A

A

A

Бүлэг: 1979

ӨВӨРХАНГАЙ АЙМГИЙН

ЗАСАГ ДАРГЫН ЗАХИРАМЖ

2015 оны 12 дугаар сарын 22-ны өдөр

Дугаар А/531

Арвайхээр сум

ХУДАЛДАА, ҮЙЛЧИЛГЭЭНИЙ БАЙГУУЛЛАГУУДЫН АЖИЛЛАХ ЦАГИЙН

ХУВААРИЙГ ШИНЭЧЛЭН БАТЛАХ ТУХАЙ

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.6-ын "ж", Архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.5, 14 дүгээр зүйлийн 14.3.1, 14.4 дэх заалтыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Согтууруулах ундаа худалдах тусгай зөвшөөрөл бүхий худалдааны байгууллагуудын ажиллах өвлийн цагийн хуваарийг 10 дугаар сарын 01-ээс 4 дүгээр сарын 01-ний хугацаанд 08.00-21.00 цаг, зуны цагийн хуваарийг 4 дүгээр сарын 01-ээс 10 дугаар сарын 01-ний хугацаанд 08.00-23.00 цаг байхаар тус тус тогтоосугай.

2.Согтууруулах ундаагаар үйлчлэх тусгай зөвшөөрөл бүхий үйлчилгээний байгууллагуудын ажиллах цагийн хуваарийг өвөл, зуны улиралд дээр дурдагдсан хугацаанд 08.00-24.00 цаг байхаар тогтоосугай.

3.Энэхүү захирамж гарсантай холбогдуулан аймгийн Засаг даргын 2010 оны "Худалдаа, үйлчилгээний байгууллагуудын ажиллах цагийн хуваарийг батлах тухай" 322 дугаар захирамжийг хүчингүй болсонд тооцсугай.Долоо хоног бүрийн баасан гарагт архи, согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэхийг бүрэн хориглосугай. /ЗД-ын 2016 оны А/40, 2017 оны А/611 дүгээр захирамжаар нэмэлт, өөрчлөлт орсон/

4.Худалдаа үйлчилгээний байгууллагуудын ажиллах цагийн хуваарийн хэрэгжилтэнд хяналт тавьж ажиллахын аймгийн Засаг даргын дэргэдэх Цагдаагийн газар /Б.Батзаяа/, Мэргэжлийн хяналтын газар /С.Дуламүрэн/, сумдын Засаг дарга нарт даалгасугай.

ЗАСАГ ДАРГА Д.ТОГТОХСҮРЭН

Улсын нэгдсэн бүртгэлийн 2015 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 3593 дугаарт бүртгэв.

ӨВӨРХАНГАЙ АЙМГИЙН ЗАСАГ ДАРГЫН ЗАХИРАМЖ

2023 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр

Дугаар А/724

Арвайхээр сум

ХУДАЛДАА, ҮЙЛЧИЛГЭЭНИЙ БАЙГУУЛЛАГУУДЫН АЖИЛЛАХ ЦАГИЙН ХЯЗГААРЫГ ШИНЭЧЛЭН БАТЛАХ ТУХАЙ

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1, 66.2, Захиргааны ерөнхий хуулийн 64 дүгээр зүйлийн 64.1, 64.4, Согтууруулах ундааны эргэлтэд хяналт тавих, архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.2, 23 дугаар зүйлийн 23.1, Гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.11, 28.1.12 дахь заалт, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын 2023 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн "Согтууруулах ундаа худалдах, үйлчлэх тусгай зөвшөөрөл авах үйлчилгээний ангилал, тавигдах шаардлагыг батлах тухай" а/419 дүгээр тушаалыг тус тус үндэслэн захирамжлах нь:

1.Аймгийн нутаг дэвсгэрт согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчилгээ эрхлэх байгууллагуудын ажиллах цагийн хязгаарыг 1 дүгээр, цахим тоглоомын газар болон интернэт кафе, барьцаалан зээлдүүлэх үйлчилгээ эрхлэх байгууллагуудын ажиллах цагийн хязгаарыг 2 дугаар, зах худалдааны төв бусад үйлчилгээний байгууллагуудын үйл ажиллагааг явуулах цагийн хязгаарыг 3 дугаар хавсралтаар тус тус шинэчлэн тогтоосугай.

2.Цагийн хязгаар тогтоосон шийдвэрийг хууль тогтоомжид нийцүүлэн захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн санд бүртгүүлж, олон нийтэд сурталчилах, зохион байгуулалтын арга хэмжээ авч ажиллахыг аймгийн Засаг даргын Тамгын газрын Хууль, эрх зүйн хэлтэс (А.Отгонцэцэг)-т захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг аймгийн Засаг даргын эрхлэх асуудлын хүрээний агентлаг Цагдаагийн газар (цагдаагийн хурандаа Г.Чимэддавга), сумдын Засаг дарга нарт тус тус даалгасугай.

3.Энэхүү захирамжид дурьдагдаагүй бусад төрлийн худалдаа, үйлчилгээний байгууллагуудад ажиллах цагийн хязгаарлалт тавихгүй байхыг сумдын Засаг дарга нарт хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг аймгийн Засаг даргын эрхлэх асуудлын хүрээний агентлаг Цагдаагийн газар (цагдаагийн хурандаа Г.Чимэддавга)-д үүрэг болгосугай.

4.Энэхүү шийдвэр гарсантай холбогдуулан аймгийн Засаг даргын 2015 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн "Худалдаа, үйлчилгээний байгууллагуудын ажиллах цагийн хуваарийг шинэчлэн батлах тухай" А/531 дүгээр захирамжийг хүчингүй болсонд тооцсугай.

ҮҮРЭГ ГҮЙЦЭТГЭГЧ И.ДОРЖСҮРЭН