- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ТӨРИЙН ӨМЧИЙН ҮЛ ХӨДЛӨХ ХӨРӨНГИЙН ТАЛААР АВАХ ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2015 оны 10 дугаар сарын 19-ний өдөр
Дугаар 408
Улаанбаатар хот
ТӨРИЙН ӨМЧИЙН ҮЛ ХӨДЛӨХ ХӨРӨНГИЙН ТАЛААР АВАХ ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ
Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 3, Орон сууц хувьчлах тухай хуулийн 6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1. Төрийн өмчит хуулийн этгээдийн үндсэн хөрөнгөд бүртгэлтэй, төрийн байгууллага хооронд балансаас балансад шилжүүлэх үл хөдлөх хөрөнгийн жагсаалтыг 1 дүгээр, нээлттэй дуудлагын худалдаагаар худалдах үл хөдлөх хөрөнгийн жагсаалтыг 2 дугаар хавсралт ёсоор тус тус баталсугай. /Энэ тогтоолын 1-р хавсралтад ЗГ-ын 2016-11-23-ны өдрийн 157-р тогтоолоор өөрчлөлт орсон/
2. Дундговь аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн балансад бүртгэлтэй, тус аймгийн Сайнцагаан сумын нутаг дэвсгэрт байршилтай, 9 дүгээр байрны 49 хавтгай дөрвөлжин метр талбай бүхий 3 өрөө 37 тоот орон сууцыг эзэмшигчид нь үнэ төлбөргүй хувьчилсугай.
3. Энэ тогтоолын 1, 2 дугаар зүйлд заасан үйл ажиллагааг холбогдох хууль тогтоомжийн дагуу удирдан зохион байгуулахыг Төрийн өмчийн хороо (Ц.Нанзаддорж)-нд даалгасугай.
4. Энэ тогтоол гарсантай холбогдуулан Засгийн газрын 2014 оны 183 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтаар баталсан Төрийн өмчит хуулийн этгээдийн үндсэн хөрөнгөд бүртгэлтэй нээлттэй дуудлагын худалдаагаар худалдах зарим амралт, сувиллын газрын жагсаалтын 2, 5 дахь заалтыг тус тус хүчингүй болсонд тооцсугай.
Монгол Улсын Ерөнхий сайд Ч.САЙХАНБИЛЭГ
Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга С.БАЯРЦОГТ
Сангийн сайд Б.БОЛОР
Текст томруулах
A
A
A
