A

A

A

  • Нүүр
  • Засгийн газрын тогтоол
  • ТӨРИЙН ӨМЧИЙН ТАЛААР АВАХ ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ /ЗГ-ын 2016-7-27-ны өдрийн 3-р тогтоолоор хүчингүй болсонд тооцсон/
Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2016 оны 1 дүгээр сарын 4-ний өдөр

Дугаар 5

Улаанбаатар хот

ТӨРИЙН ӨМЧИЙН ТАЛААР АВАХ ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ /ЗГ-ын 2016-7-27-ны өдрийн 3-р тогтоолоор хүчингүй болсонд тооцсон/

Засгийн газрын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Иргэний хуулийн 32.1.1, 32.2-32.11, Монгол Улсын 2016 оны төсвийн тухай хууль, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 9 дүгээр зүйл, Улсын Их Хурлын 2015 оны 100 дугаар тогтоолыг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. Төрийн өмчийн хорооны эрхэлж байсан чиг үүрэг санхүү, төсвийн асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллагад шилжсэн боловч шилжин очих ажилтнуудын орон тоо, төсөв батлагдаагүй, төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой компаниудын төрийн төлөөллийг хэрэгжүүлэх эрх зүйн орчин бүрдээгүй байгааг харгалзан дараах арга хэмжээ авахыг Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга С.Баярцогтод даалгасугай:

а) Төрийн өмчийн хороог татан буулгах, чиг үүргийг нь шилжүүлэх ажлыг зохион байгуулах үүрэг бүхий комиссыг Сангийн яам, Хууль зүйн яам, Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, Төрийн өмчийн хороо (хуучин нэрээр), Архивын ерөнхий газрын төлөөлөлтэйгээр байгуулан ажиллуулах;

б) Татан буулгах комиссыг холбогдох хууль тогтоомж, удирдамжийн дагуу ажиллуулж, явц, үр дүнд хяналт тавих;

в) Төрийн өмчийн хороо татан буугдаж байгаатай холбогдуулан төрийн өмчийн хувьчлал, дуудлагын худалдаа, төрийн өмчийн төлөөлөл, төрийн өмчийн бүртгэл, тооллого зэрэг асуудлыг хариуцсан 15 ажилтныг чиг үүргийн дагуу Сангийн яаманд зохих журмын дагуу шилжүүлэн, дүнг 2016 оны 2 дугаар сарын 15-ны дотор танилцуулах.

2. Энэ тогтоолын 1 дүгээр зүйлийн "в"-д заасан Төрийн өмчийн хороо (хуучин нэрээр)-ноос шилжин ирж байгаа мэргэшсэн ажилтнуудын цалин, холбогдох бусад зардлыг 2016 оны улсын төсвийн "бүтцийн өөрчлөлтийн хөтөлбөр"-т зориулсан эх үүсвэрээс санхүүжүүлэхийг Сангийн сайд Б.Болор, Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга С.Баярцогт нарт тус тус даалгасугай.

3. Төрийн өмчийн талаарх чиг үүрэг санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад шилжиж байгаатай холбогдуулан үйл ажиллагааг тасралтгүй, давхардалгүй, хийдэл гаргахгүйгээр зохион байгуулах арга хэмжээ авч ажиллахыг Сангийн сайд Б.Болорт даалгасугай.

4. Энэ тогтоол гарсантай холбогдуулан "Яамдын зохион байгуулалтын бүтэц, орон тооны хязгаар батлах тухай" Засгийн газрын 2014 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 382 дугаар тогтоолын 1 дүгээр зүйлийн "Сангийн яам" гэсэн "в" хэсэгт дор дурдсан агуулга бүхий 11 дэх заалт нэмж, мөн хэсгийн 3 дахь заалтыг "3. Хууль, худалдан авах ажиллагааны бодлогын газар (хууль, эрх зүйн хэлтэстэй);" гэж өөрчилсүгэй.

"11. Төрийн өмчийн удирдлага, бүртгэл, тооллого, хяналтын газар (төрийн өмчийн бүтцийн өөрчлөлтийн хэлтэс, төрийн өмчийн бүртгэл, ашиглалт, хяналтын хэлтэстэй)."

Монгол Улсын Ерөнхий сайд Ч.САЙХАНБИЛЭГ

Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга С.БАЯРЦОГТ