- Нүүр
- Улсын Их Хурлын тогтоол
- ТӨРӨӨС МӨНГӨНИЙ БОДЛОГЫН ТАЛААР 2016 ОНД БАРИМТЛАХ ҮНДСЭН ЧИГЛЭЛ БАТЛАХ ТУХАЙ

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ
2015 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр
Дугаар 93
Улаанбаатар хот
ТӨРӨӨС МӨНГӨНИЙ БОДЛОГЫН ТАЛААР 2016 ОНД БАРИМТЛАХ ҮНДСЭН ЧИГЛЭЛ БАТЛАХ ТУХАЙ
Монгол Улсын Үндсэн хуулийн Хорин тавдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 7 дахь заалт, Төв банк /Монголбанк/-ны тухай хуулийн 10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:
1."Төрөөс мөнгөний бодлогын талаар 2016 онд баримтлах үндсэн чиглэл"-ийг хавсралтаар баталсугай.
2.Макро эдийн засгийн тэнцвэрийг хангаж, эдийн засаг тогтвортой өсөх нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор дунд хугацаанд төсвийн нэгдмэл байдлыг хангасан бодлого хэрэгжүүлэн улсын төсвийг алдагдалгүй байлгаж, гадаад валютын орох урсгалыг нэмэгдүүлэх замаар төлбөрийн тэнцлийн тогтвортой байдлыг ханган, улсын өрийн зохистой удирдлагыг хэрэгжүүлж ажиллахыг Монгол Улсын Засгийн газар /Ч.Сайханбилэг/-т даалгасугай.
3.Доор дурдсан арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг Монгол Улсын Засгийн газар /Ч.Сайханбилэг/, Монголбанк /Н.Золжаргал/, Санхүүгийн зохицуулах хороо /З.Нарантуяа/-нд тус тус даалгасугай:
1/санхүүгийн тогтвортой байдлыг хангах, санхүүгийн салбарт эрсдэл хуримтлагдахаас сэргийлэх арга хэмжээний хүрээнд активын удирдлагын мэргэшсэн институцийг хөгжүүлж, эрх зүйн орчныг сайжруулах;
2/улсын төсөв, санхүү, мөнгөний бодлогыг эдийн засгийн бодит секторыг дэмжих, хувийн хэвшлийн идэвхжилийг сайжруулахад чиглүүлэх;
3/Монгол Улсын зээлжих зэрэглэл, эдийн засгийн орчныг сайжруулах чиглэлээр хамтран ажиллах;
4/зээлийн эрсдэлийг бууруулж, санхүүгийн зуучлалын үр ашгийг нэмэгдүүлэх замаар зээлийн жилийн хүүг дунджаар 1-3 хувиар бууруулах бодлого боловсруулж, хэрэгжүүлэх.
4.Энэ тогтоолын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Монгол Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хороо /Ж.Батсуурь/-нд үүрэг болгосугай.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА З.ЭНХБОЛД
Текст томруулах
A
A
A
