A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2014 оны 12 дугаар сарын 10-ны өдөр

Дугаар 381

Улаанбаатар хот

ХҮҮХДИЙН ТӨВ ЭМНЭЛЭГ БАЙГУУЛАХ ТУХАЙ

Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 5, Эрүүл мэндийн тухай хуулийн 15.2, 16.16-г тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. Хүүхдэд эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлэх үүрэг бүхий 150 ортой Хүүхдийн төв эмнэлгийг Эрүүл мэнд, спортын яамны харьяанд байгуулсугай.

2. Хүүхдийн төв эмнэлгийг Зам, тээврийн яам байрлаж байгаа Засгийн газрын ХIII байранд байршуулан үйл ажиллагааг нь 2015 оны 2 дугаар сарын 1-ний өдрийн дотор эхлүүлэх бэлтгэлийг хангахыг Эрүүл мэнд, спортын сайд Г.Шийлэгдамбад, хүүхдийн төв эмнэлгийг байгуулан ажиллуулахад шаардагдах хөрөнгийг холбогдох эх үүсвэрээс санхүүжүүлэхийг Сангийн сайд Ж.Эрдэнэбатад тус тус даалгасугай.

3. Хүүхдийн төв эмнэлгийн үйл ажиллагааг жигдрүүлэн, зохион байгуулалт, мэргэжил, арга зүйн удирдлагаар хангаж ажиллахыг Эрүүл мэнд, спортын сайд Г.Шийлэгдамбад үүрэг болгосугай.

4. Энэ тогтоол гарсантай холбогдуулан Төр, засгийн үйлчилгээг эрхлэх газрын харьяа Засгийн газрын байруудын нэгдсэн захиргааны эзэмшилд байгаа Засгийн газрын X байрыг Зам, тээврийн яамны, Засгийн газрын ХIII байрыг Эрүүл мэнд, спортын яамны эзэмшилд тус тус балансаас балансад шилжүүлсүгэй.

5. Засгийн газрын X болон ХIII байрыг балансаас балансад шилжүүлэх ажлыг холбогдох хууль тогтоомжийн дагуу зохион байгуулахыг Зам, тээврийн сайд Н.Төмөрхүү, Эрүүл мэнд, спортын сайд Г.Шийлэгдамба, Төрийн өмчийн хороо (Д.Цогтбаатар)-нд тус тус даалгасугай.

Монгол Улсын Ерөнхий сайд Ч.САЙХАНБИЛЭГ

Эрүүл мэнд, спортын сайд Г.ШИЙЛЭГДАМБА