A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2016 оны 2 дугаар сарын 4-ний өдөр

Дугаар 87

Улаанбаатар хот

ХУУЛЬ ХЭРЭГЖҮҮЛЭХ ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ

Засгийн газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 4, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 5, Төрийн ордны тухай хуулийн 12 дугаар зүйл, Соёлын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Монгол Улсын 2016 оны төсвийн тухай хуулийг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын харьяа "Төр, засгийн үйлчилгээг эрхлэх газар" аж ахуйн тооцоотой төрийн өмчит үйлдвэрийн газрыг улсын төсөвт үйлдвэрийн газар болгон өөрчлөн зохион байгуулж, Монгол төрийн түүхийн музейн үйл ажиллагааг улсын төсвөөс санхүүжүүлэх арга хэмжээ авч, холбогдох дүрмүүдийг баталж мөрдүүлэхийг Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга С.Баярцогтод даалгасугай. 

(Энэ заалтад Засгийн газрын 2021 оны 336 дугаар тогтоолоор өөрчлөлт орсон)

2. "Төр, засгийн үйлчилгээг эрхлэх газар" төрийн өмчит үйлдвэрийн газрын орон тооны хязгаарыг 215, Монгол төрийн түүхийн музейн орон тооны хязгаарыг 18 байхаар тус тус баталсугай.

(Энэ заалтад Засгийн газрын 2021 оны 336 дугаар тогтоолоор өөрчлөлт орсон)

3. Төрийн байгууллагуудад үзүүлэх нийтлэг үйлчилгээний журмыг холбогдох байгууллагатай хамтран баталж мөрдүүлэхийг Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга С.Баярцогтод, Монгол төрийн түүхийн музейг мэргэжил, арга зүйн удирдлагаар хангаж ажиллахыг Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд Л.Гантөмөрт тус тус үүрэг болгосугай.

(Энэ заалтад Засгийн газрын 2021 оны 336 дугаар тогтоолоор өөрчлөлт орсон)

4. Энэ тогтоол гарсантай холбогдуулан "Төр, засгийн үйлчилгээг эрхлэх газрын талаар авах зарим арга хэмжээний тухай" Засгийн газрын 2014 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн 149 дүгээр тогтоолын 5 дугаар зүйлийн "мөрдүүлэх, Амралт, үйлчилгээний цогцолбор, хэвлэх үйлдвэрийг Төр, засгийн үйлчилгээг эрхлэх газрын үндсэн бүтцийн нэгж байхаар тус тус зохион байгуулахыг" гэснийг "мөрдүүлэхээр" гэж өөрчилж, 4 дүгээр зүйлийн "Төрийн ордон болон" гэснийг хасч, мөн тогтоолын 1-3 дугаар зүйл, "Тогтоолд өөрчлөлт оруулах тухай" Засгийн газрын 2014 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 324 дүгээр тогтоолыг тус тус хүчингүй болсонд тооцсугай.

Монгол Улсын Ерөнхий сайд Ч.САЙХАНБИЛЭГ

Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга С.БАЯРЦОГТ