- Нүүр
- Олон талт гэрээ
- ДИПЛОМАТ ХАРИЛЦААНЫ ТУХАЙ ВЕНИЙН КОНВЕНЦ
МОНГОЛ УЛСЫН ОЛОН УЛСЫН ГЭРЭЭ ДИПЛОМАТ ХАРИЛЦААНЫ ТУХАЙ ВЕНИЙН КОНВЕНЦ
1961 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр
Энэхүү конвенцид оролцогч улсууд, |
дипломат төлөөлөгчийн эрх зүйн байдлыг бүх орны ард түмэн эрт дээр үеэс зөвшөөрч ирснийг тэмдэглэн, |
улсуудын бүрэн тэгш эрх, олон улсын энх тайван, аюулгүй байдлыг сахин хамгаалах, үндэстнүүдийн хооронд найрсаг харилцаа хөгжүүлэхэд тус дөхөм үзүүлэх талаар Нэгдсэн Үндэстний Байгууллагын дүрмийн зорилго, зарчмыг анхааран үзэж, |
дипломат харилцаа, эрх ямба, дархан эрхийн тухай олон улсын конвенц байгуулах нь улсуудын төрийн болон нийгмийн байгууллын ялгааг үл харгалзан тэдгээрийн хооронд найрсаг харилцаа хөгжүүлэхэд тус дөхөм болно гэдэгт итгэн, |
тэдгээр эрх ямба, дархан эрхийг аль нэг хувь хүний ашиг тусын тулд биш, улс гүрнийг төлөөлж байгаа байгууллага болох дипломат төлөөлөгчдийн газрууд үүргээ үр нөлөөтэй биелүүлэх явдлыг хангахад зориулан олгож байгааг ухамсарлан, |
энэхүү конвенцоор шууд зохицуулаагүй асуудлыг олон улсын заншлын эрх зүйн хэм хэмжээгээр урьдын адил зохицуулсаар байхыг нотлон, |
дараахь зүйлийг хэлэлцэн тохиролцов: |
1 дүгээр зүйл |
Дор дурдсан нэр томьёо нь энэхүү конвенцид дараахь утга илэрхийлнэ: |
(a) “төлөөлөгчийн газрын тэргүүн” гэж томилогч улсаас энэ албан тушаалд ажиллах үүрэг хүлээлгэсэн хүнийг хэлнэ; |
(b) ”төлөөлөгчийн газрын гишүүд” гэж төлөөлөгчийн газрын тэргүүн болон мөн газрын бүрэлдэхүүний гишүүдийг хэлнэ; |
(c) ”төлөөлөгчийн газрын бүрэлдэхүүний гишүүд” гэж төлөөлөгчийн газрын дипломат бүрэлдэхүүн, захиргаа-техникийн бүрэлдэхүүний болон үйлчлэх бүрэлдэхүүний гишүүдийг хэлнэ; |
(d) ”дипломат бүрэлдэхүүний гишүүд” гэж төлөөлөгчийн газрын дипломат зэрэг дэв бүхий гишүүдийг хэлнэ; |
(e) ”дипломат төлөөлөгч” гэж төлөөлөгчийн газрын тэргүүн буюу төлөөлөгчийн газрын дипломат бүрэлдэхүүний гишүүнийг хэлнэ; |
(f) ”захиргаа-техникийн бүрэлдэхүүний гишүүд” гэж төлөөлөгчийн газрын захиргааны болон техникийн үйлчилгээг гүйцэтгэгч төлөөлөгчийн газрын бүрэлдэхүүний гишүүдийг хэлнэ; |
(g) “үйлчлэх бүрэлдэхүүний гишүүд” гэж төлөөлөгчийн газарт үйлчлэх үүрэг гүйцэтгэж байгаа төлөөлөгчийн газрын бүрэлдэхүүний гишүүдийг хэлнэ; |
(h) “гэрийн хувь ажилтан” гэж төлөөлөгчийн газрын бүрэлдэхүүний гишүүний гэрийн ажлыг хийдэг, томилогч улсын албан хаагч биш хүнийг хэлнэ; |
(i) “төлөөлөгчийн газрын байр” гэж хэн өмчилж буйг үл харгалзан төлөөлөгчийн газрын тэргүүний өргөөг оролцуулан төлөөлөгчийн газрын зорилгод ашиглаж буй барилга буюу барилгын хэсэг, мөн тухайн барилга буюу барилгын хэсгийн эзэлж буй газрыг хэлнэ. |
2 дугаар зүйл |
Улсуудын хооронд дипломат харилцаа тогтоох болон байнгын дипломат төлөөлөгчийн газар байгуулах явдлыг харилцан тохиролцоно. |
3 дугаар зүйл |
1. Дипломат төлөөлөгчийн газрын чиг үүрэг inter alia дор дурдсанд оршино: |
(a) томилогч улсыг хүлээн авагч улсад төлөөлөх; |
(b) томилогч улсын болон түүний иргэдийн ашиг сонирхлыг хүлээн авагч улсад олон улсын эрх зүйн хүрээнд хамгаалах; |
(c) хүлээн авагч улсын засгийн газартай хэлэлцээ хийх; |
(d) хүлээн авагч улсад болж байгаа үйл явдал, нөхцөл байдлыг хууль ёсны бүхий л арга замаар судалж тодруулах, тэдгээрийн тухай томилогч улсын засгийн газарт мэдээлэх; |
(e) томилогч улс болон хүлээн авагч улсын хооронд найрсаг харилцааг хөгжүүлэх, мөн тэдгээрийн хооронд эдийн засаг, соёл, шинжлэх ухааны салбарт харилцаа хөгжүүлэх. |
2. Энэхүү конвецийн нэг ч заалт дипломат төлөөлөгчийн газраас консулын чиг үүрэг гүйцэтгэхэд саад учруулахгүй. |
4 дүгээр зүйл |
1. Томилогч улс хүлээн авагч улсад төлөөлөгчийнхөө газрын тэргүүнээр томилох гэж байгаа хүнд хүлээн авагч улс агреман өгснийг лавтай магадлах ёстой. |
2. Хүлээн авагч улс агреман өгөхөөс татгалзсан бол шалтгаанаа томилогч улсад мэдэгдэх үүрэггүй. |
5 дугаар зүйл |
1. Томилогч улс холбогдох хүлээн авагч улсуудад зохих ёсоор мэдэгдэхэд тэдгээрийн аль нь ч татгалзсанаа тодорхой илэрхийлээгүй бол тухайн байдлаас хамааран нэгээс дээш улсад төлөөлөгчийн газрын тэргүүнээ томилон суулгах буюу дипломат бүрэлдэхүүний аль нэгэн гишүүнийг томилж болно. |
2. Томилогч улс төлөөлөгчийн газрын тэргүүнээ нэг буюу хэд хэдэн улсад томилж байгаа бол төлөөлөгчийн газрын тэргүүний байнга суудаггүй улс тус бүрд түр хамаарагчаар тэргүүлүүлсэн дипломат төлөөлөгчийн газар байгуулж болно. |
3. Төлөөлөгчийн газрын тэргүүн буюу төлөөлөгчийн газрын дипломат бүрэлдэхүүний аль ч гишүүн олон улсын ямар ч байгууллагын дэргэд томилогч улсын төлөөлөгчөөр ажиллаж болно. |
6 дугаар зүйл |
Хүлээн авагч улс эс татгалзвал хоёр буюу хэд хэдэн улс нэг хүнийг тэрхүү улсад төлөөлөгчийн газрын тэргүүнээр томилж болно. |
7 дугаар зүйл |
5, 8, 9, 11 дүгээр зүйлийг хэрэглэхийн хамт, томилогч улс төлөөлөгчийн газрын бүрэлдэхүүний гишүүдийг чөлөөтэй томилж болно. Цэргийн, далайн буюу агаарын цэргийн атташе нарын тухайд тэдний нэрийг урьдаас мэдэгдэж зөвшөөрөл авахыг хүлээн авагч улс шаардаж болно. |
8 дугаар зүйл |
1. Төлөөлөгчийн газрын дипломат бүрэлдэхүүний гишүүд зарчмын хувьд томилогч улсын иргэн байвал зохино. |
2. Хүлээн авагч улсын зөвшөөрөлгүйгээр тэр улсын иргэдээс төлөөлөгчийн газрын дипломат бүрэлдэхүүний гишүүнээр томилж болохгүй бөгөөд тийм зөвшөөрлийг хэдийд ч эгүүлэн авч болно. |
3. Томилогч улсын иргэн биш, гуравдахь улсын иргэдийн хувьд хүлээн авагч улс дээрхийн адил эрх эдэлж болно. |
9 дүгээр зүйл |
1. Хүлээн авагч улс төлөөлөгчийн газрын тэргүүн буюу төлөөлөгчийн газрын дипломат бүрэлдэхүүний аль нэгэн гишүүнийг persona non grata, эсхүл төлөөлөгчийн газрын бүрэлдэхүүний өөр ямар ч гишүүнийг тааламжгүй этгээд гэж үзэж байгаагаа томилогч улсад шийдвэрийнхээ учир шалтгааныг тайлбарлахгүйгээр хэдийд ч мэдэгдэж болно. Энэ тохиолдолд томилогч улс уг этгээдийг эгүүлэн татах буюу төлөөлөгчийн газарт ажиллуулахыг зогсоох ёстой. Аль нэгэн этгээдийг хүлээн авагч улсын нутаг дэвсгэрт хүрэлцэн ирэхээс нь өмнө non grata буюу тааламжгүй этгээд гэж мэдэгдэж болно. |
2. Хэрэв томилогч улс энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан үүргээ биелүүлэхээс татгалзах буюу боломжийн хугацаанд биелүүлэхгүй бол хүлээн авагч улс уг этгээдийг төлөөлөгчийн газрын гишүүнд тооцохоос татгалзаж болно. |
10 дугаар зүйл |
1. Хүлээн авагч улсын гадаад хэргийн яам буюу харилцан тохиролцсон өөр нэг яаманд дараахь зүйлийг мэдэгдэж байна: |
(a) төлөөлөгчийн газрын гишүүдийг томилсон, тэдний хүрэлцэн ирсэн, бүрмөсөн буцсан тухай буюу төлөөлөгчийн газарт ажиллах үүргээ зогсоосон тухай; |
(b) төлөөлөгчийн газрын гишүүдийн гэр бүлд багтах хүмүүсийн ирсэн, бүрмөсөн буцсан тухай, мөн зохих тохиолдолд, төлөөлөгчийн газрын гишүүний гэр бүлийн гишүүн болсон буюу гэр бүлийн гишүүн байхаа больсон тухай; |
(c) энэ хэсгийн (а) дэд хэсэгт заасан хүмүүсийн хөлсөлсөн гэрийн хувь ажилтнууд ирсэн, бүрмөсөн буцсан тухай, мөн зохих тохиолдолд тэднийг ажлаас чөлөөлсөн тухай; |
(d) хүлээн авагч улсад оршин суугч хүмүүсийг эрх ямба, дархан эрх эдлэх эрхтэй төлөөлөгчийн газрын гишүүнээр буюу гэрийн хувь ажилтнаар хөлслөн ажиллуулсан, ажлаас чөлөөлсөн тухай. |
2. Хүрэлцэн ирэх, бүрмөсөн буцах тухай аль болохоор урьдчилан мэдэгдэж байна. |
11 дүгээр зүйл |
1. Төлөөлөгчийн газрын бүрэлдэхүүний тоог тодорхой тохиролцоогүй бол хүлээн авагч улс өөрийн орны нөхцөл байдал болон тухайн төлөөлөгчийн газрын хэрэгцээг харгалзан төлөөлөгчийн газрын бүрэлдэхүүний тоог зохистой, хэвийн гэж үзсэн хэмжээнд байлгахыг мэдэгдэж болно. |
2. Түүнчлэн хүлээн авагч улс дээр дурдсан үндэслэлээр, алагчилан үзэхгүйгээр тодорхой зэрэглэлийн албан тушаалтныг хүлээн авахаас татгалзаж болно. |
12 дугаар зүйл |
Томилогч улс хүлээн авагч улсын тодорхой илэрхийлсэн зөвшөөрлийг урьдчилан авахгүйгээр төлөөлөгчийн газар байгуулснаас өөр суурин газруудад төлөөлөгчийн газрынхаа хэсэг болох албан байр байгуулж үл болно. |
13 дугаар зүйл |
1. Төлөөлөгчийн газрын тэргүүн хүлээн авагч улсад тогтсон нийтээр нэгэн адил мөрддөг дадлын дагуу итгэмжлэх жуух бичгээ барьснаар эсхүл хүрэлцэн ирснээ мэдэгдэж хүлээн авагч улсын гадаад хэргийн яам буюу харилцан тохирсон өөр нэг яаманд итгэмжлэх жуух бичгийнхээ батламжилсан хувийг гардуулснаар үүрэгт ажилдаа орсонд тооцогдоно. |
2. Итгэмжлэх жуух бичиг буюу түүний батламжилсан хувийг гардуулах дэс дарааг төлөөлөгчийн газрын тэргүүний ирсэн он, сар, өдөр, цагаар эрэмблэн тогтооно. |
14 дүгээр зүйл |
1. Төлөөлөгчийн газрын тэргүүнийг гурван зиндаанд хуваана: |
(a) төрийн тэргүүний дэргэд томилогдсон элчин сайд болон нунцүүд, мөн адилтгах зэрэгтэй бусад төлөөлөгчийн газрын тэргүүний зиндаа; |
(b) төрийн тэргүүний дэргэд томилогдсон элчин болон интернунцийн зиндаа; |
(c) гадаад хэргийн сайдын дэргэд томилогдсон хэргийг хамаарагчдын зиндаа. |
2. Ахлалын дараалал, ёслолын горимоос бусад зүйлд төлөөлөгчийн газрын тэргүүнүүдийг тэдний зиндаанаас хамааран ялгаварлаж үл болно. |
15 дугаар зүйл |
Төлөөлөгчийн газрын тэргүүний хамаарагдах зиндааг улсууд хоорондоо тохиролцсоноор тодорхойлно. |
16 дугаар зүйл |
1. Төлөөлөгчийн газрын тэргүүний зохих зиндааны ахлалыг 13 дугаар зүйлийн дагуу чиг үүргээ гүйцэтгэж эхэлсэн он, сар, өдөр, цагаар баримтлана. |
2. Төлөөлөгчийн газрын тэргүүний итгэмжлэх жуух бичигт орсон өөрчлөлт түүний зиндааг өөрчлөөгүй бол ахлалын эрэмбэд нөлөөлөхгүй. |
3. Энэ зүйл Гэгээн Ширээт Улсын төлөөлөгчийн ахлалын талаар хүлээн авагч улсад баримталж байгаа дадлыг хөндөхгүй. |
17 дугаар зүйл |
Төлөөлөгчийн газрын дипломат бүрэлдэхүүний гишүүдийн ахлалын эрэмбийг төлөөлөгчийн газрын тэргүүн хүлээн авагч улсын гадаад хэргийн яам буюу харилцан тохиролцсон өөр нэг яаманд мэдэгдэнэ. |
18 дугаар зүйл |
Төлөөлөгчийн газрын тэргүүнийг тухайн улсад хүлээн авах журам нь зиндаа тус бүрт адилхан байна. |
19 дүгээр зүйл |
1. Төлөөлөгчийн газрын тэргүүний орон тоо сул, эсхүл төлөөлөгчийн газрын тэргүүн үүрэгт ажлаа гүйцэтгэх чадваргүй байвал төлөөлөгчийн газрын тэргүүний үүргийг хэргийг түр хамаарагч түр гүйцэтгэнэ. Түр хамаарагчийн овог нэрийг хүлээн авагч улсын гадаад хэргийн яам буюу харилцан тохирсон өөр нэг яаманд төлөөлөгчийн газрын тэргүүн өөрөө, хэрэв тэргүүн бололцоогүй бол томилогч улсын гадаад хэргийн яам мэдэгдэнэ. |
2. Хүлээн авагч улсад төлөөлөгчийн газрын дипломат бүрэлдэхүүний гишүүн нэг ч хүн байхгүй бол томилогч улс хүлээн авагч улсын зөвшөөрснөөр төлөөлөгчийн газрын захиргаа-техникийн бүрэлдэхүүний аль нэг гишүүнийг төлөөлөгчийн газрын захиргааны өдөр тутмын ажил хэргийг хариуцагчаар томилж болно. |
20 дугаар зүйл |
Төлөөлөгчийн газар болон түүний тэргүүн томилогч улсынхаа төрийн сүлд, далбааг төлөөлөгчийн газрын тэргүүний өргөөг оролцуулан төлөөлөгчийн газрын байранд, мөн уналгадаа хэрэглэх эрхтэй. |
21 дүгээр зүйл |
1. Томилогч улс төлөөлөгчийнхөө газарт шаардлагатай байрыг хүлээн авагч улсын нутаг дэвсгэрт түүний хуулийн дагуу олж авахад хүлээн авагч улс туслалцаа үзүүлэх буюу өөр арга замаар байр олж авахад нь туслана. |
2. Мөн хүлээн авагч улс шаардлагатай бол төлөөлөгчийн газруудаас гишүүддээ орон байр олж авахад нь туслана. |
22 дугаар зүйл |
1. Төлөөлөгчийн газрын байр халдашгүй байна. Хүлээн авагч улсын эрх мэдэлтэн төлөөлөгчийн газрын тэргүүний зөвшөөрөлгүйгээр тэрхүү байранд орж үл болно. |
2. Хүлээн авагч улс төлөөлөгчийн газрын байранд элдвээр халдах буюу хохирол учруулахаас хамгаалах, төлөөлөгчийн газрын амгалан тайван байдлыг элдвээр алдагдуулах буюу түүний нэр төрийг доромжлохоос урьдчилан сэргийлэх бүхий л арга хэмжээг авах онцгой үүрэг хүлээнэ. |
3. Төлөөлөгчийн газрын байр, тавилга, бусад эд хөрөнгө, түүнчлэн төлөөлөгчийн газрын тээврийн хэрэгслийг нэгжих, албадан дайчлах, битүүмжлэх, шийдвэр гүйцэтгэлээс чөлөөлнө. |
23 дугаар зүйл |
1. Томилогч улс болон төлөөлөгчийн газрын тэргүүн төлөөлөгчийн газрын өмчилсөн буюу түрээслэсэн байрны тодорхой төрлийн үйлчилгээний төлбөрөөс бусад улс, муж, орон нутгийн аливаа татвар, хураамжаас чөлөөлөгдөнө. |
2. Энэ зүйлд заасан татвар хураамжаас чөлөөлөх нь томилогч улс буюу төлөөлөгчийн газрын тэргүүнтэй гэрээ байгуулагч этгээдэд хүлээн авагч улсын хуулийн дагуу ногдуулах татвар, хураамжид үл хамаарна. |
24 дүгээр зүйл |
Төлөөлөгчийн газрын архив, баримт бичиг хэзээ ч, хаана ч халдашгүй байна. |
25 дугаар зүйл |
Хүлээн авагч улс төлөөлөгчийн газарт чиг үүргээ биелүүлэхэд нь бүх боломжийг олгоно. |
26 дугаар зүйл |
Улсын аюулгүй байдлын үүднээс нэвтрэн орохыг хориглосон буюу тусгай журмаар зохицуулдаг бүсийн тухай хууль, журамд нь харшлахгүй бол төлөөлөгчийн газрын бүх гишүүнийг нутаг дэвсгэрээр нь чөлөөтэй зорчих эрхийг хүлээн авагч улс хангана. |
27 дугаар зүйл |
1. Хүлээн авагч улс төлөөлөгчийн газрын албаны харилцаа холбоог чөлөөтэй зөвшөөрч, хамгаална. Төлөөлөгчийн газар томилогч улсын засгийн газар, хаана ч байгаа бусад төлөөлөгчийн болон консулын газартай харилцахдаа дипломат элч, түүнчлэн нууц түлхүүртэй буюу шифрлэсэн мэдээ зэрэг зохистой бүх арга хэрэгслийг ашиглаж болно. Гэхдээ төлөөлөгчийн газар радио дамжуулагчийг гагцхүү хүлээн авагч улсын зөвшөөрлөөр суурилуулан ашиглаж болно. |
2. Төлөөлөгчийн газрын албан захидал харилцаа халдашгүй байна. Албан захидал харилцаа гэж төлөөлөгчийн газар, түүний чиг үүрэгт хамаарах бүх захидал харилцааг хэлнэ. |
3. Дипломат шууданг задалж буюу саатуулж үл болно. |
4. Дипломат шууданг бүрдүүлж байгаа бүх богц боодол гадна талдаа түүний шинжийг тодорхойлсон үзэгдэхүйц тэмдэгтэй байх бөгөөд түүнд зөвхөн дипломат бичиг баримт болон албан хэрэгцээнд зориулсан эд юмс байж болно. |
5. Дипломат элч өөрийн эрх зүйн байдал, авч яваа дипломат шуудангийн богц боодлын тоог заасан албан баримт бичигтэй байх бөгөөд албан үүргээ гүйцэтгэх үедээ хүлээн авагч улсын хамгаалалтад байна. Тэрбээр хувийн халдашгүй байх бөгөөд түүнийг аливаа хэлбэрээр баривчилж буюу албадан саатуулж үл болно. |
6. Томилогч улс буюу төлөөлөгчийн газар дипломат ad hoc элчийг томилж болно. Тийм тохиолдолд энэ зүйлийн 5 дахь хэсэгт заасныг мөн баримтлах боловч тэрхүү элч хариуцаж яваа дипломат шуудангаа зохих газарт нь хүргэмэгц дээрх дархан эрх нь дуусгавар болно. |
7. Дипломат шууданг нэвтрэн орохыг зөвшөөрсөн буудалд буух иргэний тээврийн нисэх онгоцны даргад хариуцуулан өгч болно. Түүнд хариуцуулсан дипломат шуудангийн богц боодлын тоог заасан албан бичиг олгох боловч түүнийг дипломат элч гэж үзэхгүй. Төлөөлөгчийн газар онгоцны даргаас дипломат шуудангаа шууд саадгүй хүлээн авахаар аль нэг гишүүнээ явуулж болно. |
28 дугаар зүйл |
Албан үүргээ гүйцэтгэх явцдаа төлөөлөгчийн газрын ногдуулах төлбөр хураамж бүхий л татвар, хураамжаас чөлөөлөгдөнө. |
29 дүгээр зүйл |
Дипломат төлөөлөгчийн бие халдашгүй байна. Түүнийг ямар ч хэлбэрээр баривчлах буюу албадан саатуулж үл болно. Хүлээн авагч улс дипломат төлөөлөгчийг зохих ёсоор хүндэтгэж, түүний бие, эрх чөлөө, нэр төрд аливаа ямарваа байдлаар халдахаас урьдчилан сэргийлэх бүхий л зохистой арга хэмжээ авна. |
30 дугаар зүйл |
1. Дипломат төлөөлөгчийн хувийн өргөө төлөөлөгчийн газрын байрны нэгэн адил халдашгүй байна. |
2. Дипломат төлөөлөгчийн бүх бичиг баримт, захидал харилцаа, 31 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаас бусад өмч хөрөнгө нь нэгэн адил халдашгүй байна. |
31 дүгээр зүйл |
1. Дипломат төлөөлөгч хүлээн авагч улсын эрүүгийн хэргийн харьяаллаас чөлөөлөгдөх дархан эрх эдэлнэ. Мөн дор дурдсанаас бусад тохиолдолд иргэний болон захиргааны хэргийн харьяаллаас чөлөөлөгдөх дархан эрхийг эдэлнэ: |
(a) томилогч улсын өмнөөс төлөөлөгчийн газрын хэрэгцээнд зориулан эзэмшиж байгаагаас бусад хүлээн авагч улсын нутаг дэвсгэр дээр байгаа хувийн үл хөдлөх хөрөнгөд хамаарах эд хөрөнгийн нэхэмжлэл; |
(b) дипломат төлөөлөгч гэрээсийг биелүүлэгч, өвлөх эд хөрөнгийг харгалзагч, өвлөгч буюу өв залгамжлагчийн үүргийг томилогч улсын өмнөөс биш, хувь хүний тухайд гүйцэтгэж байгаа өвийн холбогдол бүхий нэхэмжлэл; |
(c) дипломат төлөөлөгчөөс албан үүргийнхээ хүрээнээс гадна хүлээн авагч улсад хэрэгжүүлж байгаа мэргэжлийн буюу арилжааны аливаа үйл ажиллагаатай холбоотой нэхэмжлэл. |