- Нүүр
- УИХ-аас томилогддог байгууллагын дарга, түүнтэй адилтгах албан тушаалтны шийдвэр
- ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ /Гадаад улсын арилжаа эрхлэх байгууллагад бүртгэлтэй хуулийн этгээд Монгол Улсад үнэт цаас гаргах/ /СЗХ-ны 2020 оны 758 дугаар тогтоолоор нэмэлт, өөрчлөлт орсон/

МОНГОЛ УЛС
САНХҮҮГИЙН ЗОХИЦУУЛАХ ХОРООНЫ ТОГТООЛ
2020 оны 8 дугаар сарын 12-ны өдөр Дугаар 758 Улаанбаатар хот
ЖУРАМД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ
Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.2, Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.2, 18 дугаар зүйлийн 18.2, 18.4 дэх хэсгийг тус тус үндэслэн ТОГТООХ нь:
1.Санхүүгийн зохицуулах хорооны 2018 оны 19 дүгээр тогтоолын хавсралтаар баталсан "Гадаад улсын арилжаа эрхлэх байгууллагад бүртгэлтэй хуулийн этгээд Монгол Улсад үнэт цаас гаргах, Монгол Улсын арилжаа эрхлэх байгууллагад бүртгэлтэй хуулийн этгээд гадаад улсад гаргах үнэт цаасыг бүртгэх журам"-д дор дурдсан агуулгатай бүлэг, заалт нэмсүгэй.
1/ Журмын Зургаадугаар бүлэг:
"ЗУРГАА. МОНГОЛ УЛСЫН БОЛОН ГАДААД УЛСЫН АРИЛЖАА ЭРХЛЭХ БАЙГУУЛЛАГАД ДАВХАР БҮРТГЭЛТЭЙ ХУУЛИЙН ЭТГЭЭДИЙН ҮНЭТ ЦААСЫГ ХӨРВҮҮЛЭХ
6.1.Монгол Улсын болон гадаад улсын арилжаа эрхлэх байгууллагад давхар бүртгэлтэй хуулийн этгээдийн үнэт цаасыг эзэмшигч нь үнэт цаасаа дотоодын болон гадаадын зах зээл хооронд хөрвүүлж болно.
6.2.Үнэт цаас эзэмшигч нь үнэт цаасаа хөрвүүлэх хүсэлтээ Монгол Улсын үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн үйл ажиллагаа эрхлэх этгээдэд хүргүүлнэ.
6.3.Монгол Улсын үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн үйл ажиллагаа эрхлэх этгээд нь хөрвүүлэх ажиллагааг гүйцэтгэж, холбогдох өөрчлөлтийг бүртгэсэн талаарх тайлан мэдээллийг Хороо болон арилжаа эрхлэх байгууллагад тухай бүрд мэдэгдэнэ.
6.4.Хуульд өөрөөр заагаагүй бол энэхүү журмын 6.1-д заасны дагуу хөрвүүлсэн үнэт цаасны хэмжээ нь тухайн үнэт цаас гаргагчийн Монгол Улсад бүртгэгдэж арилжаалсан нийт үнэт цаасны 80 хувьд хүрсэн тохиолдолд тухайн үнэт цаасыг арилжаа эрхлэх байгууллагын үнэт цаасны бүртгэлээс хасах үндэслэл болно.
6.5.Энэхүү журмын 6.4-т заасан нөхцөл үүссэн тохиолдолд арилжаа эрхлэх байгууллага тухайн үнэт цаас гаргагчийн Монгол Улсад бүртгэлтэй, эргэлтэд байгаа үнэт цаасны тоо хэмжээг нэмэгдүүлэх эсэх талаар үнэт цаас гаргагчтай зөвшилцөж болно."
2/ Журмын 3.14 дэх заалт:
"3.14.Гадаад улсын арилжаа эрхлэх байгууллагад бүртгэлтэй хуулийн этгээд нь анх бүртгүүлсэн гадаад улсын зах зээлд тухайн төрлийн үнэт цаасыг нэмж гаргах, опцион хэрэгжүүлэх замаар үнэт цаасны бүрдүүлбэрт өөрчлөлт оруулсан тохиолдолд холбогдох мэдээллийг үнэт цаасны арилжаа эрхлэх байгууллага болон төвлөрсөн хадгаламжийн төвд албан бичгээр мэдэгдэх ба үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төвөөс ирүүлсэн мэдэгдлийг үндэслэж, Хорооны даргын тушаалаар үнэт цаасны бүртгэлд өөрчлөлт оруулна."
3/ Журмын 4.1.4 дэх дэд заалт:
"4.1.4.Энэхүү журмын 3.14-д заасны дагуу гадаад улсын арилжаа эрхлэх байгууллагад бүртгэлтэй хуулийн этгээдийн үнэт цаасны бүрдүүлбэрт өөрчлөлт орсон тохиолдолд үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төвөөс ирүүлсэн мэдэгдлийг үндэслэн үнэт цаасны бүртгэлд холбогдох өөрчлөлтийг оруулна."
4/ Журмын 4.1.5 дахь дэд заалт:
"4.1.5.Энэхүү журмын 6.3-т заасан хөрвүүлэх ажиллагааг гүйцэтгэсэн тухай бүр холбогдох тайлан мэдээллийг үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төвөөс ирүүлэхийг шаардана."
5/ Журмын 4.2.10 дахь дэд заалт:
"4.2.10.Энэхүү журмын 3.14-д заасны дагуу гадаад улсын арилжаа эрхлэх байгууллагад бүртгэлтэй хуулийн этгээдийн үнэт цаасны бүрдүүлбэрт өөрчлөлт орсон тохиолдолд холбогдох мэдээллийг үнэт цаас гаргагчаас албан бичгээр хүлээн авч, үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төвийн мэдэгдэлд үндэслэн үнэт цаасны бүрдүүлбэрт өөрчлөлт оруулах үүрэгтэй."
6/ Журмын 4.3.10 дахь дэд заалт:
"4.3.10.Хуулийн этгээд нь өөрийн харьяалах улсын үнэт цаас бүртгэгч байгууллага болон Монгол Улсын үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төвтэй гэрээ байгуулсны үндсэн дээр үнэт цаасаа гадаадын болон дотоодын зах зээл хооронд хөрвөх нөхцөлөөр хангуулах эрхтэй."
7/ Журмын 4.3.11 дэх дэд заалт:
"4.3.11.Хуулийн этгээд нь гадаад улсын зах зээлд тухайн төрлийн үнэт цаасыг нэмж гаргах тохиолдолд урьдчилан Хороо болон үнэт цаасны арилжаа эрхлэх байгууллагад албан бичгээр мэдэгдсэн байна."
2.Мөн журмын 1.1 дэх заалтын "Хороонд бүртгүүлэх" гэсний дараа ", үнэт цаасыг гадаадын болон дотоодын зах зээл хооронд хөрвүүлэхтэй" гэж, 3.10 дахь заалтын "худалдах эрхтэй болно." гэсний дараа "Хороо болон арилжаа эрхлэх байгууллагын үнэт цаасны бүртгэл нь хуулийн этгээдийн Монгол Улсад шинээр гаргаж буй үнэт цаас болон тухайн төрлийн өмнө нь гаргасан бүх үнэт цаасанд хамаарна." гэж, 4.1.1 дэх дэд заалтын "Гадаад" гэсний өмнө "Энэхүү журмын 6.1-д заасны дагуу хөрвүүлснээс бусад тохиолдолд" гэж, мөн дэд заалтын "хуулийн этгээдийн" гэсний дараа "Монгол Улсад гаргасан" гэж тус тус нэмсүгэй.
3.Мөн журмын 3.14 дэх заалтын "3.14" гэснийг "3.15" гэж, 3.15 дахь заалтын "3.15" гэснийг "3.16" гэж, 3.16 дахь заалтын "3.16" гэснийг "3.17" гэж, Зургаадугаар бүлгийн "Зургаа" гэснийг "Долоо" гэж, 6.1 дэх заалтын "6.1" гэснийг "7.1" гэж, 6.2 дахь заалтын "6.2" гэснийг "7.2" гэж тус тус өөрчилсүгэй.
4.Журам батлагдсантай холбогдуулан холбогдох дүрэм, журамдаа зохих өөрчлөлтийг оруулан Хороогоор батламжлуулах болон олон нийтэд таниулах арга хэмжээ авахыг "Монголын хөрөнгийн бирж" ХК /Х.Алтай/, "Монголын үнэт цаасны бирж" ХК /Б.Буянхишиг/, "Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв" ХХК /Ж.Байгалмаа/, "Монголын үнэт цаасны клирингийн төв" ХХК /О.Эрдэнэгэрэл/-д тус тус үүрэг болгосугай.
5.Тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж, олон нийтэд мэдээлэхийг Ажлын алба /Т.Жамбаажамц /-нд даалгасугай.
ДАРГА Д.БАЯРСАЙХАН
Текст томруулах
A
A
A
