A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2014 оны 12 дугаар сарын 22-ны өдөр

Дугаар 400

Улаанбаатар хот

МОНГОЛ УЛСЫН ГУРВАН САЯ ДАХЬ ИРГЭНИЙГ ТОДОРХОЙЛОХ, АЛДАРШУУЛАХ ТУХАЙ

Статистикийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 25 дахь заалт, Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 8.3.4, Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2014 оны 7 дугаар захирамжаар байгуулсан Монгол Улсын гурван сая дахь иргэн, түүний чацуутныг тодорхойлох, тэднийг угтах, алдаршуулах ажлыг зохион байгуулах үүрэг бүхий комиссын 2014 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн хуралдааны шийдвэрийг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. Монгол Улсын гурван сая дахь иргэн, түүний чацуутныг тодорхойлох, бүртгэн баримтжуулж нийтэд мэдээлэхийг Үндэсний статистикийн хорооны дарга С.Мэндсайханд зөвлөсүгэй.

2. Монгол Улсын гурван сая дахь иргэнийг 70,0 (далан) сая хүртэл төгрөгийн үнэ бүхий орон сууц буюу түүнтэй тэнцэх хэмжээний мөнгөн шагналаар шагнаж, түүний чацуутнуудад 3,0 (гурван) сая төгрөгийн 1 удаагийн тэтгэмж олгон, нийтэд алдаршуулах арга хэмжээ авсугай.

3. Энэ тогтоолын 2 дугаар зүйлд заасан арга хэмжээг авч хэрэгжүүлэхэд шаардагдах 958,0 (есөн зуун тавин найман) сая төгрөгийн зардлыг хавсралт ёсоор баталж, Засгийн газрын нөөц хөрөнгөөс гаргахыг Сангийн сайд Ж.Эрдэнэбатад зөвшөөрсүгэй.

4. Монгол Улсын гурван сая дахь иргэн тодорсноос бусад аймаг, нийслэлийн дүүрэгт Монгол Улсын гурван сая дахь иргэний мэндэлсэн өдрийн цаг хугацаатай хамгийн ойр мэндэлсэн 1 чацуутанд энэ тогтоолын 2 дугаар зүйлд заасан орон сууц буюу түүнтэй тэнцэх хэмжээний мөнгөн шагналаар шагнаж, нийтэд алдаршуулах ажлыг орон нутагтаа зохион байгуулахыг аймаг, нийслэлийн дүүргийн Засаг дарга нарт зөвшөөрсүгэй.

Монгол Улсын Ерөнхий сайд Ч.САЙХАНБИЛЭГ

Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд С.ЭРДЭНЭ