A

A

A

Бүлэг: 1979

ХОТ, СУУРИНЫ УС ХАНГАМЖ, АРИУТГАХ ТАТУУРГЫН АШИГЛАЛТ,

ҮЙЛЧИЛГЭЭГ ЗОХИЦУУЛАХ ЗӨВЛӨЛИЙН ТОГТООЛ

2020 оны 10 дугаар сарын 28-ны өдөр Дугаар 90 Улаанбаатар хот

ТУСГАЙ ЗӨВШӨӨРЛИЙН НӨХЦӨЛ,

ШААРДЛАГАД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

Монгол Улсын Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.3, Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.4 дэх заалт, Захиргааны ерөнхий хуулийн 64 дүгээр зүйлийн 64.1 дэх хэсгийг тус тус үндэслэн ТОГТООХ нь:

1.Тус Зохицуулах зөвлөлийн 2016 оны 98 дугаар тогтоолоор батлагдсан "Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалт, засвар, үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрлийн нөхцөл, шаардлага" /цаашид "ТЗНШ" гэх/-д оруулах нэмэлт, өөрчлөлтийг хавсралтаар баталсугай

2.ТЗНШ-д оруулсан нэмэлт, өөрчлөлтийг тусгай зөвшөөрөл эзэмшигчдэд мэдээлэх, сурталчилан таниулах ажлыг зохион байгуулж, үйл ажиллагаандаа мөрдөж ажиллахыг Зохицуулах зөвлөлийн нарийн бичгийн дарга бөгөөд Тусгай зөвшөөрлийн алба /Г.Нарантуяа/, Үнэ тарифын алба /Ж.Гэрэлчулуун/, Эрх зүй, мэдээлэл, захиргааны алба /Б.Доржбат/-нд тус тус үүрэг болгосугай.

3.Энэхүү тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг тус Зохицуулах зөвлөлийн дарга /Ж.Батсуурь/-д даалгасугай.

ДАРГА Ж.БАТСУУРЬ

1.ТЗНШ-ын 2.2-т заасан шаардлагыг дараах байдлаар өөрчилсүгэй. Үүнд:

2.2.1.Салбарын бодлого хөтөлбөрийг хэрэгжүүлэх боломжтой, байгууллагын стратеги, бизнес төлөвлөгөөтэй байх;

2.2.2.Хариуцаж буй инженерийн барилга, байгууламж нь дамжин хэрэглэгч үүсгээгүй байх;

2.2.3.Шаардлагатай тохиолдолд Байгаль орчны үнэлгээ хийлгэсэн, байгаль орчныг хамгаалах төлөвлөгөө, хөтөлбөртэй байх;

2.2.4.Байгууллагын үйл ажиллагааны эрсдэлийг үнэлж, хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн шаардлагыг хангасан, ажиллагсдыг эрүүл аюулгүй орчинд ажиллах нөхцөлийг бүрдүүлсэн байх, онцгой байдлын үед ажиллах төлөвлөгөө, хөтөлбөртэй байх;

2.2.5.Тухайн чиглэлээр үйл ажиллагаа явуулах санхүүгийн чадамжтай байх;

2.2.6.Үйл ажиллагааг хэвийн явуулахад шаардагдах "Орон сууцны барилгын үйлчилгээ" стандартыг хангасан байх;

2.2.7.Ус хангамж, ариутгах татуургыг барьж байгуулах тусгай зөвшөөрөл сунгах болон үйл ажиллагаагаа өргөтгөж, нэмэлт заалт хүссэн хуулийн этгээд Барилгын тухай хуулийн 5.7.1-д заасан хувь, хэмжээгээр норм, нормативын санд шимтгэл төлсөн байхаас гадна барилга угсралтын тусгай зөвшөөрөл болон үйл ажиллагаа эрхлэх чиглэлээр бусад тусгай зөвшөөрлийг авсан байх.

2.ТЗНШ-ын 2.3.-ын "гэрээтэй байх," гэсний ард "түүний хэрэгжилтийг хангаж байгааг нотлох баримт ирүүлэх" гэж нэмэх;

3.ТЗНШ-ын 2.6.1-ийн "а", 2.6.3-ын "а", 2.6.7-ын "а" дахь заалтын "Ус хангамж, ариутгах татуурга,", "Ус хангамж, ариутгах татуургын" гэснийг "Цэвэр, бохир усны чиглэлээр мэргэжил эзэмшсэн, бакалавр инженер" гэж өөрчлөх;

4.ТЗНШ-ын 2.6.1-ийн "а", 2.6.2-ын "а", 2.6.3-ын "а", 2.6.4-ийн "а", 2.6.6-ын "а", 2.6.7-ын "а" дахь заалтын "тусгайлан бэлтгэгдсэн ус хангамж, ариутгах татуургын" гэснийг "тусгайлан бэлтгэгдсэн цэвэр, бохир усны" гэж өөрчлөх;

5.ТЗНШ-ын 2.6.1-ийн "а", 2.6.2-ын "а", 2.6.7-ын "а" дахь заалтын "инженер," гэсний ард "хүрээлэн буй эсвэл байгаль орчны бакалавр, түүнээс дээш зэрэгтэй мэргэжилтэн" гэж нэмэх;

6.ТЗНШ-ын 2.6.4 дэх заалтад "й. ТЗЭ нь өөрийн үйлчлэх хүрээнээс алслагдсан цэгт, мөн өөр дүүрэгт барилга байгууламж хариуцах тохиолдолд тухайн цогцолбор хороолол нь тусгай зөвшөөрлийн нөхцөл шаардлагыг бүрэн хангасан байх;" гэсэн дэд заалт нэмэх;

7.ТЗНШ-ын 2.6.5-ын "а" дахь заалтын "Ус хангамж, ариутгах татуурга", 2.6.6-ын "а" дахь заалтын "Ус хангамж, ариутгах татуургын" гэсний ард "/сантехникийн/," гэж нэмэх;

8.ТЗНШ-ын 2.6.7-ын "а" дахь заалтын "2500 м3/хоногоос дээш хүчин чадалтай цэвэрлэх байгууламжийн хувьд лабораторитой байх;" гэснийг "цэвэрлэх байгууламж нь ус шинжилгээний лабораторитой байх;" гэж өөрчлөх;

9.ТЗНШ-ын 2.6.11 дэх заалтад "д. Эрүүл ахуйн шаардлага хангасан байх;" гэсэн заалт нэмэх;

10.ТЗНШ-ын 3.2-т "ирүүлсэн байна" гэдгийг "ирүүлэхээс гадна зохицуулалтын үйлчилгээний хөлсийг төлсөн байна." гэж өөрчлөх.