- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- БУЛГАНЫ ДУЛААНЫ СТАНЦЫН ТАЛААР АВАХ ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2014 оны 8 дугаар сарын 7-ны өдөр
Дугаар 257
Улаанбаатар хот
БУЛГАНЫ ДУЛААНЫ СТАНЦЫН ТАЛААР АВАХ ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ
Улсын Их Хурлын 2010 оны 72 дугаар тогтоол, Засгийн газрын 2012-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн зорилтыг хэрэгжүүлэх зорилгоор Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1. 2011 оноос "Сэлэнгэ констракшн" ХХК-ийн хөрөнгө оруулалтаар баригдаж эхэлсэн боловч санхүү, хөрөнгийн асуудлаас шалтгаалан дуусгалгүй орхисон Булган аймгийн Булган сумын дулааны станцын ажлыг одоогийн гүйцэтгэгч "Энержи плас" ХХК-ийн саналыг үндэслэн төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд барих-ашиглах-өмчлөх нөхцөлтэйгээр гүйцэтгэх гэрээг шинэчлэн байгуулж, ашиглалтад оруулах ажлыг зохион байгуулахыг Эрчим хүчний сайд М.Сономпилд даалгасугай.
2. Уг станцыг барьж байгуулахад улсын төсвөөс санхүүжүүлэх 3.0 (гурван) тэрбум төгрөгийг Монгол Улсын 2014 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах болон төсвийн захирагчийн төсөвт зохицуулалт хийх замаар шийдвэрлэхийг Сангийн сайд Ч.Улаан, Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр, Эрчим хүчний сайд М.Сономпил нарт тус тус даалгасугай.
3. Булган аймгийн дулаан хангамжийн системийн ашиглалтад мэргэжил, арга зүйн зөвлөгөө өгч, үнэ тарифын нэгдсэн бодлогоор ханган, цаашид үр ашигтай ажиллуулахад дэмжлэг үзүүлж ажиллахыг Эрчим хүчний сайд М.Сономпил, Эрчим хүчний зохицуулах хороо (С.Отгонбаяр), аймгийн Засаг дарга (Д.Эрдэнэбат) нарт даалгасугай.
Монгол Улсын Ерөнхий сайд Н.АЛТАНХУЯГ
Эрчим хүчний сайд М.СОНОМПИЛ
Текст томруулах
A
A
A
