- Нүүр
- Монгол Улсын хууль
- БИЕИЙН ТАМИР, СПОРТЫН ТУХАЙ /Шинэчилсэн найруулга/

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ
2020 оны 07 сарын 07 өдөр
Төрийн ордон, Улаанбаатар хот
БИЕИЙН ТАМИР, СПОРТЫН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ
1 дүгээр зүйл.Биеийн тамир, спортын тухай хуулийн 6 дугаар зүйлд доор дурдсан агуулгатай 6.1.6, 6.1.7 дахь заалт нэмсүгэй:
"6.1.6.тухайн жилд Монгол Улсад зохион байгуулах олон улс, тив, дэлхийн аварга шалгаруулах тэмцээний жагсаалтыг батлах;
6.1.7.энэ хуулийн 6.1.4, 6.1.5, 10.1.4-т заасан тэмцээн, наадмыг зохион байгуулахад санхүүгийн дэмжлэг үзүүлэх журам батлах;"
2 дугаар зүйл.Биеийн тамир, спортын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.3 дахь хэсгийн "спортын" гэсний дараа "асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага" гэж нэмсүгэй.
3 дугаар зүйл.Биеийн тамир, спортын тухай хуулийн 10 дугаар зүйлийг доор дурдсанаар өөрчлөн найруулсугай:
"10 дугаар зүйл.Биеийн тамир, спортын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын бүрэн эрх
10.1.Биеийн тамир, спортын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:
10.1.1.биеийн тамир, спортын хууль тогтоомжийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулж, биелэлтийг хангуулах;
10.1.2.биеийн тамир, спортын чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа төрийн байгууллага, холбогдох бусад байгууллагыг мэргэжил, арга зүйн удирдлагаар хангах, иргэн, аж ахуй нэгж, байгууллагатай хамтран ажиллах;
10.1.3.бие бялдрын түвшин тогтоох стандартыг боловсруулан, Стандартчилал, техникийн зохицуулалт, тохирлын үнэлгээний итгэмжлэлийн тухай хуулийн 9.1-д заасны дагуу батлуулж, улсын бүртгэлд бүртгүүлэх;
10.1.4.улсын төсвөөс санхүүжүүлэх улсын аварга шалгаруулах тэмцээнийг зохион байгуулах спортын холбоог сонгон шалгаруулах;
10.1.5.улсын хэмжээнд зохион байгуулах спортын наадмын хөтөлбөрт багтах спортын төрлийг тогтоох, тэмцээний зохион байгуулалтыг арга зүйн удирдлагаар хангах, хяналт тавих;
10.1.6.эрхэлсэн сайдын баталсан биеийн тамирын арга зүйчид мэргэжлийн зэрэг олгох журмын хэрэгжилтийг хангах;
10.1.7.эрхэлсэн сайдын баталсан улсын төсвөөс дэмжлэг үзүүлэх үндэсний шигшээ багийг бүрдүүлэх, спортын төрлийг сонгох, санхүүжүүлэх журмын хэрэгжилтийг хангах;
10.1.8.биеийн тамир, спортын мэдээллийн нэгдсэн цахим санг бүрдүүлэх;
10.1.9.хүн амд эрүүл аж төрөх зан үйлийг хэвшүүлэх, иргэнийг өвчлөлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор идэвхтэй хөдөлгөөн, спортоор хичээллэх ажлыг зохион байгуулах;
10.1.10.бие бялдрын түвшин тогтоох сорилыг улсын хэмжээнд зохион байгуулах ажлыг мэргэжил, арга зүйн удирдлагаар хангах;
10.1.11.допингийн эсрэг үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх;
10.1.12.энэ хуульд заасан өөрийн бүрэн эрхэд хамаарах зарим чиг үүргийг төрийн бус байгууллагаар гэрээгээр гүйцэтгүүлж, холбогдох зардлыг санхүүжүүлэх;
10.1.13.хууль тогтоомжид заасан бусад бүрэн эрх."
4 дүгээр зүйл.Биеийн тамир, спортын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.6 дахь заалтын дугаарыг "6.1.8" гэж өөрчилсүгэй.
5 дугаар зүйл.Биеийн тамир, спортын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2.1 дэх заалт, 21 дүгээр зүйлийн 21.4 дэх хэсэг, 26 дугаар зүйлийн 26.2 дахь хэсгийн "төв" гэснийг тус тус хассугай.
6 дугаар зүйл.Биеийн тамир, спортын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1 дэх хэсгийг хүчингүй болсонд тооцсугай.
7 дугаар зүйл.Энэ хуулийг 2020 оны 7 дугаар сарын 07-ны өдөр баталсан Монгол Улсын Засгийн газрын бүрэлдэхүүний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Г.ЗАНДАНШАТАР
Текст томруулах
A
A
A
