A

A

A

  • Нүүр
  • Улсын Их Хурлын тогтоол
  • Yндсэн хуулийн цэцийн 2015 оны 04 дүгээр дүгнэлтийн тухай Энэ тогтоолыг Үндсэн хуулийн цэцийн 2015 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 04 дүгээр тогтоолоор хүчингүй болсонд тооцсон
Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ

2015 оны 04 сарын 23 өдөр

Дугаар 46

Улаанбаатар хот

Yндсэн хуулийн цэцийн 2015 оны 04 дүгээр дүгнэлтийн тухай

Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1.4 дэх заалтыг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

1."Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.3 дахь хэсэгт "Төлбөр авагч, төлбөр төлөгч нь шийдвэр гүйцэтгэгчийн үйл ажиллагаа, түүний гаргасан шийдвэрийг зөвшөөрөхгүй бол ажиллагаа явагдсан өдрөөс, уг ажиллагаа хэзээ, хаана явагдсаныг мэдээгүй бол өөрт мэдэгдсэн өдрөөс хойш гомдлоо долоо хоногийн дотор ахлах шийдвэр гүйцэтгэгчид гаргана. Ахлах шийдвэр гүйцэтгэгч гомдлыг 14 хоногийн дотор шийдвэрлэж тогтоол гаргах бөгөөд энэ тогтоолыг эс зөвшөөрвөл долоо хоногийн дотор шүүхэд гомдол гаргаж болно. Гомдлыг шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр нь эцсийн шийдвэр байна." гэж заасны "...Гомдлыг шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр нь эцсийн шийдвэр байна." гэсэн хэсэг нь Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 14 дэх заалтын "Монгол Улсын хууль, олон улсын гэрээнд заасан эрх, эрх чөлөө нь зөрчигдсөн гэж үзвэл ... шүүхийн шийдвэрийг давж заалдах ... эрхтэй", Дөчин наймдугаар зүйлийн 1 дэх хэсгийн "... Дагнасан шүүхийн үйл ажиллагаа, шийдвэр нь Улсын дээд шүүхийн хяналтаас гадуур байж үл болно.", Тавьдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 2 дахь заалтын "давж заалдах болон хяналтын журмаар доод шатны шүүхийн шийдвэрийг хянан үзэх", Тавьдугаар зүйлийн 2 дахь хэсгийн "Улсын дээд шүүхийн шийдвэр шүүхийн эцсийн шийдвэр байх ..." гэсэн заалтыг тус тус зөрчсөн байна." гэсэн Монгол Улсын Yндсэн хуулийн цэцийн 2015 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 04 дүгээр дүгнэлтийг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэж үзсүгэй.

2.Энэ тогтоолыг 2015 оны 04 дүгээр сарын 23-ны өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА З.ЭНХБОЛД