- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- НЭМЭГДСЭН ӨРТГИЙН АЛБАН ТАТВАРЫН ТУХАЙ ХУУЛИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2016 оны 1 дүгээр сарын 4-ний өдөр
Дугаар 15
Улаанбаатар хот
НЭМЭГДСЭН ӨРТГИЙН АЛБАН ТАТВАРЫН ТУХАЙ ХУУЛИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ
Гааль, татварын ерөнхий газрын эрх зүйн байдлын тухай хуулийн 12.1, 12.2, Татварын ерөнхий хуулийн 18.1.8, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 9.1, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 17.3-т заасныг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1. Дараах арга хэмжээ авч ажиллахыг төрийн болон орон нутгийн өмчит хуулийн этгээдийн гүйцэтгэх удирдлагад үүрэг болгосугай:
1.1. Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийг үйл ажиллагаандаа мөрдөж ажиллан, татварын нэгдсэн системд холбогдох;
1.2. бараа, ажил, үйлчилгээг худалдан авах болон борлуулах тухай бүрт төлбөрийн баримт хэрэглэж, үүнийг хэвшүүлэх;
1.3. иргэд, хуулийн этгээдэд төлбөрийн баримт хэрэглэх үйл ажиллагааг хэвшүүлэх талаар нийтэд сурталчлан таниулах.
2. Энэ тогтоолыг хэрэгжүүлэхтэй холбоотойгоор төрийн болон орон нутгийн өмчит хуулийн этгээдийн авч хэрэгжүүлэх арга хэмжээг бодлого, арга зүйн зөвлөгөө, дэмжлэгээр хангаж ажиллахыг Гааль, татварын ерөнхий газарт даалгасугай.
3. Энэ тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Сангийн сайд Б.Болорт үүрэг болгосугай.
Монгол Улсын Ерөнхий сайд Ч.САЙХАНБИЛЭГ
Сангийн сайд Б.БОЛОР
Текст томруулах
A
A
A
