- Нүүр
- Монгол Улсын хууль
- ЭРҮҮЛ МЭНДИЙН ТУХАЙ

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ
2020 оны 05 сарын 15 өдөр
Төрийн ордон, Улаанбаатар хот
ЭРҮҮЛ МЭНДИЙН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ
1 дүгээр зүйл.Эрүүл мэндийн тухай хуульд доор дурдсан агуулгатай дараах хэсэг, заалт нэмсүгэй:
1/3 дугаар зүйлийн 3.1.24, 3.1.25 дахь заалт:
"3.1.24."эрүүл мэндийн анхан шатны тусламж, үйлчилгээ" гэж хүн амын эрүүл мэндийн эрэлт хэрэгцээнд тулгуурлан төрөөс өрхийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ болон үндсэн мэргэшлийн зарим нэн шаардлагатай тусламж, үйлчилгээг иргэн, гэр бүл, аж ахуйн нэгжийн оролцоотойгоор харьяалах нутаг дэвсгэрт байгаа хүн бүрд нь нутаг дэвсгэрийн харьяалал харгалзахгүйгээр үзүүлэх үйл ажиллагааг;
3.1.25."эмнэлгийн урт хугацааны тусламж, үйлчилгээ" гэж сувилахуйн болон сэргээн засахын дагнасан тусламж, үйлчилгээг 1 сар ба түүнээс дээш хугацаагаар үзүүлэх үйл ажиллагааг."
2/8 дугаар зүйлийн 8.1.24 дэх заалт:
"8.1.24.хүн амын нас, хүйс, эрүүл мэндийн эрсдэлд суурилан зонхилон тохиолдох халдварт болон халдварт бус өвчнөөс урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг, шинжилгээ, оношилгоонд хамруулах үйл ажиллагааг зохион байгуулах, хэрэгжилтэд хяналт тавих;"
3/8 дугаар зүйлийн 8.4-8.9 дэх хэсэг:
"8.4.Эрүүл мэндийн цахим бүртгэл, мэдээллийн сангийн өгөгдөл солилцох, хадгалах, хамгаалах, баяжуулах, ашиглах журмыг Засгийн газар батална.
8.5.Энэ хуулийн 8.1.24, 19.3.3-т заасан үйл ажиллагааг зохион байгуулах журмыг эрүүл мэндийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.
8.6.Эрүүл мэндийн нэн шаардлагатай тусламж, үйлчилгээний багцыг эрүүл мэндийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.
8.7.Эмнэлгийн урт хугацааны тусламж, үйлчилгээг боловсрол, нийгмийн халамжийн үйлчилгээтэй хослуулан үзүүлэх журам, жагсаалтыг эрүүл мэндийн, боловсролын болон нийгмийн халамжийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн хамтран батална.
8.8.Энэ хуулийн 16.16-д заасан төрөлжсөн мэргэшлийн эмнэлэг улсын болон бүсийн хэмжээнд бусад эрүүл мэндийн байгууллагыг мэргэжил, арга зүйгээр хангах үйл ажиллагааг зохицуулах журам, тусламж, үйлчилгээний чиглэл, хамрах хүрээг эрүүл мэндийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.
8.9.Хүний амь насанд аюултай, хөгжлийн бэрхшээлд хүргэдэг ховор тохиолдох өвчин, эмгэгийг тодорхойлох аргачлалыг эрүүл мэндийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална."
4/16 дугаар зүйлийн 16.19, 16.20 дахь хэсэг:
"16.19.Уламжлалт анагаах ухааны нэгдсэн эмнэлэг монголын уламжлалт анагаах ухааны үндсэн болон төрөлжсөн мэргэшлийн тусламж, үйлчилгээг үзүүлнэ.
16.20.Энэ хуулийн 16.10-т заасан чиг үүрэгт хамаарах тусламж, үйлчилгээг нэг цэгээс хэд хэдэн хуулийн этгээд хамтран үзүүлж болно."
5/44 дүгээр зүйлийн 44.1.6, 44.1.7 дахь заалт:
"44.1.6.өөрийн байгууллагын ажилтныг энэ хуулийн 8.5-д заасан журмын дагуу өвчнөөс урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг, шинжилгээ, оношилгоонд товлосон хугацаанд хамруулах;
44.1.7.иргэн, аж ахуйн нэгж, байгууллага нь үйлчлүүлэгч, түүний гэр бүл, асран хамгаалагчийн болон эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр өвчний онош, дүгнэлт, оношилгоо, шинжилгээ, эмчилгээ, үйлчлүүлэгчийн эрүүл мэндийн талаар мэдээлэл өгөхийг эрүүл мэндийн байгууллага, эмнэлгийн мэргэжилтнээс шаардах, олон нийтэд мэдээлэхийг хориглоно."
2 дугаар зүйл.Эрүүл мэндийн тухай хуулийн дараах хэсгийг доор дурдсанаар өөрчлөн найруулсугай:
1/16 дугаар зүйлийн 16.4 дэх хэсэг:
"16.4.Сум, тосгоны эрүүл мэндийн төв хөдөөгийн хүн амд эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээг амбулаторийн болон хэвтүүлэн эмчлэх хэлбэрээр үзүүлэх орон нутгийн өмчит хуулийн этгээд байх бөгөөд байршил, хүн амын төвлөрөл, өвчлөл, осол гэмтлийн нөхцөл байдлаас хамааран яаралтай тусламж, үйлчилгээний болон багийн эмчийн салбартай байна."
2/16 дугаар зүйлийн 16.7 дахь хэсэг:
"16.7.Клиник нь үндсэн, эсхүл төрөлжсөн мэргэшлээр эмнэлгийн мэргэшсэн тусламж, үйлчилгээг амбулаторийн болон өдрийн эмчилгээ хэлбэрээр, эсхүл амбулаторийн болон хэвтүүлэн эмчлэх хэлбэрээр үзүүлэх байгууллага байна."
3/16 дугаар зүйлийн 16.10 дахь хэсэг:
"16.10.Нэгдсэн эмнэлэг 10 мянгаас доошгүй суурин хүн ам бүхий суманд эрүүл мэндийн анхан шатны болон таваас доошгүй үндсэн мэргэшлээр лавлагаа шатлалын тусламж, үйлчилгээг, аймгийн төв, дүүрэгт долоогоос доошгүй үндсэн мэргэшлээр лавлагаа шатлалын тусламж, үйлчилгээг амбулаторийн болон хэвтүүлэн эмчлэх хэлбэрээр үзүүлэх байгууллага байна. Аймгийн төв, дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа нэгдсэн эмнэлэг хүн амын эрүүл мэндийн эрэлт хэрэгцээнд тулгуурлан зарим төрөлжсөн мэргэшлээр лавлагаа шатлалын нэн шаардлагатай тусламж, үйлчилгээг нэмэлтээр үзүүлж болно."
4/16 дугаар зүйлийн 16.16 дахь хэсэг:
"16.16.Төрөлжсөн мэргэшлийн эмнэлэг улсын болон бүсийн хэмжээнд төрөлжсөн мэргэшлээр эмнэлгийн лавлагаа шатлалын мэргэшсэн тусламж, үйлчилгээг амбулаторийн болон хэвтүүлэн эмчлэх хэлбэрээр үзүүлэх, сургалт судалгаа, эрдэм шинжилгээний ажил эрхлэх, бусад эрүүл мэндийн байгууллагыг мэргэжил, арга зүйгээр ханган ажиллах чиг үүрэг бүхий байгууллага байна."
5/17 дугаар зүйлийн 17.4 дэх хэсэг:
"17.4.Төрийн болон орон нутгийн өмчит төрөлжсөн мэргэшлийн эмнэлэг, энэ хуулийн 16.10-т заасан суман дахь нэгдсэн эмнэлгээс бусад нэгдсэн эмнэлгийн удирдлагыг эмнэлгийн төлөөлөн удирдах зөвлөл, түүнээс томилсон гүйцэтгэх удирдлага хэрэгжүүлнэ."
6/33 дугаар зүйлийн 33.2 дахь хэсэг:
"33.2.Энэ хуулийн 33.1-д заасан шинжилгээ болон амьд сорьцын эмгэг эд, эс судлалын шинжилгээ хийх журмыг эрүүл мэндийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална."
3 дугаар зүйл.Эрүүл мэндийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.24 дэх заалтын дугаарыг "8.1.25" гэж өөрчилсүгэй.
4 дүгээр зүйл.Эрүүл мэндийн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.9 дэх хэсгийн "29.2," гэснийг хассугай.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Г.ЗАНДАНШАТАР
Текст томруулах
A
A
A
