- Нүүр
- Монгол Улсын хууль
- МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ЧУУЛГАНЫ ХУРАЛДААНЫ ДЭГИЙН ТУХАЙ

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ
2020 оны 04 сарын 09 өдөр
Төрийн ордон, Улаанбаатар хот
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ЧУУЛГАНЫ ХУРАЛДААНЫ ДЭГИЙН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ ОРУУЛАХ ТУХАЙ
1 дүгээр зүйл.Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд доор дурдсан агуулгатай дараах зүйл, хэсэг нэмсүгэй:
1/5 дугаар зүйлийн 5.5 дахь хэсэг:
"5.5.Онц байдал, дайн бүхий болон дайны байдал, Гамшгаас хамгаалах тухай хуульд заасан бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн, олон улсын хөл хориот өвчин гарсан онцгой нөхцөлд асуудлыг хялбаршуулсан болон цахим хуралдаанаар хэлэлцүүлж болно."
2/61дүгээр зүйл:
"61дүгээр зүйл.Цахим хуралдааны дэг
61.1.Энэ хуулийн 5.5-д заасан нөхцөл үүссэн тохиолдолд Монгол Улсын Үндсэн хуульд нийцүүлэн ирц бүрдүүлэх, санал хураалт явуулах, төсөл хэлэлцэх үе шатыг тогтоох, эцсийн найруулга сонсох болон шийдвэр хүчин төгөлдөр болох асуудлыг шуурхай хэлэлцэх талаар зарчмын зөрүүтэй санал гарсан бол хуралдаанд оролцсон гишүүдийн олонхын саналаар шийдвэрлэж болно.
61.2.Энэ хуулийн 5.5-д заасан нөхцөлийн үед чуулганы хуралдааны байршлыг өөрчилж болно.
61.3.Нэгдсэн болон Байнгын, дэд, түр хорооны хуралдааныг /цаашид "хуралдаан" гэх/ цахим хуралдааны программ ашиглан зохион байгуулах бөгөөд цахим хуралдааны программ нь гишүүд, ажлын хэсэг байршлаас үл хамааран дүрсээ харан нэгэн зэрэг сонсох болон ярих боломжтой байна.
61.4.Хуралдааны зарыг албан ёсны цахим шуудан болон холбооны хэрэгсэл ашиглан Улсын Их Хурлын гишүүнд мэдэгдэнэ.
61.5.Гишүүн товлосон цагт цахим хуралдааны программын ирцэд бүртгүүлэн оролцох үүрэгтэй. Гишүүн үүргээ эс биелүүлбэл энэ хуулийн 101-д заасан хариуцлага хүлээлгэх болон хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр товлосон цагт ирцэд бүртгүүлээгүй бол тухайн асуудлаар гишүүний үг хэлэх эрхийг хасна.
61.6.Хэлэлцэх асуудлын материалыг албан ёсны цахим шуудангаар илгээж, Улсын Их Хурлын цахим хуудсанд байршуулна.
61.7.Хуралдаанд Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 11.4-т заасан Зөвлөлийн гишүүд биечлэн, бусад гишүүн төрийн ордон дахь хуралдааны танхим, эсхүл албан өрөөнөөсөө оролцох бөгөөд хүндэтгэн үзэх шалтгааны улмаас хуралдаан даргалагчид урьдчилан мэдэгдсэн бол тухайн байгаа газраасаа цахим хуралдааныг хэвийн явуулах боломж, нөхцөлийг хангаж оролцоно.
61.8.Хуралдаанд тухайн хэлэлцэж байгаа асуудлыг боловсруулахад оролцсон ажлын хэсэг, Улсын Их Хурлын Тамгын газрын холбогдох ажилтан оролцож болно.
61.9.Тухайн өдрийн хуралдаан эхлэхэд цахим хуралдааны программ ашиглаж, оролцсон гишүүнийг хуралдаанд хүрэлцэн ирснээр тооцож, хуралдааны ирцэд бүртгэнэ.
61.10.Хуралдааны ирцэд бүртгүүлсэн гишүүн тухайн хуралдаанаас албан ёсоор чөлөө аваагүй, Монгол Улсын Үндсэн хуулийн тодорхой заалтыг илтэд зөрчсөн асуудал хэлэлцсэн гэж бүртгэлээс гарахаа өөрөө мэдэгдэж, цахим хуралдаанаас гараагүй тохиолдолд түүнийг хуралдааны ирцэд тооцон тухайн асуудлаар санал хураахад эсрэг санал өгсөнд тооцно.
61.11.Хуралдааны үед нам, эвслийн бүлэг тухайн хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан завсарлага авахаар бол хуралдаан даргалагч асуудлыг тухайн үеийн нөхцөл байдалтай уялдуулан завсарлагын хугацааг тогтооно.
61.12.Улсын Их Хурлын гишүүн хуралдаанд үг хэлж, байр сууриа илэрхийлэх, тайлбар хийх, асуулт асуухдаа цахим хуралдааны программын мэдээлэл солилцох хэсэгт бичвэр томьёоллоор мэдэгдэн дараалалд орж хуралдаан даргалагчийн зөвшөөрлөөр микрофон нээгдэхэд үг хэлж, асуулт асууна.
61.13.Онцгой нөхцөлд цахимаар хуралдаж байгаа үед асуулт асуух хугацаа 2 минутаас илүүгүй, хариулт, тайлбар хангалтгүй гэж үзвэл тухайн гишүүний саналаар 1 удаа 1 минутаас илүүгүй хугацаагаар дахин нэмэлт асуулт асууж, тайлбар авах бөгөөд үг хэлэх хугацаа 3 минутаас илүүгүй байхаар тогтооно. Нам, эвслийн бүлэг, гишүүд шаардлагатай гэж үзвэл саналаа нэгтгэн асуулт асууж, саналаа илэрхийлж болно.
61.14.Хуралдаанаар хэлэлцэж байгаа асуудлаар ил санал хураалт явуулах бөгөөд хуралдаан даргалагч санал хураалтын цагийг урьдчилан мэдэгдэнэ.
61.15.Санал хураалтыг гар өргөж, эсхүл цахим хэлбэрээр явуулна. Санал хураалтын дүнг хуралдаан даргалагч нэгтгэн танилцуулна.
61.16.Нууц санал хураалтыг зөвхөн санал хураах хуудсаар явуулна.
61.17.Энэ хуулийн 5.5-д заасан нөхцөлд хаалттай хуралдаан явуулах дэгийг тусгайлан хуулиар зохицуулна.
61.18.Хуралдааны дэг зөрчсөн болон цахим хуралдааны программын мэдээлэл солилцох хэсэгт хэлэлцэж байгаа асуудалтай холбогдолгүй үг бичих, цахим хуралдааныг хэвийн явуулахад саад учруулсан үйлдэл гаргавал гишүүнд хуралдаан даргалагч сануулах, сануулга авсан гишүүн дахин зөрчил гаргавал түүний тухайн өдрийн хуралдаанд, эсхүл тухайн хэлэлцэж байгаа асуудлаар асуулт асуух, үг хэлэх эрхийг нь хасах, цахим хуралдааны программын мэдээлэл солилцох хэсэгт бичих, үг хэлэх эрхийг нь 3 цаг хүртэл хугацаагаар хасаж, энэ тухайгаа мэдэгдэнэ.
61.19.Цахим хуралдаанд энэ хуулийн 91.2 дахь хэсгийг баримтлахгүй.
61.20.Хуралдааны явцыг дуу, дүрс бичлэг, мэдээллийн бусад техник хэрэгсэл ашиглан хуульд заасны дагуу Улсын Их Хурлын Тамгын газраас бэхжүүлнэ.
61.21.Энэ зүйлийн 61.5-д заасны дагуу ирц, санал хураалтад оролцсон гишүүдийн саналаа илэрхийлсэн талаарх баримтыг тухайн асуудлыг хэлэлцсэн хувийн хэрэгт хавсаргана.
2 дугаар зүйл.Энэ хуулийг 2020 оны 04 дүгээр сарын 09-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Г.ЗАНДАНШАТАР
Текст томруулах
A
A
A
