүл төлбөрийн үйлчилгээ үзүүлэхтэй хамаарал бүхий үйл ажиллагааг эрхлэх зөвшөөрлийг хуурч, эсхүл хуурамч баримт бичиг бүрдүүлэн авсны улмаас бусдын эд хөрөнгө, эдийн болон эдийн бус хөрөнгийн эрхэд ноцтой, эсхүл их хэмжээний хохирол учирсан бол нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
3.Энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдэж бусдад гурван зуун мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг, түүнээс дээш хэмжээний хохирол учруулсан бол нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
4.Энэ гэмт хэргийг зохион байгуулалттай гэмт бүлэг үйлдсэн бол таван жилээс арван хоёр жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
5.Энэ гэмт хэргийг хуулийн этгээдийн нэрийн өмнөөс, хуулийн этгээдийн ашиг сонирхлын төлөө үйлдсэн бол хуулийн этгээдийг тодорхой төрлийн үйл ажиллагаа явуулах эрх хасаж дөчин мянган нэгжээс хоёр зуун мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял шийтгэнэ."
6/20.7 дугаар зүйлийн 3.3 дахь заалт:
"3.3.улсын хилээр нэвтрүүлж үйлдсэн бол таван жилээс арван хоёр жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ."
4 дүгээр зүйл.Эрүүгийн хуулийн 1.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн "анхан шатны шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болох" гэснийг "яллагдагчаар татах" гэж, 4.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн "ойр дотны хүний" гэснийг "эсхүл бусдын" гэж, 5.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн "ял оногдуулна" гэснийг "эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ" гэж, 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн "дөрвөөс" гэснийг "наймаас" гэж, 7.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн "тогтоож болно" гэснийг "тогтооно" гэж, 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн "бол нэг жил хүртэл хугацаагаар эрх хасаж" гэснийг "бол хоёр жил хүртэл хугацаагаар эрх хасаж хоёр мянга долоон зуун нэгжээс арван дөрвөн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл" гэж, 12.1 дүгээр зүйлийн 2.10 дахь заалтын "хоёр жилээс найман" гэснийг "таван жилээс арван хоёр" гэж, мөн зүйлийн 3 дахь хэсгийн "таван жилээс арван хоёр" гэснийг "найман жилээс арван таван" гэж, 13.5 дугаар зүйлийн 2.2 дахь заалтын "гурван сараас" гэснийг "зургаан сараас" гэж, 13.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн "авсан," гэснийг "авч, эсхүл" гэж, мөн зүйлийн 4 дэх хэсгийн, 15.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн "бол нэг жил" гэснийг "бол хоёр жил" гэж, 13.10 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн, 13.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн "Хуулиар хамгаалагдсан хувь хүний" гэснийг "Хувь хүний хуулиар хамгаалагдсан" гэж, 13.11 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн "Энэ гэмт хэргийг хувь хүний, ажил хэргийн, худалдаа арилжааны нууцыг ажил үүргээ гүйцэтгэх явцдаа олж мэдсэн эмнэлгийн мэргэжилтэн, сурган хүмүүжүүлэгч, хуульч, хууль сахиулагч, нотариатч, нийгмийн ажилтан, төрийн албан хаагч, сэтгэл зүйч, эвлэрүүлэн зуучлагч, банкны ажилтан, аудитор үйлдсэн" гэснийг "Албан үүргээ гүйцэтгэх явцад олж мэдсэн хувь хүний нууцыг задруулсан" гэж, 16.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн "Хүүхдэд" гэснийг "Арван найман насанд хүрсэн хүн хүүхдэд" гэж, мөн зүйлийн 2 дахь хэсгийн "Хүүхдийг" гэснийг "Арван найман насанд хүрсэн хүн хүүхдийг" гэж, 19.12 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн "нууцыг" гэснийг "маш нууцад хамаарах мэдээ, баримт бичиг, эд зүйлийг" гэж, 19.13 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн "нууцад" гэснийг "маш нууцад" гэж, 19.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн "маш нууц, онц чухал-маш нууцыг" гэснийг, 19.13 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн "онц чухал-маш нууцыг" гэснийг "онц чухал нууцыг" гэж, 20.7 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн дугаарыг "5" гэж, 20.12 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн "түгээсэн" гэснийг "түгээснээс хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан, эсхүл үлэмж хэмжээний хохирол учирсан" гэж, 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн "хохирол" гэснийг "хохирол, хор уршиг" гэж, 21.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн, 27.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн "нэг жил хүртэл" гэснийг "хоёр жил хүртэл" гэж, 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн, 4 дэх хэсгийн "хоёр жилээс таван жил" гэснийг "таван жилээс найман жил" гэж, 24.2 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн "ноцтой" гэснийг "их хэмжээний" гэж тус тус өөрчилсүгэй.
5 дугаар зүйл.Эрүүгийн хуулийн 1.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн "Яллагдагч, шүүгдэгч оргон зайлсан бол хөөн хэлэлцэх хугацаа тоолохыг оргон зайлсан өдрөөс зогсоож уг этгээд баригдсан, эсхүл хэргээ өөрөө илчилж ирсэн өдрөөс хөөн хэлэлцэх хугацааг сэргээн тоолно." гэснийг, 6.7 дугаар зүйлийн гарчгийн "хөнгөрүүлэх," гэсний дараах "хорих" гэснийг, 21.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн "зориуд" гэснийг, "нэг жил хүртэл хугацаагаар эрх хасаж" гэснийг, 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн "гурван сараас хоёр жил хүртэл хугацаагаар эрх хасаж" гэснийг, 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн "газар доорх барилга байгууламж барьж" гэснийг тус тус хассугай.
6 дугаар зүйл.Эрүүгийн хуулийн 4.1 дүгээр зүйлийн тайлбар, 6.7 дугаар зүйлийн 5 дахь хэсгийг тус тус хүчингүй болсонд тооцсугай.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Г.ЗАНДАНШАТАР
Текст томруулах
A
A
A
