A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2015 оны 6 дугаар сарын 15-ны өдөр

Дугаар 240

Улаанбаатар хот

ХУУЛЬ САХИУЛАХЫН ИХ СУРГУУЛИЙН ТАЛААР АВАХ ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ

Засгийн газрын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Дээд боловсролын тухай хуулийн 6.3-т заасныг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. Хууль сахиулахын их сургуулийн үйл ажиллагаатай холбогдуулан дараах арга хэмжээ авч ажиллахыг Хууль зүйн сайд Д.Дорлигжавт даалгасугай:

а) Хууль сахиулахын их сургуулийн сургалтын хөтөлбөрийн агуулга болон сургалтын чанар, орчныг олон улсын жишигт нийцүүлэн шинэчлэн сайжруулах, багш нарыг мэргэшүүлэх төлөвлөгөө боловсруулж, биелэлтийг зохион байгуулах;

б) Хууль сахиулахын их сургуулийн албан тушаалын ангилал, зэрэглэлийг тогтоож, зохион байгуулалтын бүтэц, орон тооны дээд хязгаар, дүрмийг шинэчлэн баталж мөрдүүлэх;

в) Хууль сахиулахын их сургуулийн албан хаагчийн дүрэмт хувцас хэрэглэх, тэдгээрт цол олгох журмыг холбогдох хууль тогтоомжид нийцүүлэн баталж мөрдүүлэх.

2. Хууль сахиулахын их сургуулийн албан хаагчийн төрийн тусгай алба хаасан хугацааны, албан ажлын онцгой нөхцөлийн, цол, мэргэшлийн зэргийн нэмэгдлийг тус тус цагдаагийн албан хаагчид олгож байгаа нэмэгдлийн хувь, хэмжээтэй адилтган тооцон олгож, шаардагдах хөрөнгийг жил бүрийн төсөвт тусган санхүүжүүлж байхыг Хууль зүйн сайд Д.Дорлигжав, Сангийн сайд Ж.Эрдэнэбат нарт үүрэг болгосугай.

Монгол Улсын Ерөнхий сайд Ч.САЙХАНБИЛЭГ

Хууль зүйн сайд Д.ДОРЛИГЖАВ