A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2015 оны 8 дугаар сарын 3-ны өдөр

Дугаар 323

Улаанбаатар хот

ЗУНШЛАГЫН БАЙДАЛТАЙ ХОЛБОГДУУЛАН АВАХ ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ

Засгийн газрын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 34.1.5, Хөгжлийн банкны тухай хуулийн 7.1.1, 16.2-т заасныг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. Зуншлага сайн байгаа аймгуудаас хадлангийн газар ашиглуулах хуваарийг хавсралт ёсоор баталсугай.

2. Уур амьсгалын хуурайшилт, гантай болон гандуу байснаас ургац алдсан үр тарианы чиглэлийн аж ахуйн нэгжүүдийн бэлтгэсэн ногоон тэжээл, рапсын шахдасыг улс, аймгийн өвс, тэжээлийн аюулгүйн нөөцөд худалдан авч, малын тэжээлийн нөөц бүрдүүлэх болон өвс хаман боогч 20 ширхэгийг худалдан авахад шаардагдах 8.658.0 (найман тэрбум зургаан зуун тавин найман) сая төгрөг, өвөлжилт хүндэрч болзошгүй аймгуудын улсын нөөцийн өвс, тэжээлийн цэг, салбаруудад малын хүчит тэжээл худалдан авч байршуулахад шаардагдах 2.010.3 (хоёр тэрбум арван сая гурван зуун мянган) сая төгрөг, нийт 10.668.3 (арван тэрбум зургаан зуун жаран найман сая гурван зуун мянган) сая төгрөгийн эргэлтийн хөрөнгийн зээлийн эх үүсвэрийг судалж шийдвэрлэх арга хэмжээ авахыг Монгол Улсын Шадар сайд У.Хүрэлсүх, Сангийн сайд Ж.Эрдэнэбат, Хүнс, хөдөө аж ахуйн сайд Р.Бурмаа, Хөгжлийн банкны Төлөөлөн удирдах зөвлөл (Б.Шинэбаатар)-д даалгаж, Монголбанкны ерөнхийлөгч Н.Золжаргалд зөвлөсүгэй.

3. Энэ тогтоолын 2 дугаар зүйлд заасан бараа, бүтээгдэхүүнийг шууд гэрээ байгуулах аргаар худалдан авах арга хэмжээг авахыг Хүнс, хөдөө аж ахуйн сайд Р.Бурмаад даалгасугай.

Монгол Улсын Ерөнхий сайд Ч.САЙХАНБИЛЭГ

Сангийн сайд Ж.ЭРДЭНЭБАТ

Хүнс, хөдөө аж ахуйн сайд Р.БУРМАА