- Нүүр
- Монгол Улсын хууль
- МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ЧУУЛГАНЫ ХУРАЛДААНЫ ДЭГИЙН ТУХАЙ /Шинэчилсэн найруулга/

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ
2020 оны 11 сарын 06 өдөр
Төрийн ордон, Улаанбаатар хот
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ЧУУЛГАНЫ ХУРАЛДААНЫ ДЭГИЙН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ
1 дүгээр зүйл.Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд доор дурдсан агуулгатай дараах хэсэг, заалт нэмсүгэй:
1/18 дугаар зүйлийн 18.1.3 дахь заалт:
"18.1.3.хуралдааны танхимыг орхин гарахыг үүрэг болгох;"
2/18 дугаар зүйлийн 18.9 дэх хэсэг:
"18.9.Зөрчил гаргасан гишүүнд хүлээлгэсэн хариуцлага нь нэгдсэн болон тухайн Байнгын, дэд, түр хорооны хуралдаанд хамаарна."
3/39 дүгээр зүйлийн 39.30 дахь хэсэг:
"39.30.Гишүүн гаргасан зарчмын зөрүүтэй саналаа Байнгын хорооны хуралдааны анхны хэлэлцүүлгийн явцад татан авч болно."
4/60 дугаар зүйлийн 60.2 дахь хэсэг:
"60.2.Байнгын хороо бодлого, төлөвлөлтийн баримт бичгийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг энэ хуулийн 42 дугаар зүйлд заасан журмын дагуу явуулна."
5/61 дүгээр зүйлийн 61.2 дахь хэсэг:
"61.2.Нэгдсэн хуралдаан бодлого, төлөвлөлтийн баримт бичгийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг энэ хуулийн 43 дугаар зүйлийн 43.1-43.4-т заасан журмын дагуу явуулна."
6/62 дугаар зүйлийн 62.16 дахь хэсэг:
"62.16.Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг энэ хуулийн 42, 43 дугаар зүйлийн 43.1-43.4-т заасан журмын дагуу явуулна."
7/109 дүгээр зүйлийн 109.10 дахь хэсэг:
"109.10.Ерөнхий сайдын мэдээллийг нэгдсэн хуралдаанд Ерөнхий сайд өөрөө хийнэ. Хүндэтгэн үзэх шалтгаантай бол түүний томилсон Засгийн газрын гишүүн мэдээлэл хийж болно."
2 дугаар зүйл.Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн дараах зүйл, хэсэг, заалтыг доор дурдсанаар өөрчлөн найруулсугай:
1/9 дүгээр зүйлийн 9.1 дэх хэсэг:
"9.1.Нэгдсэн хуралдаан долоо хоног бүрийн Пүрэв, Баасан гарагт 10.00-13.00, 14.00-18.00 цагт хуралдана. Гишүүд өглөө 9.00 цагаас эхлэн ирцэд бүртгүүлж, хуралдаанаар асуудал хэлэлцэхэд бэлтгэнэ. Товлосон асуудлыг ажлын цагт багтаан хэлэлцэж дуусаагүй бол хуралдаанд оролцсон гишүүдийн олонхын саналаар хуралдааны цагийг сунгаж болно."
2/10 дугаар зүйл.Ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлыг тогтоох журам
"10.1.Төрийн байгуулалтын байнгын хороо нам, эвслийн бүлэг, Байнгын, дэд, түр хороо, хууль санаачлагчийн саналыг үндэслэн дараагийн ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын талаарх Улсын Их Хурлын бусад шийдвэрийн төсөл /цаашид "тогтоолын төсөл" гэх/-ийг боловсруулан нэгдсэн хуралдаанд оруулж, хуралдаанд оролцсон гишүүдийн олонхын саналаар батална.
10.2.Ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын жагсаалтад Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төсөл болон батлах хугацааг нь хуульд тусгайлан заасан хууль, тогтоолын төслийг оруулна. Хэрэв нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн бол Улсын Их Хуралд өргөн мэдүүлээгүй хууль, тогтоолын төслийг Улсын Их Хурлын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын жагсаалтад оруулж болно.
10.3.Нам, эвслийн бүлэг, Байнгын, дэд, түр хороо, хууль санаачлагч нь дараагийн ээлжит чуулганы хэлэлцэх асуудлын талаарх саналаа чуулган дуусахаас ажлын 10 өдрийн өмнө Төрийн байгуулалтын байнгын хороонд ирүүлсэн байна.
10.4.Нам, эвслийн бүлэг, Байнгын, дэд, түр хороо, хууль санаачлагч нь энэ хуулийн 10.3-т заасан хугацаанд санал ирүүлээгүй бол ээлжит чуулганы хэлэлцэх асуудлын талаар тусгайлан өгөх саналгүй гэж үзнэ.
10.5.Ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлыг баталсан Улсын Их Хурлын тогтоолд заасан хууль, тогтоолын төслийн хэлэлцэх дарааллыг Зөвлөлийн саналыг харгалзан Улсын Их Хурлын дарга сар бүр захирамжаар батална.
10.6.Энэ хуулийн 10.5-д заасан дарааллыг үндэслэн хэлэлцэх асуудлын цаглаврыг Байнгын хороод баталж, мөрдүүлнэ.
10.7.Ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын жагсаалтад ороогүй хууль, тогтоолын төсөл өргөн мэдүүлснийг хэлэлцэх асуудлын дараалалд оруулах асуудлыг Зөвлөлийн саналыг харгалзан Улсын Их Хурлын дарга шийдвэрлэнэ."
3/18 дугаар зүйлийн 18.8 дахь хэсэг:
"18.8.Энэ хуулийн 18.6-д заасны дагуу тухайн өдрийн хуралдаанд оролцох эрхээ хасуулсан гишүүн Улсын Их Хурлын болон гишүүний нэр хүндийг гутаан доромжилсон, эмх замбараагүй байдал үүсгэсэн болон бусад хэлбэрээр хуралдааны хэвийн үйл ажиллагааг алдагдуулсан бол хуралдаан даргалагч тухайн зөрчилтэй нь холбогдуулан уг гишүүний хуралдаанд оролцох эрхийг 3 хүртэл удаа хасаж болно."
4/39 дүгээр зүйлийн 39.1 дэх хэсэг:
"39.1.Холбогдох Байнгын хороо хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг нээлттэй болон хаалттай явуулж, холбогдох санал, дүгнэлт гаргана. Шаардлагатай гэж үзвэл Байнгын хороо төслийн тодорхой зүйл, хэсэг, заалтын талаар мэтгэлцээн явуулна. Хуралдаан даргалагч мэтгэлцээний хугацааг 60 минутаас илүүгүй байхаар тогтоох бөгөөд гишүүд саналаа чөлөөтэй илэрхийлэх боломж олгоно. Мэтгэлцээний хугацаа дуусмагц хуралдаан ердийн дэгээр үргэлжилнэ."
5/62 дугаар зүйлийн 62.17 дахь хэсэг:
"62.17.Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийн төслийг хуралдаанд оролцсон гишүүдийн олонхын саналаар батална."
6/82 дугаар зүйлийн 82.2.8 дахь заалт:
"82.2.8.Цэц Монгол Улсын Үндсэн хуулийн Жаран зургадугаар зүйлийн 2 дахь хэсгийн 1, 2-т заасан маргаантай асуудлаар Монгол Улсын Үндсэн хуульд нийцсэн гэсэн дүгнэлт гаргасан бол уг дүгнэлтийг Байнгын хороодын хуралдаанаар хэлэлцүүлэхгүйгээр нэгдсэн хуралдаанд шууд танилцуулах бөгөөд санал хурааж шийдвэр гаргахгүй. Цэцийн дүгнэлттэй холбогдуулан гишүүд тухайн асуудалд томилогдсон итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс асуулт асууж, үг хэлж болно."
3 дугаар зүйл.Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.5 дахь хэсгийн "саад учруулж, хуралдааны хэвийн үйл ажиллагааг алдагдуулахуйц нөхцөл байдал үүсгэсэн бол түүнийг хуралдааны танхимаас гаргана." гэснийг "саад учруулах зэргээр хуралдааны хэвийн үйл ажиллагааг алдагдуулахуйц нөхцөл байдал үүсгэсэн бол түүнийг тухайн асуудлыг хэлэлцэж дуустал хуралдааны танхимаас гаргана." гэж, 18.6 дахь хэсгийн "энэ хуулийн 18.5-д заасан хариуцлагын хугацааг нэмэгдүүлэх үндэслэл болохыг хуралдаан даргалагч гишүүнд сануулна." гэснийг "тухайн өдрийн хуралдаанд оролцох эрхийг хасах хариуцлага оногдуулах үндэслэл болно." гэж, 45 дугаар зүйлийн 45.4 дэх хэсгийн "24 цагийн" гэснийг "ажлын 2 өдрийн" гэж, 62 дугаар зүйлийн 62.15 дахь хэсгийн "найруулгыг" гэснийг "хэлэлцүүлгийг" гэж, 72 дугаар зүйлийн 72.3 дахь хэсгийн "72" гэснийг "68-72" гэж, 88 дугаар зүйлийн 88.5 дахь хэсгийн "танилцуулна." гэснийг "танилцуулах бөгөөд хоригийг шийдвэрлэсэн талаарх Улсын Их Хурлын тогтоол баталсанд тооцно." гэж, 18 дугаар зүйлийн 18.1.3 дахь заалтын дугаарыг "18.1.4" гэж, 62 дугаар зүйлийн 62.16 дахь хэсгийн дугаарыг "62.17" гэж тус тус өөрчилсүгэй.
4 дүгээр зүйл.Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.7 дахь хэсгийг хүчингүй болгосугай.
5 дугаар зүйл.Энэ хуулийг 2020 оны 11 дүгээр сарын 12-ны өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Г.ЗАНДАНШАТАР
Текст томруулах
A
A
A
