- Нүүр
- Олон талт гэрээ
- КОНСУЛЫН ХАРИЛЦААНЫ ТУХАЙ ВЕНИЙН КОНВЕНЦ
МОНГОЛ УЛСЫН ОЛОН УЛСЫН ГЭРЭЭ КОНСУЛЫН ХАРИЛЦААНЫ ТУХАЙ ВЕНИЙН КОНВЕНЦ
1963 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр
Энэхүү конвенцид оролцогч улсууд, |
ард түмний хооронд консулын харилцаа эрт дээр үеэс тогтож ирснийг тэмдэглэн, |
улсуудын бүрэн тэгш эрх, олон улсын энх тайван, аюулгүй байдлыг сахин хамгаалах, улсуудын хооронд найрсаг харилцаа хөгжүүлэхэд тус дөхөм үзүүлэх талаар Нэгдсэн Үндэстний Байгууллагын дүрмийн зорилго, зарчмыг анхааран үзэж, |
дипломат харилцаа, дархан эрхийн талаархи Нэгдсэн Үндэстний Байгууллагын Бага хурал 1961 оны 4 дүгээр сарын 18-наас эхлэн гарын үсэг зурахаар нээгдсэн Дипломат харилцааны тухай Венийн конвенц байгуулсныг харгалзан, |
консулын харилцаа, эрх ямба, дархан эрхийн тухай олон улсын конвенц байгуулах нь улсуудын төрийн болон нийгмийн байгууллын ялгааг үл харгалзан тэдгээрийн хооронд найрсаг харилцаа хөгжүүлэхэд мөн тус дөхөм болно гэдэгт итгэн, |
тэдгээр эрх ямба, дархан эрхийг аль нэг хувь хүний ашиг тусын тулд биш, харин консулын байгууллагууд өөрийн улсын нэрийн өмнөөс чиг үүргээ үр нөлөөтэй биелүүлэх явдлыг хангахад зориулан олгож байгааг ухамсарлан, |
энэхүү конвенцоор шууд зохицуулаагүй асуудлыг олон улсын заншлын эрх зүйн хэм хэмжээгээр урьдын адил зохицуулсаар байхыг нотлон, |
дараахь зүйлийг хэлэлцэн тохиролцов: |
1 дүгээр зүйл |
Нэр томъёо |
1. Дор дурдсан нэр томьёо нь энэхүү конвенцид дараахь утга илэрхийлнэ: |
(a) “консулын байгууллага” гэж аливаа ерөнхий консулын газар, консулын газар, дэд консулын газар буюу консулын төлөөлөгчийн газрыг хэлнэ; |
(b) “консулын тойрог” гэж консулын байгууллагад консулын чиг үүрэг гүйцэтгэхэд нь зориулан тогтоосон газар нутгийг хэлнэ; |
(c) “консулын байгууллагын тэргүүн” гэж энэ албан тушаалд ажиллах чиг үүрэг хүлээсэн хүнийг хэлнэ; |
(d) “консулын албан тушаалтан” гэж консулын байгууллагын тэргүүнийг оролцуулан энэ албан тушаалд консулын чиг үүрэг гүйцэтгэх үүрэг хүлээсэн аливаа хүнийг хэлнэ; |
(e) “консулын албан хаагч” гэж консулын байгууллагад захиргаа буюу техникийн үүрэг гүйцэтгэж байгаа аливаа хүнийг хэлнэ; |
(f) “үйлчлэх бүрэлдэхүүний гишүүн” гэж консулын байгууллагад үйлчлэх үүрэг гүйцэтгэж байгаа аливаа хүнийг хэлнэ; |
(g) “консулын байгууллагын гишүүд” гэж консулын албан тушаалтан, консулын албан хаагчид болон үйлчлэх бүрэлдэхүүний гишүүдийг хэлнэ; |
(h) “консулын бүрэлдэхүүний гишүүд” гэж консулын байгууллагын тэргүүнээс бусад консулын албан тушаалтан, мөн консулын албан хаагч болон үйлчлэх бүрэлдэхүүний гишүүдийг хэлнэ; |
(i) “гэрийн хувь ажилтан” гэж консулын байгууллагын гишүүнд гагцхүү хувиараа үйлчилж байгаа хүнийг хэлнэ; |
(j) “консулын байр” гэж хэн өмчилж буйг үл харгалзан зөвхөн консулын байгууллагын зорилгод ашиглаж байгаа барилга буюу барилгын хэсэг, мөн тэрхүү барилга буюу барилгын хэсгийн эзэлж буй газрыг хэлнэ; |
(k) “консулын архив” гэж консулын байгууллагын бүх баримт бичиг, захидал, ном, дүрс бичлэг, авиа бичлэгийн хальс, данс бүртгэл, шифр, нууц түлхүүр, картын сан болон тэдгээрийг хадгалж хамгаалахад зориулсан аливаа тавилга төхөөрөмжийг хэлнэ. |
2. Консулын албан тушаалтан хоёр зэрэглэлтэй байна, тухайлбал орон тооны консулын албан тушаалтан, өргөмжит консулын албан тушаалтан гэж байна. Энэхүү конвенцийн II бүлгийн заалт орон тооны консулын албан тушаалтны тэргүүлсэн консулын байгуулагад, III бүлгийн заалт өргөмжит консулын албан тушаалтан нарын тэргүүлсэн консулын байгууллагад хамаарна. |
3. Консулын байгууллагын гишүүд хүлээн авагч улсын иргэн буюу уг улсад байнга оршин суугч байвал тэдний эрхийн байдлыг энэхүү конвенцийн 71 дүгээр зүйлд заасны дагуу зохицуулна. |
I БҮЛЭГ |
КОНСУЛЫН ХАРИЛЦААНЫ ТУХАЙ НИЙТЛЭГ ЗААЛТ |
I анги. КОНСУЛЫН ХАРИЛЦАА ТОГТООХ, ХЭРЭГЖҮҮЛЭХ |
2 дугаар зүйл |
Консулын харилцаа тогтоох |
1. Консулын харилцааг улсууд харилцан тохиролцож тогтооно. |
2. Хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоохыг зөвшөөрснийг хэрэв өөрөөр тайлбарлаагүй бол консулын харилцаа тогтоохыг зөвшөөрсөнд тооцно. |
3. Дипломат харилцааг таслах нь консулын харилцааг ipso facto таслахад хүргэхгүй. |
3 дугаар зүйл |
Консулын чиг үүрэг гүйцэтгэх |
Консулын чиг үүргийг консулын байгууллагууд гүйцэтгэнэ. Эл чиг үүргийг энэхүү конвенцийн заалтын дагуу мөн дипломат төлөөлөгчийн газрууд гүйцэтгэнэ. |
4 дүгээр зүйл |
Консулын байгууллагыг нээх |
1. Консулын байгууллагыг хүлээн авагч улсын нутаг дэвсгэрт зөвхөн тэр улсын зөвшөөрлөөр байгуулж болно. |
2. Консулын байгууллагын байрлах газар, түүний зиндаа, консулын тойргийг томилогч улс тогтоож, хүлээн авагч улс зөвшөөрнө. |
3. Консулын байгууллагын байрлах газар, түүний зиндаа, консулын тойргийг томилогч улс зөвхөн хүлээн авагч улсын зөвшөөрлөөр цаашид өөрчилж болно. |
4. Аль нэг ерөнхий консулын газар буюу консулын газар байрлаж байгаагаасаа өөр суурин газарт дэд консулын газар буюу консулын төлөөлөгчийн газар нээхийг хүсвэл хүлээн авагч улсын зөвшөөрлийг мөн авах шаардлагатай. |
5. Консулын байгууллага байрлаж байгаагаасаа өөр газарт өөрийн албан байр байгуулах бол хүлээн авагч улсын тодорхой зөвшөөрлийг мөн урьдчилан авах шаардлагатай. |
5 дугаар зүйл |
Консулын чиг үүрэг |
Консулын чиг үүрэгт дор дурдсан ажил орно: |
(a) томилогч улс, түүний харьяат хувь хүн болон хуулийн этгээдийн ашиг сонирхлыг хүлээн авагч улсад олон улсын эрх зүйн хүрээнд хамгаалах; |
(b) томилогч улс, хүлээн авагч улсын хооронд худалдаа, эдийн засаг, соёл, шинжлэх ухааны харилцааг хөгжүүлэхэд тус дөхөм үзүүлэх, мөн тэдгээрийн хооронд найрсаг харилцааг энэхүү конвенцийн заалтын дагуу бусад арга замаар хөгжүүлэхэд тус дөхөм үзүүлэх; |
(c) хүлээн авагч улсын худалдаа, эдийн засаг, соёл, шинжлэх ухааны амьдралд болж байгаа үйл явдал, нөхцөл байдлыг хууль ёсны бүхий л арга замаар судалж тодруулах, тэдгээрийн тухай томилогч улсын засгийн газарт мэдээлэх, сонирхсон этгээдэд мэдээлэл өгөх; |
(d) томилогч улсын иргэдэд паспорт, буцах үнэмлэх олгох, томилогч улсад зорчихыг хүссэн хүмүүст виз буюу зохих бичиг баримт олгох; |
(e) томилогч улсын харьяат хувь хүн болон хуулийн этгээдэд тусламж дэмжлэг үзүүлэх; |
(f) нотариатын үйлдэл хийх, иргэний байдлыг бүртгэх болон ийм төрлийн бусад үүрэг гүйцэтгэх, мөн хүлээн авагч улсын хууль, журамд харшлахгүй бол захиргааны чанартай зарим чиг үүрэг гүйцэтгэх; |
(g) хүлээн авагч улсын нутаг дэвсгэрт mortis causa тохиолдолд өв залгамжлалын асуудал гарвал томилогч улсын харьяат хувь хүн болон хуулийн этгээдийн ашиг сонирхлыг хүлээн авагч улсын хууль, журмын дагуу хамгаалах; |
(h) томилогч улсын харьяат насанд хүрээгүй буюу эрх зүйн бүрэн чадамжгүй бусад иргэдийн ашиг сонирхлыг ялангуяа тэднийг асран хамгаалах, харгалзан дэмжих шаардлага гарвал хүлээн авагч улсын хууль, журмын дагуу хамгаалах; |
(i) хэрэв томилогч улсын иргэд эзгүй байх буюу бусад шалтгаанаар эрх, ашиг сонирхлоо цаг тухайд нь хамгаалж чадахгүй бол тэдний эрх, ашиг сонирхлыг хамгаалах урьдчилсан арга хэмжээ авах шийдвэрийг хүлээн авагч улсын хууль, журмын дагуу гаргуулах зорилгоор хүлээн авагч улсын шүүх, бусад байгууллагын өмнө өөрийн иргэдийг хүлээн авагч улсад тогтоосон журам, дадлын дагуу төлөөлөх буюу тэднийг зохистой төлөөлөх явдлыг хангах; |
(j) олон улсын хүчин төгөлдөр гэрээний дагуу, хэрэв тийм гэрээгүй бол хүлээн авагч улсын хууль, журамд үл харшлах аливаа өөр журмаар шүүхийн болон шүүхийн бус бичиг баримт дамжуулах, томилогч улсын шүүхийн даалгавар буюу шүүхэд зориулан мэдүүлэг авах даалгавар гүйцэтгэх; |
(k) томилогч улсын харьяалал бүхий хөлөг онгоц, тэр улсад бүртгэлтэй нисэх онгоц, түүнчлэн тэдгээрийн багийг томилогч улсын хууль, журамд заасан эрхийн дагуу хянаж, шалгах; |
(l) энэ зүйлийн (k) дэд хэсэгт дурдсан хөлөг онгоц, нисэх онгоц болон тэдгээрийн багт тусламж үзүүлэх, хөлөг онгоцны аялалтай холбогдсон өргөдөл хүлээн авах, хөлгийн бичиг баримтыг хянах, үйлдэх, замд тохиолдсон аливаа хэрэг явдлыг хүлээн авагч улсын эрх бүхий байгууллагын эрх мэдэлд хохирол учруулахгүйгээр мөрдөн шалгах, томилогч улсын хууль, журамд заасны дагуу хөлгийн ахмад, багийн бүрэлдэхүүн, далайчдын хоорондын элдэв маргааныг шийдвэрлэх; |
(m) хүлээн авагч улсын хууль, журмаар хориглоогүй буюу хүлээн авагч улс татгалзахгүй бол, эсхүл томилогч улс, хүлээн авагч улсын хооронд мөрдөж байгаа олон улсын хэлэлцээрт заасан бол томилогч улсаас консулын байгууллагад итгэж даалгасан бусад чиг үүргийг гүйцэтгэх. |
6 дугаар зүйл |
Консулын тойргоос гадна консулын чиг үүрэг гүйцэтгэх |
Консулын албан тушаалтан онцгой нөхцөл байдалд хүлээн авагч улсын зөвшөөрснөөр консулын тойргоос гадна чиг үүргээ гүйцэтгэж болно. |
7 дугаар зүйл |
Гуравдахь улсад консулын чиг үүрэг гүйцэтгэх |
Томилогч улс холбогдох улсуудад мэдэгдэхэд тэдний аль нэг нь илт татгалзахгүй бол өөр улсад консулын чиг үүрэг гүйцэтгэхийг аль нэг улс дахь консулын байгууллагадаа даалгаж болно. |
8 дугаар зүйл |
Гуравдахь улсын өмнөөс консулын чиг үүрэг гүйцэтгэх |
Хүлээн авагч улсад зохих ёсоор мэдэгдэхэд тэр улс татгалзахгүй бол томилогч улсын консулын байгууллага хүлээн авагч улсад гуравдахь улсын өмнөөс консулын чиг үүрэг гүйцэтгэж болно. |
9 дүгээр зүйл |
Консулын байгууллагын тэргүүний зиндаа |
1. Консулын байгууллагын тэргүүнүүдийг дараахь дөрвөн зиндаанд хуваана: |
(a) ерөнхий консул |
(b) консул |
(c) дэд консул |
(d) консулын төлөөлөгч. |
2. Энэ зүйлийн 1 дэх хэсгийн заалт нь хэлэлцэн тохирогч аль нэг тал консулын байгууллагын тэргүүн биш консулын албан тушаалтны зэрэг дэвийг тогтоох эрхийг ямар нэг хэлбэрээр хязгаарлахгүй. |
10 дугаар зүйл |
Консулын байгууллагын тэргүүнийг томилж, |
үүргээ гүйцэтгэхийг нь зөвшөөрөх |
1. Консулын байгууллагын тэргүүнийг томилогч улс томилж, хүлээн авагч улс чиг үүргээ гүйцэтгэхийг нь зөвшөөрнө. |
2. Консулын байгууллагын тэргүүнийг томилж, чиг үүргээ гүйцэтгэхийг нь зөвшөөрөх ёс журмыг энэхүү конвенцийн заалтыг баримтлан томилогч улс, хүлээн авагч улсын хууль, журам, заншлаар тогтооно. |
11 дүгээр зүйл |
Консулын патент буюу томилолтыг мэдэгдэх бичиг |
1. Томилогч улс консулын байгууллагын тэргүүнийг томилох бүрдээ албан тушаалыг нь нотолж, овог нэр, зэрэглэл, зиндаа, консулын тойрог, консулын байгууллагын байрлах газрыг нийтлэг журмын дагуу заасан патент хэлбэрийн буюу түүнтэй адил баримт бичгийг түүнд олгоно. |
2. Томилогч улс уг патент буюу түүнтэй адил баримт бичгийг консулын байгууллагын тэргүүн нутаг дэвсгэрт нь чиг үүргээ гүйцэтгэх улсын засгийн газарт дипломат буюу өөр зохих шугамаар илгээнэ. |
3. Хэрэв хүлээн авагч улс зөвшөөрвөл томилогч улс патент буюу түүнтэй адил бичиг баримтын оронд энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан агуулгатай мэдэгдэх бичгийг хүлээн авагч улсад илгээж болно. |
12 дугаар зүйл |
Экзекватур |
1. Консулын байгууллагын тэргүүн хүлээн авагч улсаас ямар ч хэлбэртэй байж болох экзекватур хэмээх зөвшөөрөл авснаар чиг үүргээ гүйцэтгэж эхэлнэ. |
2. Экзекватур олгохоос татгалзаж байгаа улс тийнхүү татгалзсан шалтгаанаа томилогч улсад мэдэгдэх үүрэггүй. |
3. 13, 15 дугаар зүйлд зааснаас бусад тохиолдолд консулын байгууллагын тэргүүн экзекватур хүлээн авахаасаа өмнө чиг үүргээ гүйцэтгэж үл болно. |
13 дугаар зүйл |
Консулын байгууллагын тэргүүнд үүргээ гүйцэтгэхийг түр зөвшөөрөх |
Консулын байгууллагын тэргүүнд экзекватур олгохоос өмнө чиг үүргээ гүйцэтгэхийг түр зөөвшөөрч болно. Энэ тохиолдолд энэхүү конвенцийн заалтыг хэрэглэнэ. |
14 дүгээр зүйл |
Консулын тойргийн эрх бүхий байгууллагад мэдэгдэх |
Консулын байгууллагын тэргүүнд чиг үүргээ гүйцэтгэхийг түр ч гэсэн зөвшөөрмөгц хүлээн авагч улс консулын тойргийн эрх бүхий байгууллагад нэн даруй мэдэгдэж, консулын байгууллагын тэргүүн албан тушаалынхаа дагуу чиг үүргээ гүйцэтгэх, энэхүү конвенцид заасан онцгой эрх эдлэхэд нь шаардагдах арга хэмжээ авна. |
15 дугаар зүйл |
Консулын байгууллагын тэргүүний чиг үүргийг түр гүйцэтгэх |
1. Хэрэв консулын байгууллагын тэргүүн чиг үүргээ гүйцэтгэх боломжгүй буюу консулын байгууллагын тэргүүний орон тоо сул байвал консулын байгууллагын тэргүүний чиг үүргийг консулын байгууллагын тэргүүний үүрэг гүйцэтгэгч түр гүйцэтгэж болно. |
2. Томилогч улсын дипломат төлөөлөгчийн газар, хэрэв уг улс хүлээн авагч улсад төөлөөлөгчийн газаргүй бол консулын байгууллагын тэргүүн буюу хэрэв тэр нь боломжгүй бол томилогч улсын эрх бүхий аливаа байгууллага консулын байгууллагын тэргүүний үүрэг гүйцэтгэгчийн овог нэрийг хүлээн авагч улсын гадаад хэргийн яаманд буюу уг яамны заасан байгууллагад мэдэгдэнэ. Нийтлэг журмын дагуу үүнийг урьдчилан мэдэгдэнэ. Консулын байгууллагын тэргүүний үүрэг гүйцэтгэгч нь томилогч улсаас хүлээн авагч улсад суугаа дипломат төлөөлөгч ч биш, консулын албан тушаалтан ч биш байвал хүлээн авагч улс зөвшөөрөл олгох болзол тавьж болно. |
3. Хүлээн авагч улсын эрх бүхий байгууллагууд консулын байгууллагын тэргүүний үүрэг гүйцэтгэгчид тусалж, түүнийг хамгаална. Тэрбээр консулын байгууллагыг тэргүүлж байгаа үед энэхүү конвенцийн заалт консулын байгууллагын тэргүүнд хамаардагийн нэгэн адил үндэслэлээр түүнд хамаарна. Гэвч консулын байгууллагын тэргүүний үүргийг түр гүйцэтгэгч гагцхүү зохих нөхцөлд тохирохгүй байгаа бол хүлээн авагч улс түүнд консулын байгууллагын тэргүүний эдэлдэг давуу эрх, эрх ямба, дархан эрхийг олгох үүрэггүй. |
4. Томилогч улсаас хүлээн авагч улсад суугаа дипломат төлөөлөгчийн газрын дипломат бүрэлдэхүүний гишүүн энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу консулын байгууллагын тэргүүний үүрэг гүйцэтгэгчээр томилогдоход хүлээн авагч улс татгалзахгүй бол дипломат эрх ямба, дархан эрхээ хэвээр эдэлнэ. |
16 дугаар зүйл |
Консулын байгууллагуудын тэргүүнүүдийн |
ахлах дараалал |
1. Консулын байгууллагуудын тэргүүнүүдийн зиндаа тус бүр дэх ахлах дарааллыг тэдэнд экзекватур олгосон он, сар, өдрөөр тогтооно. |
2. Хэрэв консулын байгууллагын тэргүүнд экзекватур олгохоос өмнө чиг үүргээ гүйцэтгэхийг түр зөвшөөрсөн бол түүний ахлах дарааллыг түр зөвшөөрөл олгосон он, сар, өдрөөр тогтоох бөгөөд энэ дарааллыг экзекватур олгосноос хойш ч баримтална. |
3. Экзекватур буюу түр зөвшөөрлийг адилхан нэг өдөр хүлээн авсан консулын байгууллагуудын хоёр буюу хэд хэдэн тэргүүний ахлах дарааллыг патент буюу патенттай адил баримт бичиг, эсхүл 11 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан мэдэгдлийг хүлээн авагч улсад ирүүлсэн он, сар, өдрөөр тогтооно. |
4. Консулын байгууллагуудын тэргүүний үүрэг гүйцэтгэгчид ахлах дарааллын хувьд консулын байгууллагуудын тэргүүнүүдийн дараа орох бөгөөд тэдний өөр хоорондын ахлах дарааллыг консулын байгууллагын тэргүүний үүргийг түр гүйцэтгэж эхэлснийг 15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу мэдэгдсэн он, сар, өдрөөр тогтооно. |
5. Консулын байгууллагыг тэргүүлж байгаа өргөмжит консулын албан тушаалтнууд дээр дурдсан журмын дагуу тухайн зиндаа тус бүрд консулын байгууллагуудын орон тооны тэргүүнүүдийн дараа орно. |
6. Консулын байгууллагуудын тэргүүнүүд ахлах дарааллын хувьд тийм эрхийн байдал эдлэхгүй консулын албан тушаалтны түрүүнд байна. |
17 дугаар зүйл |
Консулын албан тушаалтан дипломат ажиллагаа явуулах |
1. Томилогч улс нь дипломат төлөөлөгчийн газаргүй бөгөөд гуравдахь улсын дипломат төлөөлөгчийн газраар төлөөлүүлээгүй улсад суугаа консулын албан тушаалтан хүлээн авагч улсын зөвшөөрснөөр консулын эрхийн байдалдаа үл нөлөөлөхүйцээр дипломат үйлдэл хийх эрх эдэлж болно. Консулын албан тушаалтан тийм үйлдэл хийх нь дипломат эрх ямба, дархан эрх эдлэх эрхийг түүнд үл олгоно. |
2. Консулын албан тушаалтан хүлээн авагч улсад мэдэгдэж засгийн газар хоорондын аливаа байгууллагын дэргэд томилогч улсаа төлөөлөн ажиллаж болно. Тийнхүү төлөөлөн ажиллахдаа олон улсын заншлын эрх зүйн дагуу буюу олон улсын гэрээгээр олгодог эрх ямба, дархан эрх эдлэх эрхтэй. Гэхдээ консулын аливаа чиг үүрэг гүйцэтгэхдээ шүүхийн харьяаллаас чөлөөлөгдөх талаар энэхүү конвенцийн дагуу консулын албан тушаалтанд олгосноос илүү дархан эрх эдлэх эрхгүй. |
18 дугаар зүйл |
Хоёр буюу хэд хэдэн улс нэг хүнийг |
консулын албан тушаалтнаар томилох |