- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ТӨРИЙН ӨМЧИТ АЖ АХУЙН ТООЦООТ ҮЙЛДВЭРИЙН ГАЗАР БАЙГУУЛАХ ТУХАЙ

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2015 оны 4 дүгээр сарын 6-ны өдөр
Дугаар 129
Улаанбаатар хот
ТӨРИЙН ӨМЧИТ АЖ АХУЙН ТООЦООТ ҮЙЛДВЭРИЙН ГАЗАР БАЙГУУЛАХ ТУХАЙ
Төрөөс иргэний нисэхийн салбарт 2020 он хүртэл баримтлах бодлогыг хэрэгжүүлэх зорилгоор Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулийн 6.3, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 5-д заасныг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1. Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг-Иргэний нисэхийн ерөнхий газрын хэрэгжүүлж байсан агаарын навигац, агаарын хөлгийн газрын болон нисэх буудлын үйлчилгээ, бусад аж ахуйн үйл ажиллагаатай холбогдох чиг үүргийг хариуцан хэрэгжүүлэх "Иргэний нисэхийн үндэсний корпораци" аж ахуйн тооцоотой үйлдвэрийн газрыг байгуулсугай.
2. Дараах арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг Зам, тээврийн сайд Н.Төмөрхүүд даалгасугай:
2.1. Иргэний нисэхийн ерөнхий газрын дүрмийг шинэчлэн боловсруулж Засгийн газраар батлуулах;
2.2. "Иргэний нисэхийн үндэсний корпораци" аж ахуйн тооцоотой үйлдвэрийн газрын дүрмийг Төрийн өмчийн хороогоор батлуулах;
2.3. Иргэний нисэхийн ерөнхий газрын хэрэгжүүлж байсан зарим чиг үүргийг "Иргэний нисэхийн үндэсний корпораци"-д шилжүүлсэнтэй холбогдуулж Иргэний нисэхийн ерөнхий газрын зохион байгуулалтын бүтцийг батлах.
3. Иргэний нисэхийн ерөнхий газрын үндсэн хөрөнгөд бүртгэлтэй нислэгийн хөдөлгөөнд үйлчлэх зориулалттай нэгдмэл системийн барилга байгууламж, тоног төхөөрөмж болон нисэх буудлуудын барилга байгууламж, холбогдох бусад эд хөрөнгө, бичиг баримтыг "Иргэний нисэхийн үндэсний корпораци" аж ахуйн тооцоотой үйлдвэрийн газарт балансаас балансад шилжүүлэх арга хэмжээг шуурхай зохион байгуулахыг Зам, тээврийн сайд Н.Төмөрхүү, Төрийн өмчийн хороонд тус тус даалгасугай.
4. Иргэний нисэхийн аюулгүй ажиллагаа болон аюулгүй байдлыг хангах үйл ажиллагаанд шаардагдах хөрөнгийг Зам, тээврийн сайдын төсвийн багцад жил бүр тусгаж байхыг Зам, тээврийн сайд Н.Төмөрхүү, Сангийн сайд Ж.Эрдэнэбат нарт үүрэг болгосугай.
Монгол Улсын Ерөнхий сайд Ч.САЙХАНБИЛЭГ
Зам, тээврийн сайд Н.ТӨМӨРХҮҮ

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2024 оны 11 сарын 27 өдөр
Дугаар 193
Улаанбаатар хот
ТӨРИЙН ӨМЧИТ ХУУЛИЙН ЭТГЭЭД БАЙГУУЛАХ ТУХАЙ
Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 21 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 3 дахь заалтыг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1.Агаарын навигаци, нисэх буудал, нисэхийн аюулгүйн хамгаалалтын үйлчилгээ болон аж ахуйн үйл ажиллагаатай холбоотой чиг үүргийг хариуцан хэрэгжүүлэх "Иргэний нисэхийн үндэсний төв" төрийн өмчит хязгаарлагдмал хариуцлагатай компанийг байгуулсугай.
2."Иргэний нисэхийн үндэсний төв" ТӨХХК-ийн хувьцаа эзэмшигчийн эрхийг хэрэгжүүлэгчээр иргэний нисэхийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагыг тогтоосугай.
3."Иргэний нисэхийн үндэсний төв" ТӨХХК-ийн дүрэм, зохион байгуулалтын бүтэц, орон тооны дээд хязгаарыг батлахыг Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайханд, мэргэжил, арга зүйн удирдлагаар хангаж ажиллахыг Иргэний нисэхийн ерөнхий газар (Ч.Мөнхтуяа) тус тус даалгасугай.
4.Агаарын навигаци, нисэх буудал, нисэхийн аюулгүйн хамгаалалтын үйл ажиллагааг хэрэгжүүлэхтэй холбоотой барилга байгууламж, тоног төхөөрөмж, эд хөрөнгө, холбогдох баримтыг Иргэний нисэхийн ерөнхий газрын балансаас "Иргэний нисэхийн үндэсний төв" ТӨХХК-ийн балансад шилжүүлэх ажлыг хууль тогтоомжийн дагуу зохион байгуулахыг Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан, Иргэний нисэхийн ерөнхий газар (Ч.Мөнхтуяа), Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар (Б.Цэнгэл)-т тус тус даалгасугай.
5.Энэ тогтоол гарсантай холбогдуулан "Төрийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газар байгуулах тухай" Засгийн газрын 2015 оны 4 дүгээр сарын 6-ны өдрийн 129 дүгээр тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.
6.Энэ тогтоолыг 2025 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД Л.ОЮУН-ЭРДЭНЭ
ЗАМ, ТЭЭВРИЙН САЙД Б.ДЭЛГЭРСАЙХАН
Хянасан:
МОНГОЛ УЛСЫН САЙД, ЗАСГИЙН ГАЗРЫН
ХЭРЭГ ЭРХЛЭХ ГАЗРЫН ДАРГА
Н.УЧРАЛ
Текст томруулах
A
A
A
