- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ГАДААДААС АЖИЛЛАХ ХҮЧ, МЭРГЭЖИЛТЭН АВАХ, АЖЛЫН БАЙРНЫ ТӨЛБӨРӨӨС ЧӨЛӨӨЛӨХ ТУХАЙ

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2015 оны 11 дүгээр сарын 2-ны өдөр
Дугаар 436
Улаанбаатар хот
ГАДААДААС АЖИЛЛАХ ХҮЧ, МЭРГЭЖИЛТЭН АВАХ, АЖЛЫН БАЙРНЫ ТӨЛБӨРӨӨС ЧӨЛӨӨЛӨХ ТУХАЙ
Ажиллах хүч гадаадад гаргах, гадаадаас ажиллах хүч мэргэжилтэн авах тухай хуулийн 7.3-т заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1. "Эгийн голын усан цахилгаан станцын урьдчилсан шатны дэд бүтцийн ажил" төслийн концессын гэрээний дагуу Сэлэнгэ мөрөн дээгүүр гарах гүүрийн шон суурь, тулгуур хэсгийг цутгах ажлыг гүйцэтгэх "Си Жи Жи Си Монголиа" ХХК-ийн 159 гадаадын ажиллах хүч, мэргэжилтэнд Монгол Улсад 2015 онд хөдөлмөр эрхлэх зөвшөөрлийг зохих журмын дагуу олгохыг Хөдөлмөрийн сайд Г.Баярсайханд зөвшөөрсүгэй.
2. "Си Жи Жи Си Монголиа" ХХК-ийн гадаадаас авах ажиллах хүч, мэргэжилтнийг энэ тогтоолын 1 дүгээр зүйлд заасан хугацаанд ажлын байрны төлбөрөөс чөлөөлсүгэй.
3. Энэ тогтоолын дагуу Монгол Улсад ажиллах гадаадын ажиллах хүч, мэргэжилтнийг 2015 онд багтаан буцаан гаргах ажлыг зохион байгуулж, дүнг Хөдөлмөрийн яаманд хүргүүлэхийг Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбатад даалгасугай.
Монгол Улсын Ерөнхий сайд Ч.САЙХАНБИЛЭГ
Хөдөлмөрийн сайд Г.БАЯРСАЙХАН
Текст томруулах
A
A
A
