A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

2020 оны 07 сарын 09 өдөр

Төрийн ордон, Улаанбаатар хот

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

1 дүгээр зүйл.Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 42 дугаар зүйлд доор дурдсан агуулгатай 42.1.4 дэх заалт нэмсүгэй:

Хэвлэх

"42.1.4.төрийн бус байгууллагын сонгуульт албан тушаал."

2 дугаар зүйл.Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн дараах зүйл, хэсгийг доор дурдсанаар өөрчлөн найруулсугай:

Хэвлэх

1/23 дугаар зүйлийн 23.3 дахь хэсэг:

"23.3.Улсын Их Хурал дараах Байнгын хороотой байна:

23.3.1.Аюулгүй байдал, гадаад бодлогын;

23.3.2.Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн;

23.3.3.Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын;

23.3.4.Ёс зүй, сахилга хариуцлагын;

23.3.5.Инновац, цахим бодлогын;

23.3.6.Нийгмийн бодлогын;

23.3.7.Төрийн байгуулалтын;

23.3.8.Төсвийн;

23.3.9.Үйлдвэржилтийн бодлогын;

23.3.10.Хууль зүйн;

23.3.11.Эдийн засгийн."

2/24 дүгээр зүйл:

"24 дүгээр зүйл.Байнгын хороодын эрхлэх асуудлын хүрээ

Хэвлэх

24.1.Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо:

24.1.1.Монгол Улсын үндэсний аюулгүй байдал;

24.1.2.Монгол Улсын батлан хамгаалах, зэвсэгт хүчин;

24.1.3.төрийн нууцын хадгалалт, хамгаалалт;

24.1.4.гадаад бодлого;

24.1.5.гадаад улс, олон улсын байгууллагад суух бүрэн эрхт төлөөлөгчийн газрын тэргүүнийг томилох, эгүүлэн татах асуудал;

24.1.6.Монгол Улсын олон улсын гэрээ, Монгол Улс олон улсын байгууллагад элсэх тухай асуудал;

24.1.7.цөмийн энерги ашиглах, цацрагийн хамгаалалт, аюулгүй байдлыг хангах бодлого.

24.2.Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо:

24.2.1.газар тариалан, үрийн аж ахуй, хүнсний үйлдвэрлэлийн бодлого;

24.2.2.хүнс, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний хяналт, тэдгээрийн аюулгүй байдал;

24.2.3.хөдөөгийн хөгжлийн бодлого;

24.2.4.мал аж ахуйн бодлого;

24.2.5.малын даатгал болон малын удмын сан, эрүүл мэндийг хамгаалах;

24.2.6.газар, түүний хэвлий, ой, ус, амьтан, ургамал, агаар мандал болон байгалийн бусад баялаг;

24.2.7.улсын тусгай хамгаалалттай газар, бэлчээр, тариалангийн газар;

24.2.8.геологи, уул уурхайн холбогдолтой эрэл, хайгуул, ашиглалтын ажилд тавих байгаль орчны хяналт;

24.2.9.агаарын бохирдол, хорт бодис, байгаль орчны асуудал;

24.2.10.цаг уур, орчны хяналтын асуудал;

24.2.11.усны бодлого, нөөц, усны бохирдол;

24.2.12.хог хаягдал, дахин боловсруулалт;

24.2.13.байгаль орчныг хамгаалах, байгалийн тэнцлийг хангах асуудал;

24.2.14.байгаль орчны судалгаа, хөгжил;

24.2.15.ан агнуур;

24.2.16.газрын сангийн нэгдсэн бодлого, зохицуулалт;

24.2.17.газрын кадастр, зураглал.

24.3.Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хороо:

24.3.1.боловсрол;

24.3.2.соёл, урлаг;

24.3.3.ард түмний түүх, соёл, оюуны өвийг хамгаалах, сэргээх бодлого;

24.3.4.монгол хэл, бичиг, үндэсний цөөнхийн хэл, бичиг, ёс заншил;

24.3.5.шинжлэх ухаан;

24.3.6.нийтийн биеийн тамир, спорт.

24.4.Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хороо:

24.4.1.төрийн албан хаагчийн ёс зүй, сахилга хариуцлагын бодлого;

24.4.2.төрийн албаны бүх шатны ёс зүйн хорооны асуудал;

24.4.3.гишүүний ёс зүй, сахилгын асуудал;

24.4.4.чуулганы хуралдааны дэг сахиулах;

24.4.5.гишүүний хөрөнгө, орлогын мэдүүлэг;

24.4.6.Улсын Их Хурлын болон гишүүний төсвийн төлөвлөлт, гүйцэтгэлийн хяналт;

24.4.7.Засгийн газрын гишүүний албан үүргийг хавсран гүйцэтгэх гишүүний чуулганы ажиллагаанд оролцох журмын асуудал;

24.4.8.нэгдсэн хуралдааны ирцийн асуудал;

24.4.9.гишүүний ёс зүйн асуудлаар ирүүлсэн иргэдийн өргөдөл, гомдлыг хянан шийдвэрлэх;

24.4.10.Улсын Их Хурлыг үл хүндэтгэсэн үйлдэлд хяналт тавих.

24.5.Инновац, цахим бодлогын байнгын хороо:

24.5.1.цахим засаглалын бодлого, үйл ажиллагаа;

24.5.2.мэдээллийн технологийн хөгжил;

24.5.3.харилцаа холбооны бодлого, үйл ажиллагаа;

24.5.4.өндөр технологи, үндэсний инновацын бодлого;

24.5.5.дижитал шилжилт, техник, технологийн шинэчлэл;

24.5.6.инновацыг үйлдвэрлэл, үйлчилгээнд нэвтрүүлж эдийн засгийн үр ашгийг нэмэгдүүлэх бодлого;

24.5.7.инновацын бүтээгдэхүүн, үйлчилгээг олон улсын зах зээлд нэвтрүүлэх хувийн хэвшлийн оролцоог дэмжих бодлого;

24.5.8.инновацын дэд бүтэц, үйл ажиллагааны чиглэлийг хөгжүүлэх бодлого;

24.5.9.инновацын үйл ажиллагааг санхүүжүүлэх бодлого.

24.6.Нийгмийн бодлогын байнгын хороо:

24.6.1.хүн амын хөгжлийн бодлого;

24.6.2.нийгмийн хамгаалал, нийгмийн даатгал, халамжийн бодлого;

24.6.3.хөдөлмөр эрхлэлтийн бодлого, хөдөлмөрийн харилцаа;

24.6.4.мэргэжлийн боловсрол, сургалт;

24.6.5.жендэрийн тэгш байдлыг хангах бодлого;

24.6.6.эрүүл мэндийн бодлого.

24.7.Төрийн байгуулалтын байнгын хороо:

24.7.1.Үндсэн хуулийн шинэтгэлийн асуудал;

24.7.2.төрийн эрх барих дээд болон гүйцэтгэх дээд байгууллага, Ерөнхийлөгчийн асуудал;

24.7.3.засаг захиргааны шинэтгэл, төвлөрлийг сааруулах бодлого;

24.7.4.Улсын Их Хурал, Ерөнхийлөгч, аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгууль, хот, тосгоны Зөвлөл, Захирагчийн сонгууль;

24.7.5.Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлага, зохион байгуулалт, үйл ажиллагаа, хилийн цэс, хот, тосгоны эрх зүйн үндэс;

24.7.6.төрийн алба;

24.7.7.төрийн бэлгэ тэмдэг, төрийн дуулал;

24.7.8.ард нийтийн санал асуулга;

24.7.9.төр, сүм хийдийн харилцаа;

24.7.10.хэвлэл мэдээллийн хараат бус байдал;

24.7.11.төрийн ба төрийн бус байгууллага, улс төрийн намтай харилцах;

24.7.12.гишүүний бүрэн эрхийн асуудал;

24.7.13.гишүүний бүрэн эрхийн баталгаа;

24.7.14.чуулганы хуралдааны дэгийн асуудал;

24.7.15.бүсчилсэн хөгжлийн бодлого.

24.8.Төсвийн байнгын хороо:

24.8.1.улсын нэгдсэн төсөв, түүний гүйцэтгэл, хяналт;

24.8.2.төрийн санхүү, зээлийн болон татварын бодлого;

24.8.3.аудитын асуудал;

24.8.4.гадаад улс, олон улсын санхүүгийн байгууллагатай байгуулсан зээлийн гэрээ, хэлцэл;

24.8.5.Засгийн газрын тусгай сангийн нэгдсэн бодлого;

24.8.6.Улсын Их Хурлын төсөв;

24.8.7.төсвийн алдагдлыг нөхөх зорилгоор Засгийн газраас гаргах үнэт цаасны тухай асуудал.

24.9.Үйлдвэржилтийн бодлогын байнгын хороо:

24.9.1.үйлдвэрлэлийн бүтээмжийн өсөлт;

24.9.2.жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих, хөгжүүлэх бодлого;

24.9.3.хөнгөн үйлдвэрлэлийг дэмжих, хөгжүүлэх бодлого;

24.9.4.хүнд үйлдвэрлэлийг дэмжих, хөгжүүлэх бодлого.

24.10.Хууль зүйн байнгын хороо:

24.10.1.эрх зүйн бодлого;

24.10.2.хүний эрх, эрх чөлөө, түүний баталгаа;

24.10.3.гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх бодлого;

24.10.4.улсын хил хамгаалалтын бодлого;

24.10.5.хууль зүйн хариуцлага хүлээлгэх эрх зүйн үндэс, ялын бодлого;

24.10.6.шүүх эрх мэдэл;

24.10.7.прокурор, хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, шүүхийн шийдвэр гүйцэтгэл;

24.10.8.нийтийн болон хувийн өмчийн эрх зүйн үндэс;

24.10.9.эрүү, иргэн, захиргааны хэрэг, маргаан, зөрчил хянан шийдвэрлэх ажиллагаа;

24.10.10.өршөөл үзүүлэх асуудал;

24.10.11.патент, зохиогчийн эрх, барааны тэмдэг;

24.10.12.цагаачлал, иргэний харьяалал;

24.10.13.архив;

24.10.14.эрх зүйн туслалцаа;

24.10.15.өмгөөлөл;

24.10.16.иргэн, хуулийн этгээд, эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэл.

24.11.Эдийн засгийн байнгын хороо:

24.11.1.эдийн засаг, нийгмийн хөгжлийн үндсэн чиглэл;

24.11.2.эдийн засгийн дотоод, гадаад бодлого;

24.11.3.хөгжлийн бодлого, төлөвлөлтийн асуудал;

24.11.4.төрийн мөнгөний бодлого, банк, Монголбанкны үйл ажиллагаа;

24.11.5.даатгалын бодлого, энэ хуулийн 24.8.7-д зааснаас бусад үнэт цаасны тухай асуудал;

24.11.6.төрийн өмчийн удирдлага, зохицуулалт, хувьчлалын бодлого;

24.11.7.гадаадын хөрөнгө оруулалт, зээл, тусламжийн нэгдсэн бодлого;

24.11.8.ашигт малтмалын суурь судалгаа, эрэл хайгуул, ашиглалтын бодлого;

24.11.9.газрын тос, байгалийн хийн асуудал;

24.11.10.үйлчилгээ, хөрөнгө оруулалтыг дэмжих бодлого;

24.11.11.шударга бус өрсөлдөөнийг хязгаарлах бодлого;

24.11.12.төрөөс аж ахуй эрхлэлтийг дэмжих бодлого;

24.11.13.стандартчилал, хэмжил зүй, чанарын баталгаажуулалт;

24.11.14.албан ёсны статистикийн үйл ажиллагааны зохицуулалт;

24.11.15.барилга, хот байгуулалт;

24.11.16.түлш, эрчим хүч;

24.11.17.зам тээвэр, шуудан;

24.11.18.орон сууц, нийтийн аж ахуй;

24.11.19.аялал жуулчлалын хөгжлийн стратеги;

24.11.20.аялал жуулчлалын дэд бүтцийн хөгжил;

24.11.21.газрын эдийн засгийн үр ашгийн бодлого."

3/28 дугаар зүйлийн 28.1, 28.2 дахь хэсэг:

"28.1.Байнгын хорооны бүрэлдэхүүнд дараах дэд хороог байгуулж болно:

28.1.1.Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороонд Тусгай хяналтын;

28.1.2.Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороонд Агаарын бохирдлыг бууруулах асуудлын;

28.1.3.Төрийн байгуулалтын байнгын хороонд Нутгийн удирдлагын, Улсын Их Хурлын гишүүний халдашгүй байдлын, Сонгогчийн нэрсийн жагсаалт, бүртгэлийн хяналтын;

28.1.4.Төсвийн байнгын хороонд Төсвийн зарлагын хяналтын;

28.1.5.Үйлдвэржилтийн бодлогын байнгын хороонд Жижиг, дунд үйлдвэрлэлийн, Хөнгөн үйлдвэрлэлийн хөгжлийн, Хүнд үйлдвэрлэлийн хөгжлийн;

28.1.6.Хууль зүйн байнгын хороонд Хүний эрхийн;

28.1.7.Эдийн засгийн байнгын хороонд Тогтвортой хөгжлийн зорилгын.

28.2.Дэд хороо харьяалагдах Байнгын хорооны эрхлэх асуудлын тодорхой хэсгийг дагнан хариуцан санал, дүгнэлт гаргаж, түүнийгээ харьяалагдах Байнгын хороонд, шаардлагатай бол Байнгын хороогоор уламжлан нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх, хариуцсан асуудлын хүрээнд хянан шалгах чиг үүргийг хэрэгжүүлэх эрхтэй бөгөөд дараах асуудлыг эрхэлнэ:

28.2.1.Агаарын бохирдлыг бууруулах асуудлын дэд хороо нь улсын нийт нутаг дэвсгэрийн хэмжээнд агаар, хөрс, усны бохирдлыг бууруулах асуудлаарх хууль тогтоомжийн биелэлтийн асуудлыг;

28.2.2.Жижиг, дунд үйлдвэрлэлийн дэд хороо нь жижиг, дунд үйлдвэрлэлийн хөгжил, хөрөнгө оруулалт, зээл, тусламжийн бодлого, зохицуулалтын асуудлыг;

28.2.3.Нутгийн удирдлагын дэд хороо нь нутгийн өөрөө удирдах ёс, нутгийн удирдлагын байгууллагын төлөвшил, хөгжил, удирдлага, зохион байгуулалт, эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгох асуудлыг;

28.2.4.Сонгогчдын нэрийн жагсаалт, бүртгэлийн хяналтын дэд хороо нь сонгогчдын нэрийн жагсаалт, бүртгэлийн талаарх хууль тогтоомжийн биелэлтийн асуудлыг;

28.2.5.Тусгай хяналтын дэд хороо төрийн нууцын хадгалалт, хамгаалалт, тагнуул болон гүйцэтгэх ажлын талаарх хууль тогтоомжийн биелэлт, улсын хил хамгаалалт, төрийн тусгай хамгаалалтын асуудлыг;

28.2.6.Төсвийн зарлагын хяналтын дэд хороо нь улсын болон орон нутгийн төсвийн орлого, зарлага, төсвийн хяналтын асуудлыг;

28.2.7.Тогтвортой хөгжлийн зорилгын дэд хороо нь Монгол Улсын тогтвортой хөгжлийн зорилгуудыг хууль тогтоомж болон хөгжлийн бодлого, төлөвлөлтийн баримт бичигт тусган хэрэгжүүлэх асуудлыг;

28.2.8.Улсын Их Хурлын гишүүний халдашгүй байдлын дэд хороо нь Улсын Их Хурал, түүний гишүүний бүрэн эрхтэй холбогдсон асуудлыг;

28.2.9.Хөнгөн үйлдвэрлэлийн хөгжлийн дэд хороо нь хөнгөн үйлдвэрлэлийн хөгжлийн бодлого, зохицуулалтын асуудлыг;

28.2.10.Хүнд үйлдвэрлэлийн хөгжлийн дэд хороо нь хүнд үйлдвэрлэлийн хөгжлийн бодлого, зохицуулалтын асуудлыг;

28.2.11.Хүний эрхийн дэд хороо нь хүний эрх, эрх чөлөөний баталгаа, өршөөл, цагаачлал, иргэний харьяаллын асуудлыг."

3 дугаар зүйл.Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1 дэх хэсгийн "15-19" гэснийг "19 хүртэл" гэж, мөн хэсгийн "хоёроос" гэснийг "гурваас" гэж, 42 дугаар зүйлийн 42.3 дахь хэсгийн "Улсын Их Хурлын дарга захирамжаар" гэснийг "Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хорооны тогтоолоор" гэж тус тус өөрчилсүгэй.

Хэвлэх

4 дүгээр зүйл.Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.5 дахь хэсгийн "Ёс зүйн болон" гэснийг хассугай.

Хэвлэх

5 дугаар зүйл.Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1.13 дахь заалтыг хүчингүй болсонд тооцсугай.

Хэвлэх

6 дугаар зүйл.Энэ хуулийг 2020 оны 7 дугаар сарын 09-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

Хэвлэх

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Г.ЗАНДАНШАТАР