A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2015 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр

Улаанбаатар хот

Дугаар 460

ЗАРИМ ХОРИХ АНГИЙГ ӨӨРЧЛӨН ЗОХИОН БАЙГУУЛАХ ТУХАЙ /ЗГ-ын 2017 оны 204-р тогтоолоор хүчингүй болсонд тооцсон/

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 106.1-д заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын Дамжин өнгөрүүлэх 401 дүгээр хорих анги-Нэгдсэн эмнэлгийн дамжин өнгөрүүлэх ангийн чиг үүргийг Цагдан хорих 461 дүгээр ангид шилжүүлж, Нэгдсэн эмнэлгийг Хан-Уул дүүргийн 6 дугаар хороонд байрлах Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын байранд байршуулан 401 дүгээр хорих анги-Нэгдсэн эмнэлэг болгон тус тус өөрчлөн зохион байгуулсугай.

2. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа Мэргэжлийн сургалт, үйлдвэрийн төвийг Цагдан хорих 461 дүгээр ангийн байранд, Зайсан дахь насанд хүрээгүйчүүдийн 411 дүгээр хорих ангийг Баянзүрх дүүргийн 10 дугаар хороонд байрлах Мэргэжлийн сургалт, үйлдвэрийн төвийн байранд тус тус шилжүүлэн байршуулсугай.

3. Хорих ангиудыг өөрчлөн зохион байгуулах, байршлыг өөрчлөхтэй холбогдон гарах зардлыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын 2015 оны төсөвт багтаан санхүүжүүлэхийг Хууль зүйн сайд Д.Дорлигжавт зөвшөөрсүгэй.

4. Энэ тогтоол гарсантай холбогдуулан Засгийн газрын 2008 оны 51 дүгээр тогтоолын хавсралтаар баталсан "Хорих ангийн нутаг дэвсгэрийн байршил, ял эдлүүлэх харьяалал, үйлдвэрлэлийн чиглэл"-ийн 1 дэх заалтын "Дамжин өнгөрүүлэх 401 дүгээр хорих анги-Нэгдсэн эмнэлэг" гэснийг "401 дүгээр хорих анги-Нэгдсэн эмнэлэг" гэж, мөн заалтын "Үйлдвэрлэлийн чиглэл" гэсэн хэсгийн "барилгын үйлдвэрлэл, барилгын материалын үйлдвэрлэл, эмнэлгийн эмчилгээ, үйлчилгээ зохион байгуулах" гэснийг "эмнэлгийн эмчилгээ, үйлчилгээ зохион байгуулах" гэж, 6 дахь заалтын "Зайсан дахь насанд хүрээгүйчүүдийн 411 дүгээр хорих анги" гэснийг "Амгалан дахь насанд хүрээгүйчүүдийн 411 дүгээр хорих анги" гэж, мөн заалтын "Байршил" гэсэн хэсгийн "Улаанбаатар, Хан-Уул дүүрэг" гэснийг "Улаанбаатар, Баянзүрх дүүрэг" гэж тус тус өөрчилсүгэй.