A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2014 оны 8 дугаар сарын 14-ний өдөр

Дугаар 263

Улаанбаатар хот

ТОГТООЛЫН ХАВСРАЛТЫГ ШИНЭЧЛЭН БАТЛАХ ТУХАЙ

Засгийн газрын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Хөгжлийн банкны тухай хуулийн 8, 9 дүгээр зүйл, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.6 дахь хэсэгт заасныг үндэслэн, Улсын Их Хурлын 2010 оны 36, 2011 оны 15, 2013 оны 63 дугаар тогтоолыг тус тус хэрэгжүүлэх зорилгоор Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. Засгийн газрын 2013 оны 118 дугаар тогтоолоор баталсан "Шинэ бүтээн байгуулалт дунд хугацааны зорилтот хөтөлбөрийн хүрээнд Улаанбаатар хот болон орон нутагт баригдах орон сууцны хотхон, хорооллын инженерийн дэд бүтцийн барилга байгууламж, шугам сүлжээний ажлын жагсаалт"-ыг 1 дүгээр, "Шинэ бүтээн байгуулалт дунд хугацааны зорилтот хөтөлбөрийн хүрээнд Улаанбаатар хотод баригдах гэр хорооллын инженерийн дэд бүтцийн барилга байгууламж, шугам сүлжээний ажлын жагсаалт"-ыг 2 дугаар хавсралт ёсоор нэмэлт оруулан шинэчилж, "Шинэ бүтээн байгуулалт дунд хугацааны зорилтот хөтөлбөрийн хүрээнд хэрэгжүүлэх зарим ажлын жагсаалт"-ыг 3 дугаар хавсралт ёсоор тус тус баталсугай.

2. Тогтоолыг хэрэгжүүлэхэд шаардагдах хөрөнгийг Хөгжлийн банкаар дамжуулан Засгийн газрын үнэт цаасыг арилжаалж бүрдүүлсэн хөрөнгөөс санхүүжүүлэхийг Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаярт даалгаж, Хөгжлийн банкны Төлөөлөн удирдах зөвлөл (Б.Шинэбаатар)-д зөвшөөрсүгэй.

3. Шинэ бүтээн байгуулалт дунд хугацааны зорилтот хөтөлбөрийн хүрээнд хэрэгжүүлэх зарим ажилд шаардагдах санхүүжилтийг хөтөлбөр хэрэгжих хугацаанд улсын төсөвт тусгуулж байхыг Сангийн сайд Ч.Улаан, Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр, Эрчим хүчний сайд М.Сономпил, Барилга, хот байгуулалтын сайд Ц.Баярсайхан нарт даалгасугай.

4. Энэ тогтоол гарсантай холбогдуулан "Тогтоолын хавсралтад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай" Засгийн газрын 2013 оны 285, "Тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулах тухай" Засгийн газрын 2013 оны 386 дугаар тогтоолыг тус тус хүчингүй болсонд тооцсугай.

Монгол Улсын Ерөнхий сайд Н.АЛТАНХУЯГ

Барилга, хот байгуулалтын сайд Ц.БАЯРСАЙХАН

Эрчим хүчний сайд М.СОНОМПИЛ