- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ХУВЬЦАА ЭЗЭМШИГЧДИЙН БҮРТГЭЛИЙН ТАЛААР АВАХ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ
МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2015 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр
Дугаар 151
Улаанбаатар хот
ХУВЬЦАА ЭЗЭМШИГЧДИЙН БҮРТГЭЛИЙН ТАЛААР АВАХ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ
Улсын Их Хурлын 2010 оны 39 дүгээр тогтоол, Улсын Их Хурлын 2011 оны 57 дугаар тогтоолыг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1. "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн хувьцааг Засгийн газрын 2012 оны 116 дугаар тогтоол, Засгийн газрын 2012 оны 201 дүгээр тогтоолд тус тус заасны дагуу Засгийн газарт нэрлэсэн үнээр худалдах хүсэлт гаргасан боловч хувьцааны төлбөр авч чадаагүй буюу хишиг хувь хүртээгүй иргэдэд хувьцааг нь буцаан эзэмшүүлэн бүртгэхийг "Үнэт цаасны төлбөр тооцоо, төвлөрсөн хадгаламжийн төв" ХХК (Ж.Алдаржавхлан)-д даалгасугай.
2. "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн хувьцааны тоо, хувьцаа эзэмшигчдийн бүртгэлийг цэгцэлж баталгаажуулах ажлыг "Үнэт цаасны төлбөр тооцоо, төвлөрсөн хадгаламжийн төв" ХХК-тай гэрээ байгуулсны үндсэн дээр холбогдох хууль тогтоомжид нийцүүлэн зохион байгуулах арга хэмжээ авахыг "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн удирдлагад даалгасугай.
3. Энэ тогтоолын биелэлтэд хяналт тавьж, үр дүнг 2015 оны II улиралд багтаан Засгийн газарт танилцуулахыг Сангийн сайд Ж.Эрдэнэбат, "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн удирдлага, "Үнэт цаасны төлбөр тооцоо, төвлөрсөн хадгаламжийн төв" ХХК (Ж.Алдаржавхлан)-д тус тус даалгасугай.
Монгол Улсын Ерөнхий сайд Ч.САЙХАНБИЛЭГ
Монгол Улсын сайд М.ЭНХСАЙХАН
Текст томруулах
A
A
A