A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2015 оны 8 дугаар сарын 3-ны өдөр

Дугаар 318

Улаанбаатар хот

ТОГТООЛЫН ХАВСРАЛТАД НЭМЭЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

Нийгмийн даатгалын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 7 дахь хэсэг, 16 дугаар зүйлийн 9, 10 дахь хэсэгт заасныг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. Засгийн газрын 1994 оны 212 дугаар тогтоолын 2 дугаар хавсралтаар баталсан "Нийгмийн даатгалын шимтгэл төлснөөр тооцогдох хугацаанд нийгмийн даатгалын шимтгэл төлөх журам"-ын 2 дахь хэсэгт дор дурдсан агуулгатай "ж", "з" заалт нэмсүгэй:

"ж. цаа буга маллан тайгад амьдарч байгаа хөдөлмөрийн насны, өндөр насны тэтгэвэр тогтоолгоогүй цаатан иргэний төлбөл зохих нийгмийн даатгалын шимтгэлийг тухайн үед мөрдөж байгаа хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс тэтгэврийн даатгалд 10 хувь, тэтгэмжийн даатгалд 1 хувиар тооцож, улсын төсвөөс нийгмийн даатгалын төв байгууллагын холбогдох сангийн харилцах дансанд улирал бүрийн эхний сард багтаан шилжүүлнэ;

з. энэ журмын "ж"-д заасан улсын төсвөөс шилжүүлсэн нийгмийн даатгалын шимтгэлийг нийгмийн даатгалын төв байгууллага нь холбогдох аймгийн нийгмийн даатгалын хэлтсийн зохих сангийн харилцах дансанд шилжүүлэх бөгөөд цаатан иргэдийн харьяалах нийгмийн даатгалын байгууллага (байцаагч) нь төлсөн шимтгэлийг даатгуулагч бүрээр бүртгэж, тэдний нийгмийн даатгалын дэвтэрт шимтгэл ногдуулсан орлогын хэмжээ, төлсөн шимтгэлийг бичиж баталгаажуулна.".

2. Цаа буга маллан тайгад амьдарч байгаа цаатан иргэний нийгмийн даатгалын шимтгэлд шаардагдах хөрөнгийг жил бүрийн улсын төсөвт тусган арга хэмжээ авахыг Сангийн сайд Ж.Эрдэнэбат, Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнэ нарт даалгасугай.

3. Энэ тогтоолыг 2016 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн даган мөрдсүгэй.

Монгол Улсын Ерөнхий сайд Ч.САЙХАНБИЛЭГ

Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд С.ЭРДЭНЭ

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2023 оны 02 сарын 08 өдөр

Дугаар 60

Улаанбаатар хот

ЖУРАМ ШИНЭЧЛЭН БАТЛАХ ТУХАЙ

Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 7 дахь хэсэг, Нийгмийн даатгалын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 10 дахь хэсэг, Нийгмийн даатгалын сангаас олгох үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний тэтгэвэр, тэтгэмж, төлбөрийн тухай хуулийн 20, Цэргийн алба хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 24-т заасныг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1."Hийгмийн даатгалын шимтгэл төлснөөр тооцогдох хугацааны нийгмийн даатгалын шимтгэл төлөх журам"-ыг хавсралт ёсоор шинэчлэн баталсугай.

2.Энэ тогтоолын 1 дэх заалтад заасан журмын хэрэгжилтийг зохион байгуулж, хяналт тавьж ажиллахыг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам (Т.Аюурсайхан)-д үүрэг болгосугай.

3.Энэ тогтоол гарсантай холбогдуулан "Журам батлах тухай" Засгийн газрын 1994 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 212 дугаар тогтоол, "Зарим журам, дүрэм, тогтоолын заалтад нэмэлт, өөрчлөлт оруулах, тогтоол, тогтоолын заалт хүчингүй болсонд тооцох тухай" Засгийн газрын 1996 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн 128 дугаар тогтоолын 1-3 дахь заалт, "Тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулах тухай" Засгийн газрын 2008 оны 11 дүгээр сарын 5-ны өдрийн 26 дугаар тогтоол, "Тогтоолын хавсралтад нэмэлт оруулах тухай" Засгийн газрын 2015 оны 8 дугаар сарын 3-ны өдрийн 318 дугаар тогтоол, "Журамд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай" Засгийн газрын 2019 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 485 дугаар тогтоол, "Журамд өөрчлөлт оруулах тухай" Засгийн газрын 2020 оны 12 дугаар сарын 9-ний өдрийн 207 дугаар тогтоолыг тус тус хүчингүй болсонд тооцсугай.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД Л.ОЮУН-ЭРДЭНЭ

ХӨДӨЛМӨР, НИЙГМИЙН ХАМГААЛЛЫН САЙД Т.АЮУРСАЙХАН