- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ХУУЛИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ ХАНГАХ ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2015 оны 5 дугаар сарын 18-ны өдөр
Дугаар 189
Улаанбаатар хот
ХУУЛИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ ХАНГАХ ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ
Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуулийн 40.2, 40.3-т заасныг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1. Улсын чанартай томоохон төсөл, арга хэмжээний бүтээн байгуулалтын ажилд зориулан импортоор оруулж ирэх техник, тоног төхөөрөмж, түүний иж бүрдэлд ногдуулах гаалийн болон нэмэгдсэн өртгийн албан татварын төлөх хугацааг 2 жил хүртэл хугацаагаар сунгах, эсхүл уг татварыг 2 жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэх хөрөнгө оруулалтын хэмжээ нь 20.0 (хорин) тэрбум төгрөг болон түүнээс дээш байхаар тогтоосугай. /Энэ заалтад ЗГ-ын 2016-2-1-ний өдрийн 78-р тогтоолоор өөрчлөлт орсон/
2. Дараах арга хэмжээ авч ажиллахыг Сангийн сайд Ж.Эрдэнэбатад даалгасугай:
а) хөрөнгө оруулагчаас гаргасан хүсэлтийг үндэслэн албан татвар төлөх хугацааг хойшлуулах, хэсэгчлэн төлүүлэх асуудлыг хөрөнгө оруулалт хийгдэх салбарын асуудлыг хариуцсан төрийн захиргааны төв байгууллагын тодорхойлолтын дагуу төсөл, хөтөлбөрийн онцлог, түүний үр өгөөж, хэрэгжүүлэх хугацааг харгалзан тухай бүр Засгийн газарт оруулан шийдвэрлүүлж байх;
б) албан татвар хойшлуулах хугацааг нарийвчлан тогтоох, хэсэгчлэн төлөх татварын хэмжээг хөрөнгө оруулагчтай тохиролцох гурвалсан гэрээг хөрөнгө оруулагч болон тухайн хөрөнгө оруулалт хийгдэх салбарын эрхэлсэн сайдтай хамтран байгуулж, хэрэгжилтэд нь хяналт тавьж ажиллах;
в) улсын чанартай томоохон төсөл, арга хэмжээнд оруулах хөрөнгө оруулалтын хэмжээг эдийн засгийн нөхцөл байдлыг харгалзан 2 жил тутамд шинэчлэн тогтоох асуудлыг Засгийн газарт оруулж шийдвэрлүүлж байх.
3. Албан татвар төлөх хугацааг хойшлуулах, эсхүл уг татварыг хэсэгчлэн төлүүлэх тухай Засгийн газрын шийдвэрийг үндэслэн улсын чанартай томоохон төсөл, арга хэмжээний бүтээн байгуулалтын ажилд зориулан импортоор оруулж ирэх техник, тоног төхөөрөмж, түүний иж бүрдлийн жагсаалтыг Барааг тодорхойлох, кодлох уялдуулсан системийн дагуу ангилан баталж байхыг Сангийн сайд Ж.Эрдэнэбатад, техник, тоног төхөөрөмжийг баталсан жагсаалтын дагуу гаалийн хилээр нэвтрүүлж байхыг Гаалийн ерөнхий газрын дарга Б.Цэнгэл нарт тус тус үүрэг болгосугай.
4. Энэ тогтоол гарсантай холбогдуулан "Журам батлах тухай" Засгийн газрын 2014 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн 192 дугаар тогтоолыг хүчингүй болгосугай.
Монгол Улсын Ерөнхий сайдын үүрэг гүйцэтгэгч бөгөөд Монгол Улсын Шадар сайд У.ХҮРЭЛСҮХ
Сангийн сайд Ж.ЭРДЭНЭБАТ
Текст томруулах
A
A
A
