A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2014 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр

Дугаар 304

Улаанбаатар хот

ХЭЛЭЛЦЭЭРИЙГ ЦУЦЛАХ ТУХАЙ

Олон улсын гэрээний тухай хуулийн 21 дүгээр зүйл, "Нийгэм хангамжийн салбарт хамтран ажиллах тухай Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Казахстан Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр"-ийн 12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. 1993 оны 10 дугаар сарын 22-ны өдөр байгуулсан "Нийгэм хангамжийн салбарт хамтран ажиллах тухай Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Казахстан Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр"-ийг цуцалсугай.

2. Энэ хэлэлцээрийн дагуу тогтоон олгож байсан тэтгэврийг хэвээр нь үргэлжлүүлэн олгох арга хэмжээ авахыг Нийгмийн даатгалын ерөнхий газар (Ц.Уртнасан)-т үүрэг болгосугай.

3. Тогтоол гарсантай холбогдуулан "Хэлэлцээр батлах тухай" Засгийн газрын 1994 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн 157 дугаар тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.

4. Энэ тогтоолыг 2014 оны 10 дугаар сарын 9-ний өдрөөс эхлэн мөрдсүгэй.

Монгол Улсын Ерөнхий сайд Н.АЛТАНХУЯГ

Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд С.ЭРДЭНЭ