- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- УЛС, ОРОН НУТГИЙН ТУСГАЙ САН ХӨМРӨГИЙН УЛСЫН ТООЛЛОГЫН ДҮНГИЙН МӨРӨӨР АВАХ ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ
МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2015 оны 5 дугаар сарын 18-ны өдөр
Дугаар 197
Улаанбаатар хот
УЛС, ОРОН НУТГИЙН ТУСГАЙ САН ХӨМРӨГИЙН УЛСЫН ТООЛЛОГЫН ДҮНГИЙН МӨРӨӨР АВАХ ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ
Соёлын өвийг хамгаалах тухай хуулийн 13.1.1, Цагдаагийн албаны тухай хуулийн 19.2-т заасныг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1. Улс, орон нутгийн музейн сан хөмрөгийн улсын тооллогын дүнгийн мөрөөр дараах арга хэмжээ авч хэрэгжүүлэхийг Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд Л.Гантөмөр, Сангийн сайд Ж.Эрдэнэбат, Хууль зүйн сайд Д.Дорлигжав, Батлан хамгаалахын сайд Ц.Цолмон нарт үүрэг болгосугай:
1.1. музейн эрх зүйн орчныг боловсронгуй болгох зорилгоор шаардлагатай хууль тогтоомжийн төсөл, музейн хөгжлийн үндэсний хөтөлбөр боловсруулж Засгийн газрын хуралдаанд оруулах, тооллогын дүнгийн мөрөөр авч хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөө гарган хэрэгжүүлэх;
1.2. Монголын үндэсний музей, Дүрслэх урлагийн музей, Богд хааны ордон музей, Чойжин ламын сүм музей, Эрдэнэ зуу музейг цагдаагийн хамгаалалтад авах онц чухал обьектын жагсаалтад оруулах арга хэмжээ авах;
1.3. улс, орон нутгийн музейг зориулалтын барилга байгууламж, техник, тоног төхөөрөмжөөр хангах, засвар үйлчилгээнд шаардагдах зардлыг үе шаттайгаар жил бүрийн улсын төсөвт тусгах;
1.4. түүх, соёлын дурсгалт зүйлийг тодорхойлох шинжээч, музейн нарийн мэргэжлийн ажилтнуудыг өндөр хөгжилтэй оронд бэлтгэх, мэргэшүүлэх, давтан сургах хөтөлбөр боловсруулж хэрэгжүүлэх;
1.5. "Түүх, соёлын дурсгал, үзмэр, эд өлгийн зүйлийн шинэчилсэн дансны үнэ тогтоох журам"-ыг хамтран баталж мөрдүүлэх.
2. Өвөрхангай аймгийн Хархорин суманд орших Эрдэнэ зуу музей, Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн суманд орших Амарбаясгалант хийд, Хэнтий аймгийн Өмнөдэлгэр суманд орших Балдан бэрэйвэн хийд, Архангай аймгийн Өлзийт суманд орших Өөлд бэйсийн дуганууд, Дундговь аймгийн Эрдэнэдалай суманд орших Эрдэнэ далайн дуган зэрэг түүх, соёлын дурсгалыг орон нутгийн өмчлөлөөс төрийн өмчлөлд шилжүүлэх асуудлыг холбогдох хууль тогтоомжийн хүрээнд судалж шийдвэрлүүлэхийг Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд Л.Гантөмөр, аймгийн Засаг дарга нарт даалгасугай.
3. Энэ тогтоол гарсантай холбогдуулан "Улс, орон нутгийн музейн сан хөмрөгийн улсын тооллогын дүнгийн мөрөөр авах арга хэмжээний тухай" Засгийн газрын 2014 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн 302 дугаар тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.
Монгол Улсын Ерөнхий сайдын үүрэг гүйцэтгэгч бөгөөд Монгол Улсын Шадар сайд У.ХҮРЭЛСҮХ
Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд Л.ГАНТӨМӨР
Текст томруулах
A
A
A