- Нүүр
- Монгол Улсын хууль
- ЭРҮҮГИЙН ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ
2020 оны 04 сарын 29 өдөр
Төрийн ордон, Улаанбаатар хот
ЭРҮҮГИЙН ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ
1 дүгээр зүйл.2015 оны 12 дугаар сарын 03-ны өдөр баталсан Эрүүгийн хуульд доор дурдсан агуулгатай дараах хэсэг нэмсүгэй:
1/15.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг:
"1.Бусдын амь нас, эрүүл мэндэд аюул учруулж болзошгүй халдварт өвчний үед эрх бүхий байгууллага, албан тушаалтнаас тогтоосон хорио цээр, хязгаарлалтын дэглэм, холбогдох бусад журам, заавар, шаардлагыг зориуд санаатайгаар зөрчиж халдварт өвчин тархах нөхцөл бүрдүүлсэн, эсхүл бусдад халдаасан бол хоёр мянга долоон зуун нэгжээс арван дөрвөн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ."
2/18.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг:
"2.Гамшиг, аюулт үзэгдэл, халдварт өвчин, осол, аюулын үед үнийн хөөрөгдөл, бараа бүтээгдэхүүний зохиомол хомсдолыг бий болгосон бол таван мянга дөрвөн зуун нэгжээс хорин долоон мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял шийтгэнэ."
2 дугаар зүйл.Эрүүгийн хуулийн 15.6 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсгийн дугаарыг "2, 3" гэж, мөн зүйлийн 2.1, 2.2 дахь заалтын дугаарыг "3.1, 3.2" гэж, 18.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн дугаарыг "3" гэж тус тус өөрчилсүгэй.
3 дугаар зүйл.Энэ хуулийг Коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Г.ЗАНДАНШАТАР
Текст томруулах
A
A
A
