A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2015 оны 6 дугаар сарын 22-ны өдөр

Дугаар 256

Улаанбаатар хот

ОРОН СУУЦНЫ ЗЭЭЛИЙН ТАЛААР АВАХ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ

Хөгжлийн банкны тухай хуулийн 7.1.3, 13.1, 16.2-т заасныг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. Ипотекийн зээлээр орон сууц худалдан авах урьдчилгаа төлбөр төлөхөд нь дэмжлэг үзүүлэх зорилгоор иргэдийн худалдан авах орон сууцны үнийн дүнгийн 20 хүртэлх хувьд 200,0 (хоёр зуун) тэрбум төгрөгт багтаан зээлийн баталгаа гаргахыг Хөгжлийн банкны Төлөөлөн удирдах зөвлөл (Б.Шинэбаатар)-д даалгасугай.

2. Энэ тогтоолын 1 дүгээр зүйлд заасан арга хэмжээг зохион байгуулах журам болон түүнд хамрагдах нөхцөл, шалгуур үзүүлэлтийн төслийг боловсруулж Засгийн газрын хуралдаанд оруулахыг Барилга, хот байгуулалтын сайд Д.Цогтбаатар, Сангийн сайд Ж.Эрдэнэбат, Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнэ нарт даалгасугай.

3. Энэ тогтоолын 1 дүгээр зүйлд заасны дагуу гаргасан Хөгжлийн банкны баталгаанд Засгийн газрын баталгаа гаргаж, 2016 оноос эхлэн жил бүрийн улсын төсвийн төсөл болон Засгийн газрын өрийн баталгааны дээд хэмжээнд тусгуулах арга хэмжээ авахыг Сангийн сайд Ж.Эрдэнэбатад үүрэг болгосугай.

Монгол Улсын Ерөнхий сайд Ч.САЙХАНБИЛЭГ

Сангийн сайд Ж.ЭРДЭНЭБАТ