- Нүүр
- Монгол Улсын хууль
- ЗӨРЧЛИЙН ТУХАЙ /Шинэчилсэн найруулга/

ЗӨРЧЛИЙН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ
1 дүгээр зүйл.Зөрчлийн тухай хуулийн 5.13 дугаар зүйлд доор дурдсан агуулгатай 2, 3 дахь хэсэг нэмсүгэй:
"2.Гамшиг, аюулт үзэгдэл, халдварт өвчин, осол, аюулын үед эрх бүхий байгууллагаас тогтоосон хорио цээр, хөдөлгөөний хязгаарлалт, тэдгээрийн дэглэм зөрчсөн, эсхүл саад учруулсан нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол хүнийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл долоогоос гуч хоногийн хугацаагаар баривчлах шийтгэл оногдуулах, хуулийн этгээдийг таван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
3.Гамшиг, аюулт үзэгдэл, халдварт өвчин, осол, аюулын үед эрх бүхий байгууллагаас өгсөн мэдээ, мэдээллийг үнэ төлбөргүйгээр, саадгүйгээр мэдээлэх үүргээ биелүүлээгүй бол хуулийн этгээдийг таван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно."
2 дугаар зүйл.Зөрчлийн тухай хуулийн дараах хэсгийг доор дурдсанаар өөрчлөн найруулсугай:
1/5.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэг:
"1.Гамшиг, аюулт үзэгдэл, халдварт өвчин, осол, аюулын үед энэ талаар олон нийтийг төөрөгдүүлэх, худал мэдээ, мэдээлэл түгээсэн нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол хүнийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг таван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно."
2/5.17 дугаар зүйлийн 1 дэх хэсэг:
"1.Гамшиг, аюулт үзэгдэл, халдварт өвчин, осол, аюултай тэмцэх улсын аюулгүй байдал хангахтай холбогдсон хүн хүч, тээвэр, холбооны хэрэгсэл, барилга байгууламжийн дайчилгаанаас зайлсхийсэн, эсхүл саад учруулсан бол хүнийг тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно."
3 дугаар зүйл.Зөрчлийн тухай хуулийн 5.13 дугаар зүйлийн 2, 3, 4 дэх хэсгийн дугаарыг "4, 5, 6" гэж тус тус өөрчилсүгэй.
4 дүгээр зүйл.Энэ хуулийг Коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Г.ЗАНДАНШАТАР
Текст томруулах
A
A
A
