A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2015 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр

Дугаар 147

Улаанбаатар хот

"ҮНЭТ ЦААСНЫ ТӨЛБӨР ТООЦОО, ТӨВЛӨРСӨН ХАДГАЛАМЖИЙН ТӨВ" ХХК-ИЙГ ӨӨРЧЛӨН ЗОХИОН БАЙГУУЛАХ ТУХАЙ

Засгийн газрын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Компанийн тухай хуулийн 2.6, 21.1, Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн 42, 45 дугаар зүйлд заасныг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. "Үнэт цаасны төлбөр тооцоо, төвлөрсөн хадгаламжийн төв" ХХК-ийг үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн үйл ажиллагаа эрхлэх болон үнэт цаасны төлбөр тооцооны үйл ажиллагаа эрхлэх чиг үүрэг бүхий бие даасан, тус тусдаа хоёр хуулийн этгээд болгон өөрчлөн зохион байгуулахыг Сангийн сайд Ж.Эрдэнэбатад даалгасугай.

2. Энэ тогтоол гарсантай холбогдуулан "Хөрөнгийн биржийн бүтэц, зохион байгуулалтыг өөрчлөх тухай" Засгийн газрын 2003 оны 3 дугаар сарын 26-ны өдрийн 72 дугаар тогтоол, "Үнэт цаасны төлбөр тооцоо, төвлөрсөн хадгаламжийн төв" ХХК-ийн талаар авах зарим арга хэмжээний тухай" Засгийн газрын 2014 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн 292 дугаар тогтоолыг тус тус хүчингүй болсонд тооцсугай.

Монгол Улсын Ерөнхий сайд Ч.САЙХАНБИЛЭГ

Сангийн сайд Ж.ЭРДЭНЭБАТ

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2025 оны 08 сарын 27 өдөр

Дугаар 61

Улаанбаатар хот

ТӨРИЙН ӨМЧИТ ХУУЛИЙН ЭТГЭЭДИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА, ЗАСАГЛАЛЫГ САЙЖРУУЛАХ, ШИНЭЧЛЭХ ТАЛААР АВАХ ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ

Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 7 дахь хэсэг, 30 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Иргэний хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3, 31.6 дахь хэсэг, 32 дугаар зүйлийн 32.1.4 дэх заалт, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 5 дахь заалт, 21 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 3 дахь заалт, Компанийн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1, 18.4 дэх хэсэг, 62 дугаар зүйлийн 62.1.2, 62.1.5 дахь заалтыг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1."Монгол-Кувейтын байгаль хамгаалах төв" төрийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрыг "Уур амьсгалын өөрчлөлтийн судалгаа, хамтын ажиллагааны төв" төрийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газарт нэгтгэж, "Хэлэлцээр батлах тухай" (Кувейт Улстай) Засгийн газрын 2008 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 87 дугаар тогтоолоор баталсан "Хүрээлэн буй орчныг хамгаалах салбарт хамтран ажиллах тухай Монгол Улсын Засгийн газар, Кувейт Улсын Засгийн газар хоорондын санамж бичиг"-ийн дагуу тус төвийн зохион байгуулалтын бүтцэд ажиллуулсугай.

2."Монголын үнэт цаасны клирингийн төв" хязгаарлагдмал хариуцлагатай компанийг "Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв" хязгаарлагдмал хариуцлагатай компанид нэгтгэсүгэй.

3."Аялал жуулчлалын хөгжлийн төв" төрийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрыг татан буулгасугай.

4.Энэ тогтоолын 1, 2, 3 дугаар зүйлд заасны дагуу компани, үйлдвэрийн газруудыг нэгтгэж, татан буулгасантай холбогдуулан дараах арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг доор дурдсан байгууллага, албан тушаалтанд даалгасугай:

4.1.өөрчлөн байгуулагдсан компани, үйлдвэрийн газрын зохион байгуулалтын бүтцийг чиг үүргийн давхардлыг арилгах, удирдлагын зардлыг бууруулах зарчмын дагуу оновчтой тогтоон, дүрмийг баталж, тогтвортой ажиллуулахыг Сангийн сайд Б.Жавхлан, Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд Б.Батбаатар, Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газaр (Б.Цэнгэл), "Эрчист Монгол" ХХК (Г.Амартүвшин)-д тус тус;

4.2.эд хөрөнгө, өр төлбөр, авлага, архив, албан хэргийг өөрчлөн байгуулагдсан компани, үйлдвэрийн газруудад шилжүүлэх ажлыг шуурхай зохион байгуулж, хуулийн этгээд татан буулгахтай холбогдон үүссэн бусад асуудлыг холбогдох хууль, журмын дагуу шийдвэрлэхийг Сангийн сайд Б.Жавхлан, Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд Б.Батбаатар, Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд Ч.Ундрам, Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газaр (Б.Цэнгэл)-т тус тус;

4.3.өөрчлөн байгуулагдсан компани, үйлдвэрийн газрын албан хаагчдыг орон тоо, цалингийн сан, эд хөрөнгийн хамт чиг үүрэг нь шилжиж байгаа компани, үйлдвэрийн газарт шилжүүлэх зохион байгуулалтын арга хэмжээ авахыг Сангийн сайд Б.Жавхлан, Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд Б.Батбаатар, Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газaр (Б.Цэнгэл)-т тус тус.

5.Төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээдүүдийн үр ашгийг нэмэгдүүлэх, чиг үүргийн давхардлыг арилгах, оновчтой тогтоох, удирдлагын зардал, орон тоог бууруулах зорилгоор зохион байгуулалтын бүтцэд өөрчлөлт оруулах болон чиг үүргийн давхардалтай, үр ашиггүй хуулийн этгээдүүдийг нэгтгэх, нийлүүлэх, өөрчлөн зохион байгуулах замаар орон тоог 10-аас доошгүй хувиар, үндсэн бус үйл ажиллагааны зардлыг 15-аас доошгүй хувиар бууруулах зохион байгуулалтын арга хэмжээг 2026 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн хэрэгжүүлэх бэлтгэл ажлыг хангуулж, холбогдох шийдвэрийн төслийг Засгийн газрын хуралдаанд 2025 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн дотор оруулж, шийдвэрлүүлэхийг Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга С.Бямбацогт, Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар (Б.Цэнгэл), "Эрдэнэс Монгол" ХХК, "Эрчист Монгол" ХХК болон хувьцаа эзэмшигчийн эрхийг хэрэгжүүлэгч нарт тус тус үүрэг болгосугай.

6.Төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн дэргэдэх нийгмийн шинжтэй, ашгийн бус үйл ажиллагаа явуулж байгаа байгууллага, нэгжийг өөрчлөн зохион байгуулах, бие даасан хуулийн этгээдийн хэлбэрт шилжүүлэх, илүүдэлтэй, ашиглалтгүй хөрөнгийг нь хувьчлалаас гадуур худалдан борлуулах талаар санал боловсруулж, Засгийн газрын хуралдаанд 2025 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн дотор танилцуулахыг Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар (Б.Цэнгэл), "Эрдэнэс Монгол" ХХК, "Эрчист Монгол" ХХК-д тус тус даалгасугай.

7.Энэ тогтоол гарсантай холбогдуулан ""Үнэт цаасны төлбөр тооцоо, төвлөрсөн хадгаламжийн төв" ХХК-ийг өөрчлөн зохион байгуулах тухай" Засгийн газрын 2015 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 147 дугаар тогтоол, "Аж ахуйн тооцоот үйлдвэрийн газар байгуулах тухай" Засгийн газрын 2016 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 110 дугаар тогтоол, "Төрийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газар байгуулах тухай" Засгийн газрын 2020 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 181 дүгээр тогтоол, "Төрийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрын талаар авах зарим арга хэмжээний тухай" Засгийн газрын 2025 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 219 дүгээр тогтоолыг тус тус хүчингүй болсонд тооцсугай.

8.Энэ тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга С.Бямбацогтод үүрэг болгосугай.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД Г.ЗАНДАНШАТАР

МОНГОЛ УЛСЫН САЙД, ЗАСГИЙН ГАЗРЫН ХЭРЭГ ЭРХЛЭХ ГАЗРЫН ДАРГА С.БЯМБАЦОГТ