- Нүүр
- Улсын Их Хурлын тогтоол
- Монгол Улсын Засгийн газарт чиглэл өгөх тухай

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ
2015 оны 02 сарын 17 өдөр
Дугаар 36
Улаанбаатар хот
Монгол Улсын Засгийн газарт чиглэл өгөх тухай
Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1 дэх хэсгийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:
1.Төсвийн төлөвлөлтийг боловсронгуй болгох, орлого бүрдүүлэлт, төсвийн хариуцлага, ил тод байдлыг сайжруулах, экспортын орлогыг нэмэгдүүлэх хүрээнд дараах арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг Монгол Улсын Засгийн газар /Ч.Сайханбилэг/-т даалгасугай:
1/жил бүрийн Монгол Улсын төсвийн тухай хуулийн төслийг боловсруулахдаа эдийн засгийн тогтвортой өсөлт болон валютын ханшны тогтвортой байдлыг богино, дунд, урт хугацаанд бий болгох үндсэн зорилтын хүрээнд гадаад, дотоодын шууд хөрөнгө оруулалт, экспортын орлогыг нэмэгдүүлэх, хувийн хэвшлийг дэмжих арга хэмжээг тусгах;
2/Ашигт малтмалын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.6 дахь хэсэгт заасны дагуу стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордын ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшиж байгаа хуулийн этгээд нь хувьцааныхаа 10-аас доошгүй хувийг Монголын хөрөнгийн биржээр худалдах, худалдан авах замаар хөрөнгийн зах зээлд оролцох, санхүүжилт босгох зорилтыг хэрэгжүүлэх, олон улсын хөрөнгийн зах зээлд Монгол Улсын нэр хүндийг өсгөх боломжийг судалж хэрэгжүүлэх;
3/гол нэр төрлийн эрдэс баялгийн үйлдвэрлэлийн биет хэмжээг тухайн жилийн хүлээгдэж байгаа гүйцэтгэл болон уул уурхайн салбарын аж ахуйн нэгжүүдийн санал, тухайн салбарын урт, дунд хугацааны үйлдвэрлэлийн төлөвлөгөөний төсөөлөлд үндэслэн тооцоолдог аргачлалыг боловсруулж мөрдүүлэх, орлогын бүрдүүлэлтийг сайжруулах чиглэлээр нөөц бололцоогоо бүрэн дайчлах;
4/улсын төсвийн хөрөнгө оруулалтаар орон нутагт барьсан болон барьж байгаа худалдааны төвүүдийн барилгын ажлыг дуусгаж, хувийн хэвшилд худалдаж, орлогыг нь улсын төсөвт төвлөрүүлэх;
5/Нийгмийн даатгалын сангийн чөлөөт үлдэгдлийн менежментийг боловсронгуй болгож, уг сангийн үйл ажиллагааны ил тод байдлыг сайжруулах;
6/аймгийн төвийн сумдыг татан буулгаж, аймгийн төвийг хот болгох асуудлыг 2017 оноос эхлэн хэрэгжиж эхлэхээр хууль тогтоомжийн төсөл боловсруулж, Улсын Их Хуралд өргөн мэдүүлэх;
7/эдийн засгийн ил тод байдлыг хангах хүрээнд худалдаа, үйлчилгээний байгууллагын борлуулалтын орлогыг кассын машины баримтад үндэслэн тооцож татвар, хураамжийг ногдуулдаг тогтолцоог судалгаанд үндэслэн боловсронгуй болгох арга хэмжээг авах;
8/боловсрол, эрүүл мэндийн салбарын засаглалыг сайжруулж улс төрөөс хараат бус, бие даасан байдлыг бүрдүүлэх, эдгээр салбарын ажилчдын цалин, урамшууллыг мэргэжлийн зэрэг, ур чадварыг харгалзан тооцох тогтолцоог бүрдүүлэх, өрсөлдөөнийг дэмжих болон хариуцлагыг сайжруулах чиглэлээр судалгаа хийж, холбогдох хууль тогтоомжийн төслийг боловсруулж, Улсын Их Хуралд өргөн мэдүүлэх;
9/эдийн засаг дахь төрийн оролцоог зохистой түвшинд хязгаарлах, төсвийн хөрөнгө оруулалтын үр өгөөжийг сайжруулах зорилгоор төсвийн хөрөнгө оруулалтаар шийдвэрлэх төсөл, арга хэмжээ, төр, хувийн хэвшлийн түншлэлээр шийдвэрлэх төсөл, арга хэмжээг ангилж санхүүжүүлэх талаар судалж, саналаа танилцуулах;
10/цахилгаан эрчим хүч, ган, нүүрснээс синтетик байгалийн хий үйлдвэрлэж, экспортлох асуудлаар нэгдсэн бодлого боловсруулж 2015 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн дотор Улсын Их Хуралд танилцуулах;
11/энэ тогтоолын 1 дэх заалтын 10 дахь дэд заалтад заасан нэгдсэн бодлогын агуулгад нийцсэн төсөл, арга хэмжээг хэрэгжүүлэх ажлыг шуурхай зохион байгуулах.
2.Энэ тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Монгол Улсын Их Хурлын Төсвийн байнгын хороо /Б.Болор/-нд, энэ тогтоолын хэрэгжилтийн талаар жил бүр Төсвийн байнгын хороонд танилцуулж байхыг Монгол Улсын Засгийн газар /Ч.Сайханбилэг/-т даалгасугай.
3.Энэ тогтоолыг 2015 оны 02 дугаар сарын 17-ны өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА З.ЭНХБОЛД
Текст томруулах
A
A
A
