A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ

 2014 оны  11  сарын  14  өдөр        

  Дугаар  70 

Төрийн ордон, Улаанбаатар хот

Монгол Улсын 2015 оны төсвийн тухай хууль баталсантай холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай

Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.6 дахь хэсэг, 25 дугаар зүйлийн 25.17 дахь хэсгийг үндэслэн ТОГТООХ НЬ:

1.Монгол Улсын 2015 оны төсвийн тухай хууль баталсантай холбогдуулан дараах арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг Монгол Улсын Засгийн газарт даалгасугай:

1/төрийн байгууллагын чиг үүргийн давхардал, хүнд суртлыг арилгах, иргэдэд үзүүлэх үйлчилгээг түргэн шуурхай, чанартай зохион байгуулах зарчмыг баримтлан төрийн байгууллагын бүтэц, орон тоог боловсронгуй болгох, зарим агентлаг, ажлын алба, нэгж, улсын үйлдвэрийн газар, төвийг татан буулгах, нэгтгэх саналыг холбогдох тооцоо судалгаанд үндэслэн боловсруулж, Монгол Улсын 2015 оны төсвийн тодотголын хамт 2015 оны нэгдүгээр улиралд багтаан Монгол Улсын Их Хуралд өргөн мэдүүлэх;

2/Засгийн газрын тусгай сангуудыг цөөрүүлэх, сангийн хөрөнгийн удирдлага, хуваарилалт, зарцуулалт нь ил тод, үр ашигтай, санхүүгийн хувьд тогтвортой, бие даан үйл ажиллагаа явуулах боломжтой, олон улсын жишигт нийцсэн байх чиглэлээр Засгийн газрын тусгай сангийн тухай хууль тогтоомжийг боловсронгуй болгох;

3/Нийслэлийн Засаг дарга хоёр, аймаг, сум, дүүргийн Засаг дарга, Улсын Их Хурлаас удирдлага нь томилогддог байгууллага, Засгийн газрын агентлаг тус бүр нэг орлогч дарга, эсхүл дэд даргатай, орон тооны зөвлөхгүй байх, бусад бүх шатны төсвийн байгууллага орлогч дарга, эсхүл дэд дарга болон орон тооны зөвлөхгүй байхаар тооцож холбогдох хууль тогтоомжид өөрчлөлт оруулах саналыг тооцоо судалгаанд үндэслэн боловсруулж хэрэгжүүлэх, шаардлагатай бол Монгол Улсын Их Хуралд өргөн мэдүүлэх;

4/Ерөнхийлөгчийн болон Улсын Их Хурлын Тамгын газар, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын удирдлага, зөвлөх, Монгол Улсын Ерөнхий сайд, Шадар сайдын ажлын алба, зөвлөх, яам, агентлаг, тэдгээрийн харьяа төсөвт байгууллагын удирдлага шатахууны зарцуулалт ихтэй жип машиныг өдөр тутмын үйл ажиллагаандаа хэрэглэхгүй байх, хөдөө орон нутагт томилолтоор ажиллах тохиолдолд "Засгийн газрын авто бааз" Улсын төсөвт үйлдвэрийн газраас дуудлагын унаа захиалан хэрэглэдэг журамд шилжих;

5/төсөвт байгууллага болон төрийн өмчийн оролцоотой бүх шатны байгууллагын бичиг хэрэг, шуудан холбоо, интернетийн төлбөр, ном хэвлэл, бага үнэтэй, түргэн элэгдэх ахуйн эд зүйлс, нормын хувцас, зөөлөн эдлэл, багаж, хэрэгсэл худалдан авах зардал, хөдөлмөр хамгааллын хэрэгслийн зардал, урсгал засварын зардал, зочин төлөөлөгч хүлээн авах зардлыг 20 хувиар, эрүүл мэнд, цагдаа, батлан хамгаалах, хил хамгаалах, онцгой байдлын салбараас бусад салбарын тээвэр, шатахууны зардлыг 30 хувиар тус тус бууруулан санхүүжүүлэх;

6/Орон нутгийн хөгжлийн нэгдсэн сангаас аймаг, нийслэлд олгох шилжүүлгийн тооцооллын аргачлалыг боловсронгуй болгож мөрдүүлэх;

7/"Монгол Улсын Засгийн газарт чиглэл өгөх тухай" Монгол Улсын Их Хурлын 2014 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 30 дугаар тогтоолын хэрэгжилтийг хангах арга хэмжээ авч, хэрэгжилтийн тайланг Монгол Улсын Их Хуралд 2014 оны 12 дугаар сард багтаан ирүүлэх;

8/Улсын төсвийн хөрөнгөөр санхүүжүүлэхээр өмнөх онуудын төсвийн тухай хуулиудад тусгагдсан төсөл, арга хэмжээнүүдийг энэ онд багтаан санхүүжүүлэх арга хэмжээ авах.

2.Монгол Улсын нэгдсэн төсвийн 2016 оны төсвийн хүрээний мэдэгдлийг боловсруулахдаа тэтгэмжийн зардал, зам, тээврийн салбараас бусад салбарын урсгал зардлыг 2015 оны түвшингээс нэмэгдүүлэхгүй байх зарчим баримтлахыг бүх шатны төсвийн ерөнхийлөн захирагч нарт үүрэг болгосугай.

3.Энэ тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Монгол Улсын Их Хурлын Төсвийн байнгын хороо /Ц.Даваасүрэн/-нд, хэрэгжилтийн явцыг Монгол Улсын Их Хурлын 2014 оны намрын ээлжит чуулганы завсарлагааны хугацаанд Төсвийн байнгын хорооны хуралдаанд танилцуулахыг Монгол Улсын Засгийн газарт тус тус даалгасугай.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА З.ЭНХБОЛД