- Нүүр
- Үндсэн хуулийн цэцийн шийдвэр
- МОНГОЛ УЛСЫН ТАТВАРЫН ЕРӨНХИЙ ХУУЛЬ, ХҮН АМЫН ОРЛОГЫН АЛБАН ТАТВАРЫН ХУУЛИЙН ЗАРИМ ЗҮЙЛИЙН ЗААЛТ ҮНДСЭН ХУУЛИЙН ЗААЛТАД ХАРШИЛЖ БАЙГААГ Х

МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛИЙН ЦЭЦИЙН
ДҮГНЭЛТ
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ ХУУЛЬ, ХҮН АМЫН ОРЛОГЫН АЛБАН ТАТВАРЫН ХУУЛИЙН ЗАРИМ ЗҮЙЛИЙН ЗААЛТ ҮНДСЭН ХУУЛИЙН ЗААЛТАД ХАРШИЛЖ БАЙГААГ ХЯНАН ХЭЛЭЛЦЭХ ТУХАЙ
1993 оны 02 дугаар сарын 12-ны өдөр
Дугаар 01
Улаанбаатар хот
![]() |
Монгол Улсын Үндсэн хуулийн Цэцийн хуралдааныг Цэцийн дарга Г.Совд даргалж, гишүүн Г.Нямдоо, Ж.Бямбаа, Б.Дангаасүрэн, Д.Чилхаажав нарын бүрэлдэхүүнтэйгээр, нарийн бичгийн даргаар Цэцийн нарийн бичгийн дарга Б.Цэндээхүүг оролцуулан хийв. |
![]() |
Цэцийн хуралдаанд маргагч талуудыг төлөөлж Монгол Улсын Ерөнхийлөгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ерөнхийлөгчийн тамгын газрын дарга Б.Түмэн, зөвлөх Б.Цэрэндорж, шадар туслах П.Цагаан, Улсын Их Хурлын гишүүн Д.Дэмбэрэл, С.Нямзагд нар оролцов. |
![]() |
Монгол Улсын Татварын ерөнхий хууль, Хүн амын орлогын албан татварын хуулийн зарим зүйлийн заалт Үндсэн хуулийн заалтад харшилж байгааг хянуулахаар Монгол Улсын Ерөнхийлөгчөөс Үндсэн хуулийн Цэцэд хандаж гаргасан хүсэлттэй маргааныг Цэцийн хуралдаанаар хянан хэлэлцэв. Монгол Улсын Ерөнхийлөгч хүсэлтдээ: "Монгол Улсын Үндсэн хуулийн 20 дугаар зүйлд "... хууль тогтоох эрх мэдлийг гагцхүү Улсын Их Хуралд хадгална", мөн 17 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 3 дахь заалтад манай улсын иргэд "хуулиар ногдуулсан албан татвар төлөх" үүрэгтэй гэж заасан билээ. Эдгээр заалт нь нэг талаар Монгол Улсын төрийн тогтолцоо, иргэдийн үүргийг тодорхойлсон заавал биелэгдэх шинжтэй хэм хэмжээ, нөгөө талаар манай иргэд хуулиар ногдуулаагүй элдэв алба гувчуур төлөхгүй байх эрхийн нэг чухал баталгаа юм. Гэтэл Татварын ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 18 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, Хүн амын орлогын албан татварын хуулийн 7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт Үндсэн хууль ёсоор хууль, түүний дотор татварын хуулиудын биелэлтийг зохион байгуулж хангах үүрэг хүлээсэн Засгийн газарт татварын хувь хэмжээг тогтоох буюу Улсын Их Хурлаас тогтоосон албан татвар ногдуулах жилийн орлогын хэмжээг өөрчлөх эрх олгохоор заасан нь Монгол Улсын Үндсэн хуулийн дээрх заалтуудад харшилж байна. Иймд Үндсэн хуулийг чандлан сахиулах баталгаа болсон Монгол Улсын Үндсэн хуулийн Цэц уг асуудлыг авч хэлэлцэж дүгнэлт гаргахыг хүсье" гэжээ. |
![]() |
Цэцийн хуралдаанд оролцсон итгэмжлэгдсэн төлөөлөгчдийг төлөөлж Ерөнхийлөгчийн зөвлөх Б.Цэрэндорж мэдүүлэхдээ: "Монгол Улсын Ерөнхийлөгч Үндсэн хуулиа дээдэлж, иргэдийн эрхийн баталгааг хангах үүднээс Улсын Их Хурлаас баталсан Татварын багц хуулийн зарим заалтад бүрэн эрхийнхээ дагуу хориг тавьсныг хүлээн аваагүй тул дараахь асуудлаар Үндсэн хуулийн Цэцэд хандсан юм. Энэ нь Татварын ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 2, 18 дугаар зүйлийн 2, Хүн амын орлогын албан татварын хуулийн 7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн заалтууд нь Үндсэн хуулийн заалтад харшилж байгаа явдал юм. Энэ талаархи тайлбар, үндэслэлийг Цэцэд бичгээр дэлгэрэнгүй гаргасан учраас дараахь товч тайлбарыг өгье. Юуны өмнө татвар, албан татвар хоёр үндсэндээ нэг ойлголт бөгөөд үүнд ихээхэн маргаан бий. Татварын тогтолцоонд албан татвар, хураамж, төлбөрийг ач холбогдлоор нь нэг түвшинд оруулан тогтоож, татварын хуулийг зөрчигчдөд хүлээлгэх хариуцлагыг ижил тогтоосон нь буруу байна. |
![]() |
Татварын ерөнхий хуулийн 18 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт "Засгийн газар энэ хуулийн 16 дугаар зүйлийн 14-19-д заасан татварын хувь хэмжээг тогтоож болно" гэж Засгийн газарт хууль тогтоох эрх олгож байгаа нь Улсын Их Хурал Үндсэн хуулиар өөрт нь хадгалуулсан хууль батлах, хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах эрхээ Засгийн газарт шилжүүлсэн нь Үндсэн хуулийн "хууль тогтоох эрх мэдлийг гагцхүү Улсын Их Хуралд хадгалуулна", "Монгол Улсын иргэн хуулиар ногдуулсан албан татвар төлөх" гэсэн заалтуудад шууд харшилж байна. |
![]() |
Татварын ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, Хүн амын орлогын албан татварын хуулийн 7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу Засгийн газар татварын хувь хэмжээг тогтоох, Улсын Их Хурлаас баталсан хуулийн заалтыг өөрчлөхөөр заасан нь Улсын Их Хурал Үндсэн хуулийн 25 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан өөрийн онцгой бүрэн эрхэд хадгалж шийдвэрлэх асуудлыг шилжүүлсэн төдийгүй энэ нь хуульд өөрчлөлт оруулж байгаа асуудал учраас Улсын Их Хурлын бүрэн эрхэд шууд хамаарагдах ёстой. Засгийн газар нь хууль тогтоох биш, харин Улсын Их Хурлын баталсан хуулийн биелэлтийг зохион байгуулж хангах үүрэгтэй. Хүн амын орлогын албан татварын хуулийн 7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн тухайд албан татвар ногдох жилийн орлогын хэмжээг Засгийн газар өөрчилснөөр албан татварын хувь хэмжээ өөрчлөгдөх учир энэ нь хуулиар зохицуулагдах ёстой. |
![]() |
Улсын Их Хурал хууль тогтоох, өөрчлөх, хүчингүй болгох онцгой эрх мэдлийн асуудлыг гүйцэтгэх байгууллагад шилжүүлж болохгүй. Түүнчлэн Монгол Улсын хууль тогтоомж гэдэг ойлголтод Засгийн газрын шийдвэр ордоггүй юм. Иймд Үндсэн хуулийн Цэц Ерөнхийлөгчийн хүсэлтийг хүлээн авч зохих шийдвэр гаргаж өгнө гэдэгт найдаж байна. Үүнээс гадна Татварын багц хуульд Үндсэн хуульд харшлах хэд хэдэн заалт байгааг Цэц анхааралдаа авахыг хүсье. Тухайлбал: хууль тогтоох техник зөрчигдсөн буюу Татварын хууль гэж нэрлэсэн мөртлөө "албан татвар, төлбөр хураамж" гэж нэрлээд цаашид "татвар гэнэ" гэж тодотгосон, Татварын ерөнхий хуулийн 13 дугаар зүйлд ерөнхий хариуцлага заасан нь тохирохгүй байгаа, мөн хуулийн 17 дугаар зүйлд байгальтай харьцсаны хураамж төлөх гэсэн нь ойлгомжгүй, түүнчлэн 28 дугаар зүйлд татварын байцаагч бие хамгаалах тусгай хэрэгсэл хэрэглэх, түүнийг хэрэглэх журмыг Улсын Ерөнхий прокурорын зөвшөөрснөөр Цагдаагийн ерөнхий газар, Татварын ерөнхий газар тогтооно гэснийг хянаж үзнэ үү" гэв. |
![]() |
Улсын Их Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгчдийг төлөөлж Улсын Их Хурлын гишүүн Д.Дэмбэрэл Цэцийн хуралдаанд мэдүүлэхдээ: "Татварын тоо цөөн байхад түүний хувь хэмжээг парламентаас тогтоож болдог. Харин зах зээлийн нөхцөлд татварын тоо олширч түүний заримынх нь хувь хэмжээг Засгийн газар тогтоох нь дэлхийн эдийн засгийн түгээмэл хандлага болж байна. Зарим хураамж, төлбөрийн хувь хэмжээг тогтоох эрхийг Засгийн газарт өгсөн нь олон улсын хандлага, жишгийг харгалзсан, гүйцэтгэх засаглал өргөн эрх мэдэлтэй ажилладаг бөгөөд үйл ажиллагаа нь илүү шуурхай байдагт оршино. Монгол Улсын Үндсэн хуульд хуулиар ногдуулсан албан татварыг иргэд төлөх үүрэгтэй гэж заасан учраас Татварын багц хуульд албан татварын хувь, хэмжээг тогтоох, өөрчлөх, хүчингүй болгох эрх мэдэл зөвхөн Улсын Их Хуралд хадгалагдаж байгаа учраас Татварын ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 2, 18 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн заалтууд Үндсэн хуулийн заалттай харшлахгүй гэж үзэж байна. Ийм ч учраас зарим төрлийн хураамж төлбөрийн хувь хэмжээг Засгийн газар, аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал тогтоож байхаар зааж тодорхойлсон. Нөгөө талаар Улсын Их Хурлын онцгой эрх мэдлийн асуудалд зөвхөн албан татвар хамаарах учир Үндсэн хуулийн 25 дугаар зүйлийн заалт зөрчигдөөгүй гэж үзнэ. |
![]() |
Албан татвар, хураамж, төлбөр нь эдийн засгийн агуулгын хувьд өөр өөрийн онцлогтой боловч эрх зүйн хэм хэмжээний хувьд нийтлэг зарчимтай, нэг хуулиар зохицуулагдах боломжтой юм. Энэхүү онцлог шинжүүдийг тус тус хуульд нарийвчлан тусгах бөгөөд хууль тогтоомжийн дагуу хувь хэмжээг нь Засгийн газар, аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас тогтооно гэж заасан байгаа. |
![]() |
Татварын тогтолцоог Улсын Их Хурлаар хэлэлцэхэд концепцийн зөрүү байсан боловч татвар гэдэг ерөнхий ойлголтонд албан татвар, хураамж, төлбөр багтана гэдгийг Улсын Их Хурал эрхийнхээ дагуу шийдвэрлэсэн. Хүн амын орлогын албан татварын хуулийн 7 дугаар зүйлийн 2 дахь заалтын тухайд бол Засгийн газар албан татварын хувь хэмжээг биш зөвхөн албан татвар ногдуулах жилийн орлогын хэмжээг үнийн өсөлтийн түвшинг харгалзан өөрчилж байх заалт юм. Энэ нь татвар төлөгчийн эрх ашгийг хамгаалсан заалт бөгөөд Улсын Их Хурлаас тогтоосон албан татвар ногдуулах жилийн орлогын хэмжээ өөрчлөгдөхгүй юм. Ийм учраас энэ нь Засгийн газар үнийн өсөлтийн түвшинг харгалзан албан татвар ногдох жилийн орлогын хэмжээг өөрчилж байгаа гэсэн ойлголт биш харин инфляцийн түвшинг тогтоож үүгээр татвар төлөгчийг болзошгүй татварын дарамтаас хамгаалж байгаа гэж ойлгох нь зүйтэй юм. |
![]() |
Дээрх тайлбараа үндэс болгож Татварын багц хуулиудын зарим заалт Монгол Улсын Үндсэн хуульд харшилсан гэдэг Ерөнхийлөгчийн хүсэлтийг няцааж байна" гэв. |
![]() |
Маргагч талууд өөр өөрсдийн тайлбарыг үндэслэлийн хамт танилцуулж тэднээс Цэцийн гишүүд асууж танилцах, тэд бие биедээ асуулт тавьж, хариулт авах замаар мэтгэлцэх зарчмын дагуу маргаж байгаа асуудлын хүрээнд хэлэлцүүлэг хийв. Улсын Их Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгчдийн саналаар зарим маргаантай асуудлыг тодруулахаар Цэцийн хуралдаанд оролцсон Улсын Их Хурлын төсөв, санхүү, мөнгө, зээлийн бодлогын байнгын хорооны дарга А.Базархүү, Улсын татварын ерөнхий газрын дарга Л.Пүрэвдорж, татварын хуулийг боловсруулахад оролцсон зарим хүмүүсийн тайлбарыг нотлох баримт хэмжээнд сонсож танилцав. |
![]() |
Энэхүү маргааныг шалгах явцад Монголын хувиараа аж ахуй эрхлэгчдийн холбооны дээд зөвлөлөөс ирүүлсэн мэдэгдэл, Эрдэнэт хотын Шинэ дэвшилт холбооны өргөн барих бичгийг оролцогчдод сонордуулж, хавтаст материалд авагдсан бусад нотлох баримтыг судлан үзэх замаар Цэцийн хуралдаан явагдав. |
![]() |
ХЯНАВАЛ: |
![]() |
Монгол Улсын Татварын ерөнхий хуулийн 3 дугаар зүйлд татварын тогтолцоо албан татвар, хураамж, төлбөрөөс бүрдэнэ гэж заагаад тэдгээрийн тодорхойлолтыг өгчээ. Мөн хуулийн 4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт: "Татварыг Улсын Их Хурал хуулиар бий болгож, өөрчилж, хүчингүй болгоно" гэж заасанд албан татвар, хураамж, төлбөр бүгд хамаарагдах ёстой болж байна. Татвар гэдэгт түүний элементүүд, тухайлбал татварын хувь хэмжээ хамрагдаж байж цогц ойлголт болно гэдгийг маргагч талууд санал нэгтэй нотолсон. Гэтэл 4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт "Татварын хувь хэмжээг Улсын Их Хурал, түүний эрх олгосноор Засгийн газар болон аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал хууль тогтоомжийн дагуу тус тус тогтооно" гэж заасан нь 1 дэх хэсгийнхээ заалттай шууд зөрчилдөж байна. Нөгөө талаар татварын төрөл тус бүрээр хууль гаргаж, түүний хувь хэмжээг тогтоож өгөөгүй, тогтоож болох хэмжээ, хязгаарыг заагаагүй байж "хууль тогтоомжийн дагуу" гэдэг нь ач холбогдолгүй заалт болжээ. Татварын ерөнхий хуулийн 17 дугаар зүйлд нэрлэж заасан төлбөр, хураамжийн хувь хэмжээг аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн хурал тогтоож болох боловч мөн л Улсын Их Хурлаас хуульчлан тогтоосон хүрээ, хязгаарын дотор хувь хэмжээ тогтоох нь мэдээж. |
![]() |
Ийнхүү Улсын Их Хурал нь хууль тогтоох, хууль батлах онцгой эрх мэдлээ Засгийн газарт шилжүүлсэн нь Монгол Улсын Үндсэн хуулийн 20 дугаар зүйл, 25 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1 дэх заалтыг зөрчжээ. Мөн хуулийн 18 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн заалт нь 4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн заалтад үндэслэсэн, түүнчлэн хувь хэмжээг нь Улсын Их Хурлаас тогтоосон хэмжээ хязгаарын хүрээнд тогтоох ёстой учраас Үндсэн хуулийн дээрх заалтуудыг нэгэн адил зөрчсөн гэж үзэх бүрэн үндэстэй юм. |
![]() |
Хүн амын орлогын албан татварын хуулийн 7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт: "Засгийн газар үнийн өсөлтийн түвшинг харгалзан албан татвар ногдуулах жилийн орлогын хэмжээг өөрчилнө" гэж заасан нь үнийн өсөлт /инфляц/-ийн үед татвар төлөгчийг татварын дарамтаас хамгаалах чухал заалт мөн. Энэ нь үнийн өсөлтийн түвшинг Засгийн газар тогтооно гэсэнтэй санаа ижил гэж ойлгогдохоосоо мөн зүйлийн 1 дэх хэсэгт хуульчлан баталсан албан татвар ногдуулах жилийн орлогын хэмжээг өөрчлөх тухай шууд утгыг илэрхийлж байна. Энэ нь нэг талаар Монгол Улсын иргэн хуулиар ногдуулсан албан татвар төлөх, хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлыг Улсын Их Хурал өөрийн онц бүрэн эрхэд хадгалж шийдвэрлэх тухай Үндсэн хуулийн заалтад харшилж байна. |
![]() |
Монгол Улсын Ерөнхийлөгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Цэрэндорж иргэний хувьд Үндсэн хуулийн Цэцэд хандаж хянаж үзэхийг хүссэн дараахь асуудал, тухайлбал Татварын хуулийг боловсруулахдаа хууль тогтоох техник зөрчигдсөн, Татварын ерөнхий хуулийн 13 дугаар зүйлд албан татвар, хураамж, төлбөрт адилхан хариуцлага тогтоосон, мөн хуулийн 17 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт байгальтай харьцахад олгох эрхийн зөвшөөрлийн хураамж авах зэрэг нь Үндсэн хуульд харшилж байна гэж үзэх үндэслэлгүй байна. Харин Татварын ерөнхий хуулийн 28 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан: "татварын байцаагч бие хамгаалах тусгай хэрэгслэлийг хэрэглэх журмыг Улсын Ерөнхий прокурорын зөвшөөрснөөр Улсын татварын ерөнхий газар, Цагдаагийн ерөнхий газар тогтооно" гэж заасан нь хуульд заасан үндэслэл журмаас гадуур хэнийг ч эрх чөлөөг нь хязгаарлахыг хориглох тухай Үндсэн хуулийн заалтийг зөрчиж байна. Бие хамгаалах тусгай хэрэгсэл хэрэглэх журмыг гагцхүү хуулиар тогтоох зайлшгүй шаардлагатай учраас Улсын Их Хурлын бүрэн эрхийн асуудал мөн. |
![]() |
Монгол Улсын Үндсэн хуулийн 66 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, Үндсэн хуулийн Цэцийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг удирдлага болгон Үндсэн хуулийн Цэцийн хуралдаанаас дараахь ДҮГНЭЛТИЙГ ГАРГАВ. |
![]() |
1.Монгол Улсын Татварын ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 18 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн заалт нь ".. . хууль тогтоох эрх мэдлийг гагцхүү Улсын Их Хуралд хадгална", "Улсын Их Хурал ... хууль батлах, нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлыг өөрийн онцгой бүрэн эрхэд хадгалж шийдвэрлэнэ" гэж заасан Үндсэн хуулийн 20 дугаар зүйл, 25 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1 дэх заалтыг тус тус зөрчсөн байна. |
![]() |
2.Хүн амын орлогын албан татварын хуулийн 7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн заалт нь "Монгол Улсын иргэн хуулиар ногдуулсан албан татвар төлөх", "Улсын Их Хурал, ... хуульд өөрчлөлт оруулах ... асуудлыг өөрийн онцгой бүрэн эрхэд хадгалж шийдвэрлэнэ" гэсэн Үндсэн хуулийн 17 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 3, 25 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1 дэх заалтыг тус тус зөрчсөн байна. |
![]() |
3.Татварын ерөнхий хуулийн 28 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан "Татварын байцаагчийн бие хамгаалах тусгай хэрэгслийг хэрэглэх журмыг Улсын Ерөнхий прокурорын зөвшөөрснөөр Татварын ерөнхий газар, Цагдаагийн ерөнхий газар тогтооно" гэсэн нь Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 13 дахь хэсгийн заалтыг зөрчсөн байна гэж үзэв. |
![]() |
4.Татварын хуулийг боловсруулахдаа хууль тогтоох техник зөрчсөн, мөн хуулийн 13 дугаар зүйлд албан татвар, хураамж, төлбөрт адилхан хариуцлага тогтоосон, 17 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт байгальтай харьцахад олгох эрхийн зөвшөөрлийн хураамж авах гэсэн нь ойлгомжгүй учраас Үндсэн хуульд харшилж байна гэж Б.Цэрэндоржоос иргэний хувьд гаргасан асуудлыг Улсын Их Хурал хууль тогтоох бүрэн эрхийнхээ дагуу шийдвэрлэсэн учраас Үндсэн хууль зөрчөөгүй гэж үзэж хэрэгсэхгүй болгов. |
![]() |
ДАРГА Г.СОВД |
![]() |
ГИШҮҮД Г.НЯМДОО |
![]() |
Ж.БЯМБАА |
![]() |
Б.ДАНГААСҮРЭН |
![]() |
Д.ЧИЛХААЖАВ |
Текст томруулах
A
A
A
