A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛС

САНХҮҮГИЙН ЗОХИЦУУЛАХ ХОРООНЫ ТОГТООЛ

2020 оны 4 дүгээр сарын 8-ны өдөр Дугаар 166 Улаанбаатар хот

"ЖОЛООЧИЙН ХАРИУЦЛАГЫН АЛБАН ЖУРМЫН ДААТГАЛЫН

МЭДҮҮЛГИЙН МАЯГТ, ГЭРЭЭНИЙ СТАНДАРТ, ЗАГВАР"-Т

НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.2, Жолоочийн даатгалын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.4 дэх хэсгийг тус тус үндэслэн ТОГТООХ нь:

1.Санхүүгийн зохицуулах хорооны 2018 оны 212 дугаар тогтоолын 2 дугаар хавсралтаар баталсан "Жолоочийн хариуцлагын албан журмын даатгалын гэрээний стандарт, загвар"-т дор дурдсан агуулгатай 6 дугаар зүйлийн 6.4 дэх хэсгийг нэмсүгэй.

1/ "6.4. Даатгагч нь энэ гэрээний 6.2-т заасан хураамжийн буцаан олголтыг жолоочийн хариуцлагын албан журмын даатгалын гэрээний мэдүүлгийн маягтад бөглөсний дагуу ажлын 5 хоногийн дотор олгоно."

2.Санхүүгийн зохицуулах хорооны 2018 оны 212 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтаар баталсан "Жолоочийн хариуцлагын албан журмын даатгалын мэдүүлгийн маягт"-ын 4 дүгээр зүйлийн "Мэргэшсэн болон С, D ангиллын жолоочийн даатгалыг хийлгэх үү: Тийм/Үгүй" гэсний дараа "Даатгалын гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж, хураамжийн буцаалт хийх тохиолдолд мөнгө хүлээн авах: Бэлэн мөнгөөр; Дансаар; Хэрэв дансаар хүлээн авах бол: Банкны нэр: ... Дансны дугаар: ... Данс эзэмшигчийн овог, нэр: ..." гэж, энэхүү тогтоолын 1-д заасан гэрээний стандарт, загварын 9 дүгээр зүйлийн 9.3.3 дахь хэсгийн "эрх бүхий этгээдээс" гэсний өмнө "шаардлагатай тохиолдолд" гэж тус тус нэмсүгэй.

3.Энэхүү тогтоолын 1-д заасан гэрээний стандарт, загварын 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь заалтын "8.2.3" гэснийг "7.2.3" гэж, 9 дүгээр зүйлийн 9.3.4 дэх заалтын "шаардлагатай" гэснийг "холбогдох" гэж, 2-т заасан маягтын 3 дугаар зүйлийн хүснэгтийн "1 жилийн хугацаанд" гэснийг "365 хоногт" гэж, 4 дүгээр зүйлийн "1 жилийн хугацаанд" гэснийг "365 хоногт" гэж тус тус өөрчилсүгэй.

4.Тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж, олон нийтэд мэдээлэхийг Ажлын алба /Т.Жамбаажамц/-нд даалгасугай.

ДАРГА Д.БАЯРСАЙХАН