- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- МОНГОЛ УЛСЫН 2015 ОНЫ ТӨСВИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ ТАЛААР АВАХ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2015 оны 6 дугаар сарын 8-ны өдөр
Дугаар 230
Улаанбаатар хот
МОНГОЛ УЛСЫН 2015 ОНЫ ТӨСВИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ ТАЛААР АВАХ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ
Засгийн газрын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, Төсвийн тухай хуулийн 34.3-т заасныг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
I. Монгол Улсын төсвийн орлого, зарлага, төрийн сангийн мөнгөн хөрөнгийн үлдэгдэлтэй уялдуулан эхний ээлжинд дараах арга хэмжээ авч хэрэгжүүлэхийг Сангийн сайд Ж.Эрдэнэбат, аймаг, нийслэлийн Засаг дарга нарт даалгасугай:
1. Төсвийн зардлыг төсвийн батлагдсан сар, улирлын хуваарийн дагуу бүрэн санхүүжүүлэх зардлын зүйл, бүлэг, зориулалт, арга хэмжээг дор дурдсанаар тогтоох: а) бүх шатны төсөвт байгууллагын "Цалин хөлс болон нэмэгдэл урамшил" болон "Ажил олгогчоос нийгмийн даатгалд төлөх шимтгэл" зардлын бүлэг;
б) нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмж, төлбөр болон улсын төсвөөс нийгмийн даатгалын тэтгэврийн санд олгох татаас;
в) нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж болон хүнс тэжээлийн хөтөлбөрийн санхүүжилт;
г) бүх шатны төсөвт байгууллагын "Байр ашиглалттай холбоотой тогтмол зардал" -ын бүлэг;
д) бүх шатны эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлж байгаа байгууллага, асрамжийн газруудын "Нормативт зардал"-ын бүлэг, нэг иргэнээр тооцсон нормативт зардал, тээвэр шатахуун, хог хаягдал зайлуулах, ариутгалын зардал, бичиг хэрэг, дотоод албан томилолт, урсгал засварын зардал, багаж, техник хэрэгсэл, хөдөлмөр хамгааллын хэрэглэлийн зардал болон эрүүл мэндийн даатгалын сангаас бүрэн санхүүжүүлдэг эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлэх байгууллагын хувьд нийт урсгал зардал; е) хүн, малын халдварт, архаг болон гоц халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх эм бэлдмэл, эмнэлгийн хэрэгсэл, урвалж бодис бэлтгэх, хөдөлмөр хамгааллын хэрэглэл худалдан авах зардал, мал эмнэлгийн үйлчилгээний төлбөр, бэлчээрийн оготно болон хөнөөлт царцаатай тэмцэх зардал, намрын ургац хураалтын арга хэмжээний зардал;
ж) онцгой байдал, цагдаа, шүүхийн шинжилгээ, хил хамгаалах, хилийн шалган нэвтрүүлэх, батлан хамгаалах салбарын анги, нэгтгэлүүд, шүүхийн шийдвэр гүйцэтгэх, мэргэжлийн хяналтын байгууллагын тээвэр шатахуун, хоол хүнс, нормын хувцасны зардал, дотоод албан томилолтын зардал, хөдөлмөр хамгааллын хэрэгсэл худалдан авах зардал;
з) бүх шатны төсөвт байгууллагын тээврийн хэрэгслийн татвар, оношилгоо, даатгалын үйлчилгээ болон газрын төлбөр, аудит баталгаажуулалтын зардал;
и) төсөвт байгууллагаас гэрээний үндсэн дээр гуравдагч этгээдэд төлж байгаа үйлчилгээний төлбөр буюу гэрээт ажиллагсдын зардал, харуул хамгаалалтын зардал, холбооны суваг ашигласны хөлс, байр ашиглалтын үйлчилгээ, лабораторийн итгэмжлэл, геологи, хайгуул, судалгааны ажлын төлбөр, цахим хуудасны бүртгэлийн хураамж, шийдвэр гүйцэтгэлийн үйлчилгээ, нөөц хөрөнгийн хадгалалт, хамгаалалтын зардал, мэдээллийн технологийн үйлчилгээний зардал, эвлэрлийн гэрээгээр хүлээсэн үүрэг болон гадаад зээлээр хэрэгжүүлэх ажил, үйлчилгээ, хөтөлбөр, төслийн дотоод урсгал зардал;
к) урьдчилан төлөвлөсөн төрийн өндөр албан тушаалтны албан ёсны гадаад томилолт, арга хэмжээ, Засгийн газраас зөвшөөрсөн тохиолдолд Засгийн газрын гишүүдийн гадаад албан томилолт, зочин төлөөлөгч хүлээн авах зардал.
2. Төсвийн зарим зардлын зүйл, бүлэг, зориулалтын хүрээнд 2015 оны батлагдсан төсвийн сар, улирлын хуваарийг дор дурдсаны дагуу бууруулан баталж олгох:
а) төсөвт байгууллагын "хангамж бараа материалын зардал"-ын бүлгийн нийт төсвийн хэмжээг 40 хувиар;
б) сургуулийн өмнөх болон ерөнхий боловсролын байгууллагаас бусад төсөвт байгууллагын "Нормативт зардал" бүлгийн нийт төсвийн хэмжээг 50 хувиар;
в) Төв төрийн сангаас орон нутгийн төрийн сангуудад шилжүүлэх сургуулийн өмнөх болон ерөнхий боловсролын сургуулийн тусгай зориулалтын шилжүүлгийн нийт төсвийн хэмжээг 5 хувиар (үүнээс, хангамж, бараа материалын зардал, хичээл, үйлдвэрлэлийн дадлага хийх зардал, урсгал засварын зардлыг 40 хувиар, банк, санхүүгийн үйлчилгээний хураамж, улсын маягт бэлтгэх зардлыг 50 хувиар бууруулах);
г) төсөвт байгууллагын банк, санхүүгийн үйлчилгээний хураамж, авто тээвэр, улсын бүртгэл, хилийн боомтын шалган нэвтрүүлэх зэрэг байгууллагын үндсэн үйл ажиллагаанд хэрэглэгдэх, төсөвт орлого төвлөрүүлэх онцлогтойгоос бусад төрлийн улсын мэдээллийн маягт бэлтгэх зардлын хэмжээг 50 хувиар.
3. Энэ тогтоолын I зүйлийн 1, 2-т зааснаас бусад зардлын зүйл, бүлэг, зориулалт, хөтөлбөр, арга хэмжээний санхүүжилтийг төсвийн орлого болон төсөвт байгууллагын өөрийн орлогын гүйцэтгэлийг харгалзан тухай бүрт нь үе шаттай санхүүжүүлж байх.
II. Төсвийн зардлыг бууруулах чиглэлээр 2015 оны төсвийн тодотгол хийж дуусах хүртэл хугацаанд дараах хөтөлбөр, арга хэмжээний санхүүжилтийг хойшлуулах, зохицуулалт хийхийг Сангийн сайд Ж.Эрдэнэбат болон холбогдох төсвийн ерөнхийлөн захирагч нарт даалгасугай:
а) улсын төсвөөс олон улсын байгууллага болон төрийн өмчит аж ахуйн нэгжийн дүрмийн санг нэмэгдүүлэх, эх үүсвэр нэмэгдүүлэх, гишүүнчлэлийн төлбөрт зарцуулахаар төлөвлөсөн зардал болон энэ чиглэлээр төлөвлөсөн татаас;
б) улсын төсвийн хөрөнгөөр 2015 онд шинээр хэрэгжүүлэх хөрөнгө оруулалтын төсөл, хөтөлбөр, арга хэмжээ;
в) Хөгжлийн банкнаас санхүүжүүлэн төсвөөс эргэн төлөх нөхцөлтэй шинээр эхлэх хөрөнгө оруулалтын төсөл, хөтөлбөр арга хэмжээ.
4. Энэ тогтоолын I зүйлд заасан арга хэмжээг хэрэгжүүлэхдээ "Төсвийг хэмнэлтийн горимд шилжүүлэх зарим арга хэмжээний тухай" Засгийн газрын 2014 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн 147 дугаар тогтоолыг удирдлага болгож ажиллахыг Сангийн сайд Ж.Эрдэнэбат, аймаг, нийслэлийн Засаг дарга болон бүх шатны төсвийн ерөнхийлөн захирагч нарт даалгасугай.
Монгол Улсын Ерөнхий сайд Ч.САЙХАНБИЛЭГ
Сангийн сайд Ж.ЭРДЭНЭБАТ
Текст томруулах
A
A
A
