- Нүүр
- Монгол Улсын хууль
- ЗАХИРГААНЫ ХЭРЭГ ШҮҮХЭД ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ
МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ
2016 оны 2 дугаар сарын 04-ний өдөр
Улаанбаатар хот
ЗАХИРГААНЫ ХЭРЭГ ШҮҮХЭД ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ
/Шинэчилсэн найруулга/
НЭГДҮГЭЭР БҮЛЭГ
НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ
1 дүгээр зүйл. Хуулийн зорилт
1.1.Энэ хуулийн зорилт нь хүн, хуулийн этгээдээс захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар, түүнчлэн нийтийн ашиг сонирхлыг төлөөлөх эрх бүхий этгээд, хуульд заасан бол захиргааны байгууллагаас гаргасан нэхэмжлэлийн дагуу захиргааны хэргийг шүүхэд хянан шийдвэрлэхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино.
2 дугаар зүйл. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль тогтоомж
2.1.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль тогтоомж нь Монгол Улсын Үндсэн хууль, Захиргааны ерөнхий хууль, Монгол Улсын шүүхийн тухай хууль, энэ хууль болон эдгээртэй нийцүүлэн гаргасан бусад хууль тогтоомжоос бүрдэнэ.
/Энэ хэсэгт 2021 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
3 дугаар зүйл. Хуулийн нэр томьёоны тодорхойлолт
3.1.Энэ хуульд хэрэглэсэн дараахь нэр томьёог доор дурдсан утгаар ойлгоно:
3.1.1."захиргааны байгууллага" гэж Захиргааны ерөнхий хуулийн 5 дугаар зүйлд заасан байгууллагыг;
3.1.2."захиргааны үйл ажиллагаа" гэж Захиргааны ерөнхий хуулийн 11 дүгээр зүйлд заасан үйл ажиллагааг;
3.1.3."нэхэмжлэл" гэж хүн, хуулийн этгээдээс захиргааны хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар, түүнчлэн нийтийн ашиг сонирхлыг төлөөлөх эрх бүхий этгээд, хуульд тусгайлан заасан бол захиргааны байгууллагаас нийтийн эрх зүйн чиг үүргийг хэрэгжүүлэхтэй холбогдон үүссэн маргааныг шийдвэрлүүлэхээр захиргааны хэргийн шүүхэд гаргасан өргөдлийг;
3.1.4."анхан шатны шүүхийн шийдвэр" гэж захиргааны хэргийн анхан шатны шүүхээс захиргааны хэргийг хянан шийдвэрлэж гаргасан шийдвэрийг;
3.1.5."шүүхийн тогтоол" гэж захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүх бүрэлдэхүүнээс гаргасан болон хяналтын шатны шүүхээс захиргааны хэргийг хянан хэлэлцэж гаргасан шийдвэрийг;
3.1.6."магадлал" гэж захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхээс захиргааны хэргийг хянан шийдвэрлэж гаргасан шийдвэрийг;
3.1.7."шүүгчийн захирамж" гэж захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгчээс дангаараа гаргасан шийдвэрийг;
3.1.8."шийтгэвэр" гэж захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зөрчил гаргасан этгээдэд хуульд заасны дагуу хариуцлага оногдуулсан шийдвэрийг;
3.1.9."захиргааны хэргийн шүүхэд нийтийн ашиг сонирхлыг төлөөлөх эрх бүхий этгээд" гэж хуулиар эрх олгогдсон этгээд, энэ хуулийн 18.3-т заасан шаардлага хангасан төрийн бус байгууллагыг;
3.1.10."хүн" гэж Монгол Улсын иргэн, гадаадын иргэн, харьяалалгүй хүнийг.
3.1.11."гомдол" гэж хуульд тусгайлан зааснаар эрх бүхий этгээдийн шийдвэрийг хянуулахаар захиргааны хэргийн шүүхэд гаргасан өргөдөл, шүүгчийн захирамж, тогтоол, анхан, давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хянуулахаар гаргасан өргөдөл, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу гаргасан прокурорын дүгнэлтийг.
/Энэ заалтыг 2017 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн хуулиар нэмсэн/
4 дүгээр зүйл. Шүүхийн өмнө эрх тэгш байх
4.1.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаа /цаашид "хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа" гэх/ нь хүнийг үндэс, угсаа, хэл, арьсны өнгө, нас, хүйс, нийгмийн гарал, байдал, хөрөнгө чинээ, эрхэлсэн ажил, албан тушаал, шашин шүтлэг, үзэл бодол, боловсрол болон бусад байдал, хуулийн этгээдийг өмчийн хэлбэр, эрх хэмжээгээр нь ялгаварлахгүй эрх тэгш байх зарчимд үндэслэн явагдана.
5 дугаар зүйл. Шүүх эрх мэдлийг шүүх хэрэгжүүлэх, шүүгч хараат бус байх
5.1.Шүүх эрх мэдлийг хуулийн дагуу байгуулагдсан шүүх хэрэгжүүлнэ.
5.2.Шүүгч хараат бус байж гагцхүү хуульд захирагдах бөгөөд шүүгч хараат бус байх баталгааг хуулиар тогтооно.
6 дугаар зүйл. Мэтгэлцэх зарчим
6.1.Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг мэтгэлцэх зарчмын үндсэн дээр хэрэгжүүлнэ.
6.2.Мэтгэлцэх зарчим хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны бүх шатанд хэрэгжинэ.
6.3.Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч хэргийн үйл баримт, хэргийн оролцогчийн буруутай үйл ажиллагаа, хууль зүйн үндэслэл, хууль хэрэглээний талаар нотлох болон үгүйсгэх байдлаар мэтгэлцэнэ.
6.4.Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүх хуралдаанд биеэр оролцож үг хэлэх, бичгээр тайлбар өгөх, нотлох баримт гаргах, түүнийг шинжлэн судлахад тэгш эрхтэй оролцоно.
7 дугаар зүйл. Шүүх нотлох зарчим
7.1.Захиргааны хэргийн шүүх хэргийн нөхцөл байдлыг тодруулах, хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримт цуглуулах, үнэлэх ажиллагааг хэрэгжүүлэх үүрэгтэй бөгөөд хэргийн оролцогчийг татан оролцуулна.
7.2.Шүүх нотлох зарчмыг хэрэгжүүлэх нь хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчийн хэрэгт ач холбогдол бүхий нотлох баримт гаргаж өгөх, энэ талаар хүсэлт гаргах эрхийг хязгаарлахгүй.
7.3.Энэ зүйлийн 7.1, 7.2 дахь хэсэгт заасан зарчим нь гомдол хянан шийдвэрлэх ажиллагаанд хамаарахгүй.
/Энэ хэсгийг 2017 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн хуулиар нэмсэн/
/Үндсэн хуулийн цэцийн 2018 оны 11 дүгээр сарын 21-ны өдрийн 15 дугаар дүгнэлтээр "Энэ зүйлийн 7.1, 7.2 дахь хэсэгт заасан зарчим нь гомдол хянан шийдвэрлэх ажиллагаанд хамаарахгүй." гэсэн нь Үндсэн хууль зөрчсөн байна гэснийг Монгол Улсын Их Хурлын 2018 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 88 дугаар тогтоолоор хүлээн зөвшөөрсөн./
/Энэ хэсгийг 2019 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон./
8 дугаар зүйл. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулах хэл, бичиг, хэлбэр
/Энэ зүйлийн гарчигт 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан бөгөөд 2025 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө./
8.1.Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг монгол хэлээр явуулж, төрийн албан ёсны хэл, бичгээр хөтөлж, баримтжуулна.
8.2.Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогч этгээд монгол хэл мэдэхгүй бол өөрийн эх хэл болон мэддэг хэл, бичгээр, хэрэв хөгжлийн бэрхшээлтэйн улмаас төрийн албан ёсны хэл, бичгээр харилцаж чадахгүй бол дохио зангаа, тусгай тэмдэгт ашиглан шүүхэд тайлбар, мэдүүлэг өгөх, нотлох баримт гаргах эрхтэй.
8.3.Шүүх энэ хуулийн 8.2-т заасан этгээдээс гаргасан тайлбар, мэдүүлэг, нотлох баримт болон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцыг хэргийн оролцогчид орчуулагч, хэлмэрчээр дамжуулан танилцуулах үүрэгтэй.
8.4.Гадаад хэлээр бичигдсэн нотлох баримт нь монгол хэлээр албан ёсоор орчуулагдсан байна.
8.5.Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны баримт бичиг, хэргийн материал нь цаасан болон цахим хэлбэртэй байж болно.
/Энэ хэсгийг 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн хуулиар нэмсэн бөгөөд 2025 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө./
9 дүгээр зүйл.Шүүх хуралдаан, хэрэг хянан шийдвэрлэх бусад ажиллагааг нээлттэй явуулах
/Энэ зүйлийг 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан бөгөөд 2025 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө./
9.1.Төрийн нууцад хамаарах хэрэг хянан шийдвэрлэхээс бусад шүүхийн хэлэлцүүлэг, шүүх хуралдааныг нээлттэй явуулна.
/Энэ хэсгийг 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан бөгөөд 2025 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө./
9.2.Хэргийг шийдвэрлэж байгаа шүүгч, шүүх бүрэлдэхүүн дараах тохиолдолд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа, шүүх хуралдааныг бүхэлд нь, эсхүл зарим хэсгийг хаалттай явуулахаар, эсхүл хэрэгт авагдсан нотлох баримтыг олон нийтэд мэдээлэхгүй талаар шийдвэр гаргаж болно:
/Энэ хэсэгт 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
/Энэ хэсгийг 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан бөгөөд 2025 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө./
9.2.1.хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд насанд хүрээгүй гэрч, хохирогч оролцож байгаа бол шүүх өөрийн санаачилгаар;
/Энэ заалтыг 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан бөгөөд 2025 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө./
9.2.2.нээлттэй ил тод байх нь хүний амь нас, эрүүл мэндэд ноцтой хохирол учруулж болзошгүй талаар хэргийн оролцогчийн гаргасан хүсэлт тайлбарыг шүүх үндэслэлтэй гэж үзсэн;
/Энэ заалтыг 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан бөгөөд 2025 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө./
9.2.3.цаашид үргэлжлэх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд ноцтой хохирол учруулах үндэслэлтэй гэж үзвэл.
/Энэ заалтыг 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан бөгөөд 2025 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө./
9.3.Энэ хуулийн 9.2-т заасан шийдвэр нь шүүгчийн захирамж, шүүхийн тогтоол хэлбэртэй байна. Уг шийдвэрийг эс зөвшөөрвөл хэргийн оролцогч гомдол, хэвлэл мэдээллийн байгууллага, сэтгүүлч, сонирхогч бусад этгээд хүсэлт гаргах эрхтэй.
/Энэ хэсгийг 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан бөгөөд 2025 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө./
9.4.Энэ хуулийн 9.2-т заасны дагуу шийдвэрлэсэн хэргийн үйл баримт, нотлох баримтын талаар олж мэдсэн хэргийн оролцогч, хэвлэл мэдээллийн байгууллага, сэтгүүлч, бусад этгээд уг үйл баримт, нотлох баримтын талаар олон нийтэд түгээх, хэвлэн нийтлэх, аливаа байдлаар нийтэд дэлгэхийг хориглоно.
/Энэ хэсгийг 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан бөгөөд 2025 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө./
9.5.Иргэний эрх зүйн чадамжгүй, согтуурсан, мансуурсан, 18 насанд хүрээгүй хэргийн оролцогч биш этгээдээс бусад хүн нээлттэй шүүх хуралдааныг хөндлөнгөөс ажиглах зорилгоор шүүх хуралдааны танхимд чөлөөтэй нэвтрэн орох эрхтэй. Шүүх хуралдаан хөндлөнгөөс ажиглагч этгээд нь шүүх хуралдаанд оролцох дэг, журмыг баримтална.
/Энэ хэсгийг 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан бөгөөд 2025 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө./
10 дугаар зүйл. Шүүх хуралдааныг тасралтгүй явуулах
10.1.Бүх шатны шүүхийн шүүх хуралдааныг өдрийн цагаар, амрах зайлшгүй шаардлагатайгаас бусад цагт тасралтгүй явуулна.
10.2.Шүүгч, шүүх бүрэлдэхүүн шүүх хуралдаанаар нэгэнт хэлэлцэж эхэлсэн хэргийг хянан шийдвэрлэж дуусах болон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хойшлуулах, түдгэлзүүлэх хүртэл өөр хэргийг хянан шийдвэрлэх эрхгүй.
101 дүгээр зүйл.Шүүх захиргааны хэргийг цахимаар хянан шийдвэрлэх
/Энэ зүйлийг 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн хуулиар нэмсэн бөгөөд 2025 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө./
101.1.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааг шүүхийн цахим платформыг ашиглан явуулж болох бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны баримт бичиг, хэргийн материал нь шүүхийн цахим платформын шаардлагад нийцсэн байна.
/Энэ хэсгийг 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн хуулиар нэмсэн бөгөөд 2025 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө./
10¹.2.Цаасан баримтыг шүүхийн захиргааны эрх бүхий ажилтан хөрвүүлж, тоон гарын үсгээр баталгаажуулна.
/Энэ хэсгийг 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн хуулиар нэмсэн бөгөөд 2025 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө./
10¹.3.Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны баримт бичиг, хэргийн материал нь шүүхийн /мэдээллийн системийн/ техникийн шаардлагад нийцсэн байна.
/Энэ хэсгийг 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн хуулиар нэмсэн бөгөөд 2025 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө./
10¹.4.Өмгөөлөгч нэхэмжлэл, тайлбар, гомдол, хүсэлт зэрэг баримт бичгийг цахим баримт бичгээр шүүхэд хүргүүлнэ. Техникийн шалтгаанаар ийнхүү хүргүүлэх боломжгүй тохиолдолд цаасан баримт бичгээр ирүүлж болох бөгөөд энэ тохиолдолд техникийн боломжгүй байсан шалтгаанаа нотолж цахимаар нөхөн ирүүлнэ.
/Энэ хэсгийг 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн хуулиар нэмсэн бөгөөд 2025 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө./
101.5.Хэргийн оролцогчтой цахимаар харилцахад төрийн байгууллага, албан тушаалтны албаны цахим шуудан, албан бичиг солилцооны дундын систем, мэдэгдэл хүргэх систем, төрийн үйлчилгээний нэгдсэн систем, мэдэгдэл хүргэх системд иргэний, эсхүл хуулийн этгээдийн хувьд түүнийг итгэмжлэлгүй төлөөлөх эрх бүхий этгээдийн үүсгэсэн бүртгэлийн дугаар бүхий үндэсний цахим шуудангийн хаягаар, өмгөөлөгчийн Монголын Өмгөөлөгчдийн Холбооны цахим системд бүртгүүлж холбогдсон цахим шууданг ашиглана.
/Энэ хэсгийг 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн хуулиар нэмсэн бөгөөд 2025 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө./
11 дүгээр зүйл. Хууль хэрэглэх
11.1.Шүүх хэрэг хянан шийдвэрлэхэд Монгол Улсын Үндсэн хууль, Монгол Улсын олон улсын гэрээ, бусад хууль тогтоомжийг хэрэглэнэ.
11.2.Хэрэг хянан шийдвэрлэхэд хэрэглэх хууль, Монгол Улсын олон улсын гэрээ нь Монгол Улсын Үндсэн хуульд нийцээгүй байна гэж шүүгч, шүүх бүрэлдэхүүн үзвэл тухайн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлж, Улсын дээд шүүхэд энэ талаар саналаа гаргана.
11.3.Улсын дээд шүүх энэ хуулийн 11.2-т заасан саналыг хэлэлцэж үндэслэлтэй гэж үзвэл Үндсэн хуулийн цэцэд хүсэлт гаргана. Харин үндэслэлгүй гэж үзвэл ердийн журмаар хянан шийдвэрлүүлэхээр санал гаргасан шүүхэд буцаана.
11.4.Шүүх тухайн маргаантай харилцааг зохицуулсан тухайлсан хууль байхгүй бол ерөнхийлөн зохицуулсан хуулийг хэрэглэнэ. Хэрэв тийм хууль байхгүй бол шүүх Монгол Улсын Үндсэн хуулийн агуулга, ерөнхий үндэслэл, үзэл санаанд нийцүүлэн шийдвэрлэнэ.
11.5.Монгол Улсын Үндсэн хуулиас бусад хууль хоорондоо зөрчилдвөл тухайн харилцааг илүү нарийвчлан зохицуулсан хуулийн, тийм хууль байхгүй бол сүүлд хүчин төгөлдөр болсон хуулийн заалтыг хэрэглэнэ.
11.6.Шүүх тухайн маргаантай харилцааг зохицуулсан эрх зүйн хэм хэмжээ байхгүй, эсхүл байгаа нь тодорхой бус гэсэн үндэслэлээр хэргийг хянан шийдвэрлэхээс татгалзах эрхгүй.
11.7.Шүүх хууль хоорондоо зөрчилтэй болон хууль шударга бус, эсхүл нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууны хэм хэмжээнд харш гэсэн үндэслэлээр хуулийн хэм хэмжээг хэрэглэхээс татгалзах эрхгүй.
12 дугаар зүйл. Захиргааны хэргийн шүүхийн шийдвэрийг заавал биелүүлэх
12.1.Захиргааны хэргийн шүүхийн шийдвэр дараахь хэлбэртэй байна:
12.1.1.анхан шатны шүүхийн шийдвэр;
12.1.2.магадлал;
12.1.3.тогтоол;
12.1.4.шүүгчийн захирамж;
12.1.5.шийтгэвэр.
12.2.Захиргааны хэргийн шүүхийн шийдвэрийг Монгол Улсын нутаг дэвсгэрт байгаа холбогдох захиргааны байгууллага, хуулийн этгээд, албан тушаалтан, хүн заавал биелүүлэх үүрэгтэй бөгөөд сайн дураар биелүүлээгүй бол хуульд заасан үндэслэл, журмын дагуу албадан гүйцэтгэнэ.
13 дугаар зүйл. Захиргааны хэргийн шүүхийн хянан шийдвэрлэх маргаан
13.1.Захиргааны хэргийн шүүх Үндсэн хуулийн цэц болон өөр шүүхэд харьяалуулснаас бусад нийтийн эрх зүйн маргааныг хянан шийдвэрлэнэ.
13.2.Захиргааны ерөнхий хуулийн 3.1-д заасан үйл ажиллагаа нь захиргааны хэргийн шүүхийн хянан шийдвэрлэх маргаанд хамаарахгүй.
ХОЁРДУГААР БҮЛЭГ
ШҮҮХЭД НЭХЭМЖЛЭЛ ГАРГАХ
14 дүгээр зүйл. Захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргах хугацаа
14.1.Хуульд өөрөөр заагаагүй, захиргааны үйл ажиллагаанд гомдол гаргах ажиллагаа Захиргааны ерөнхий хуульд заасан журмын дагуу явагдсан бол дараахь тохиолдолд шийдвэрийг мэдэгдсэнээс хойш захиргааны хэргийн шүүхэд 30 хоногийн дотор нэхэмжлэл гаргана:
14.1.1.дээд шатны захиргааны байгууллага, эсхүл гомдлыг хянан шийдвэрлэх чиг үүрэг бүхий захиргааны байгууллагаас гаргасан шийдвэрийг эс зөвшөөрсөн бол;
14.1.2.холбогдох захиргааны байгууллага нь дээд шатны захиргааны байгууллага, эсхүл гомдлыг хянан шийдвэрлэх чиг үүрэг бүхий захиргааны байгууллагаас гаргасан шийдвэрийг биелүүлээгүй бол.
14.2.Дээд шатны захиргааны байгууллага, эсхүл гомдлыг хянан шийдвэрлэх чиг үүрэг бүхий захиргааны байгууллагад гаргасан гомдлыг Захиргааны ерөнхий хуульд заасан хугацаанд хянан шийдвэрлээгүй бол хугацаа өнгөрснөөс хойш 30 хоногийн дотор шүүхэд нэхэмжлэл гаргана.
14.3.Шүүхэд шууд хандахаар хуульд заасан бол тухайн хуульд заасан хугацаанд, хэрэв хугацаа заагаагүй бол шийдвэрийг мэдэгдсэнээс хойш 30 хоногийн дотор шүүхэд нэхэмжлэл гаргана.
14.4.Дээд шатны захиргааны байгууллага, эсхүл гомдлыг хянан шийдвэрлэх чиг үүрэг бүхий захиргааны байгууллага байхгүй бол шийдвэрийг мэдэгдсэнээс хойш 30 хоногийн дотор нэхэмжлэлийг шууд шүүхэд гаргана.
14.5.Захиргааны байгууллагын гаргасан захиргааны акт, байгуулсан захиргааны гэрээ илт хууль бус болох, эрх зүйн харилцаа байгаа эсэхийг тогтоох болон захиргааны хэм хэмжээний акттай холбоотой нэхэмжлэлд энэ хуулийн 14.1-14.4-т заасан хугацаа үл хамаарна.
14.6.Энэ хуулийн 14.1-14.4-т заасан хугацаа зайлшгүй хүндэтгэн үзэх шалтгааны улмаас хэтэрсэн бол хүн, хуулийн этгээд, нийтийн ашиг сонирхлыг төлөөлөх эрх бүхий этгээд хугацаа сэргээлгэх хүсэлтээ холбогдох нотлох баримтын хамт тухайн захиргааны хэргийн шүүхэд гаргаж болох бөгөөд шүүгч уг хугацааг хэтэрснээс хойш гурван жилийн дотор нөхөн сэргээж болно.
14.7.Захиргааны байгууллагын буруутай үйл ажиллагааны улмаас энэ хуулийн 14.1-14.4-т заасан хугацаа хэтэрсэн бол энэ хуулийн 14.6 дахь хэсэг хамаарахгүй.
15 дугаар зүйл. Захиргааны хэргийн нутаг дэвсгэрийн харьяалал
15.1.Нэхэмжлэлийг тухайн шийдвэр гаргасан захиргааны байгууллагын оршин байгаа газрын захиргааны хэргийн шүүхэд гаргана.
16 дугаар зүйл. Хэрэг хянан шийдвэрлэх шүүхийн харьяалал
16.1.Захиргааны хэргийн анхан шатны шүүх энэ хуульд заасны дагуу захиргааны хэргийг анхан шатны журмаар хянан шийдвэрлэнэ.
16.2.Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх хуулиар харьяалуулсан захиргааны хэргийг анхан шатны журмаар, анхан шатны шүүхийн шийдвэрлэсэн захиргааны хэргийг давж заалдах журмаар хянан шийдвэрлэнэ.
16.3.Улсын дээд шүүх давж заалдах журмаар хянан шийдвэрлэсэн захиргааны хэргийг хяналтын журмаар хянан шийдвэрлэнэ.
16.4.Улсын дээд шүүх захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн анхан шатны журмаар хянан шийдвэрлэсэн хэргийг давж заалдах журмаар хянан шийдвэрлэнэ.
16.5.Захиргааны хэргийн шүүхийн харьяаллын талаар анхан шатны шүүхийн хооронд гарсан маргааныг захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Шүүгчдийн зөвлөгөөн хянан шийдвэрлэнэ.
/Энэ хэсэгт 2021 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
16.6.Хуульд заасан тохиолдолд захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх болон Улсын дээд шүүх хуулиар тусгайлан харьяалуулсан хэрэг, маргааныг анхан шатны болон давж заалдах журмаар хянан шийдвэрлэнэ.
ГУРАВДУГААР БҮЛЭГ
ХЭРГИЙН ОРОЛЦОГЧИЙН ЭРХ ЗҮЙН БАЙДАЛ
17 дугаар зүйл. Хэргийн оролцогч
17.1.Нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээдийг хэргийн оролцогч гэнэ.
17.2.Нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээдийн төлөөлөгч, өмгөөлөгч нь захиргааны хэргийн бие даасан оролцогч бус зөвхөн төлөөлүүлж, өмгөөлүүлж байгаа этгээдийнхээ эрх, хууль ёсны ашиг сонирхлыг илэрхийлэн хамгаалж байгаа этгээд мөн.
17.3.Энэ хуулийн 3.1.3-т заасан нэхэмжлэлийг гаргасан этгээдийг нэхэмжлэгч гэнэ.
17.4.Нэхэмжлэлийн шаардлагаар тодорхойлогдох захиргааны үйл ажиллагааг хэрэгжүүлсэн захиргааны байгууллага, албан тушаалтныг хариуцагч гэнэ.
17.5.Нэхэмжлэлийн шаардлагад тодорхойлсон захиргааны акт, захиргааны гэрээний улмаас эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж байгаа этгээдийг гуравдагч этгээд гэнэ.
18 дугаар зүйл. Хэргийн оролцогчийн эрх зүйн чадвар
18.1.Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хүн, хуулийн этгээд, захиргааны байгууллага оролцох эрхтэй.
18.2.Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд зайлшгүй шаардлагатай хуулийн этгээдийн эрхгүй байгууллагыг шүүгч захирамж гарган оролцуулж болно.
18.3.Хуулиар тусгайлан эрх олгогдсоноос бусад нийтийн ашиг сонирхлыг төлөөлөх эрх бүхий этгээд нь хүрээлэн байгаа орчин, хүүхдийн эрх, нийтийн эрүүл мэнд, нийтийн өмчийг хамгаалах асуудлаар шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй бөгөөд уг этгээд дараахь шаардлагыг хангасан байна:
18.3.1.нэхэмжлэлийн шаардлага нь тухайн байгууллагын дүрмийн зорилгод нийцсэн байх;
18.3.2.дүрмийн зорилгын дагуу сүүлийн гурваас доошгүй жил тогтвортой үйл ажиллагаа явуулсан байх.
19 дүгээр зүйл. Хэргийн оролцогчийн эрх зүйн чадамж
19.1.Шүүхэд захиргааны эрх зүйн хэм хэмжээгээр заагдсан эрхээ өөрөө хэрэгжүүлж, үүргээ биелүүлэх, хариуцлага хүлээх болон төлөөлөгчөөрөө гүйцэтгүүлэх чадварыг эрх зүйн бүрэн чадамжтай этгээд эдэлнэ.
19.2.Эрх зүйн зарим болон бүрэн бус чадамжтай, эсхүл сэтгэцийн өвчний улмаас эрх зүйн чадамжгүйд тооцогдсон, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, согтууруулах ундаа байнга хэрэглэдгийн улмаас эрх зүйн чадамж нь хязгаарлагдсан хүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг түүний эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигч төлөөлөн хамгаална.
19.3. 16-18 хүртэлх насны хүн өөрөө хүсвэл түүний эцэг, эх, харгалзан дэмжигчийн зөвшөөрлөөр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд биечлэн оролцох эрхтэй.
20 дугаар зүйл. Нэхэмжлэгчийн эрх, үүрэг
20.1.Нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцохдоо дараахь эрх эдэлнэ:
20.1.1.нэхэмжлэлээ өөрчлөх, түүний шаардлагын хэмжээг ихэсгэх, эсхүл багасгах, нэхэмжлэлээсээ бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн татгалзах, хариуцагчтай эвлэрэх;
20.1.2.хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчийн шаардлага, тайлбар, нотлох баримт, хэргийн материалтай танилцах, тэмдэглэл, хуулбар хийх, тэдгээрт тайлбар өгөх, шүүх хуралдаанд оролцох;
20.1.3.нотлох баримт гаргаж өгөх, гэрчээс мэдүүлэг авахуулах, шинжээч томилуулах, бусад нотлох баримт цуглуулах, нотлох баримтаас хасуулах, шүүх хуралдааныг хуульд заасан үндэслэлээр хойшлуулах тухай хүсэлт гаргах;
20.1.4.шүүгч, шүүх бүрэлдэхүүн, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга, шинжээч, орчуулагч, хэлмэрчийг хуульд заасан үндэслэлээр татгалзан гаргах хүсэлт гаргах;
20.1.5.шүүх хуралдааны бусад оролцогчид асуулт тавих;
20.1.6.шүүхийн шийдвэрт гомдол гаргах;
/Энэ заалтад 2021 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
20.1.7.хуульд заасан бусад эрх.
20.2.Нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцохдоо дараахь үүрэг хүлээнэ:
20.2.1.шүүхийн дуудсанаар хүрэлцэн ирэх;
20.2.2.хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шүүх хуралдааны дэгийг сахих;
20.2.3.шүүхийн тавьсан шаардлагыг биелүүлэх;
20.2.4.шүүхэд хэргийн талаар үнэн зөв тайлбар гаргах;
20.2.5.шүүхийн шийдвэрийг хуульд заасан хугацаанд гардан авах;
20.2.6.хуулийн хүчин төгөлдөр болсон шүүхийн шийдвэрийг биелүүлэх.
20.3.Нийтийн ашиг сонирхлыг төлөөлөн нэхэмжлэл гаргасан этгээд нь хэрэг үүсгэснээс хойш нэхэмжлэлээсээ бүрэн болон хэсэгчлэн татгалзахыг хориглоно.
21 дүгээр зүйл. Хариуцагчийн эрх, үүрэг
21.1.Хариуцагч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцохдоо дараахь эрх эдэлнэ:
21.1.1.нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх, биелүүлэх, нэхэмжлэгчтэй эвлэрэх, эсхүл татгалзах;
21.1.2.энэ хуулийн 20.1.2-20.1.7-д заасан эрх.
21.2.Хариуцагч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцохдоо дараахь үүрэг хүлээнэ:
21.2.1.шүүхээс тогтоосон хугацаанд нэхэмжлэлийн талаар бичгээр тайлбар гаргах, шаардсан нотлох баримтыг гаргаж өгөх;
21.2.2.хариуцагч өөрөө, эсхүл төлөөлөгчөөрөө дамжуулан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох;
21.2.3.энэ хуулийн 20.2-т заасан үүрэг.
22 дугаар зүйл. Гуравдагч этгээдийн эрх, үүрэг
22.1.Үндсэн нэхэмжлэлийн шаардлагаар үүссэн маргааны үйл баримтын талаар бие даасан шаардлага гаргасан, эсхүл эдгээрийн улмаас эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж байгаа гэж үзсэн гуравдагч этгээдийг тухайн этгээдийн хүсэлтээр, эсхүл шүүгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулна.
22.2.Энэ хуулийн 22.1-д заасан гуравдагч этгээд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцохгүй бол энэ талаар хүсэлтийг бичгээр гаргана.
22.3.Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд хэргийн оролцогчийн эрх эдэлж, үүрэг хүлээнэ.
22.4.Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд нэхэмжлэлийн шаардлагыг өөрчлөх, ихэсгэх, багасгах, хүлээн зөвшөөрөх, эвлэрэх болон нэхэмжлэлээс татгалзахаас бусад хэргийн оролцогчийн эрхийг эдэлж, үүргийг хүлээнэ.
23 дугаар зүйл. Нэхэмжлэлийг хэд хэдэн этгээд хамтран гаргах
23.1.Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд нэгэн адил шаардлага бүхий нэхэмжлэлийг хэд хэдэн нэхэмжлэгч хамтран гаргаж болно.
23.2.Энэ хуулийн 23.1-д заасан тохиолдолд нэхэмжлэгчид дундаасаа төлөөлөгч томилон түүнд олгосон итгэмжлэлээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд өөрсдийгөө төлөөлүүлэн оролцуулах эрхтэй.
23.3.Нэхэмжлэлийг 10, түүнээс дээш этгээд хамтран гаргасан тохиолдолд шүүгч хэрэг үүсгэснээс хойш 14 хоногийн дотор тэдэнд төлөөлөгчөө томилохыг санал болгоно.
23.4.Энэ хуулийн 23.3-т заасан хугацаанд нэхэмжлэгчид төлөөлөгчөө томилоогүй бол шүүгч тэдгээрийн дундаас төлөөлөгч томилно.
23.5.Төлөөлөгчийн тоо тав хүртэл байна. 50-иас дээш нэхэмжлэгчтэй хэрэгт шүүгч төлөөлөгчийн тоог нэмж тогтоож болно.
24 дүгээр зүйл. Хамтран хариуцагч
24.1.Нэг нэхэмжлэлд хэд хэдэн хариуцагч байж болох ба тэдгээр нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд бие даан оролцох эрхтэй.
24.2.Хамтран хариуцагчид нь ашиг сонирхлын зөрчилгүй, хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаанд бүгд оролцох шаардлагагүй, түүнчлэн шүүхийн шийдвэрт сөргөөр нөлөөлөхгүй гэж үзвэл хэн нэгийгээ томилон өөрсдийгөө төлөөлүүлэн оролцуулж болно.
25 дугаар зүйл. Хариуцагчийг солих
25.1.Хариуцагчаар татагдсан этгээд нэхэмжлэлийн жинхэнэ хариуцагч биш болох нь тогтоогдвол түүнийг шүүгч нэхэмжлэгчийн зөвшөөрснөөр жинхэнэ хариуцагчаар солино.
25.2.Нэхэмжлэгч хариуцагчийг солихыг зөвшөөрөөгүй бол шүүгч тухайн этгээдийг хамтран хариуцагчаар татан оролцуулна.
25.3.Хариуцагчийг нотлох баримт цуглуулахаас өмнө солих бөгөөд хэрэв цуглуулсны дараа солиход хүрвэл шинээр тогтоогдсон хариуцагч болон хамтран хариуцагч нь нотлох баримтыг шинээр цуглуулж, үнэлүүлэхийг шаардах эрхтэй.
26 дугаар зүйл. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд эрх залгамжлан авах
26.1.Маргаантай эрх зүйн харилцааны хэргийн оролцогчийн аль нэг нь уг маргаанаас гарсан /хүн нас барсан, сураггүй алга болсонд тооцогдсон, хуулийн этгээд татан буугдсан, шаардлага ба үүргээ бусдад шилжүүлсэн, захиргааны байгууллага өөрчлөн байгуулагдсан/ бол шүүх тэрхүү хэргийн оролцогчийг сонирхогч этгээд болон эрх залгамжлагчийн гаргасан хүсэлтээр эрх залгамжлан авбал зохих этгээдээр сольж болно. Эрх залгамжлан авах ажиллагаа хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч шатанд гүйцэтгэгдэж болно.
26.2.Захиргааны байгууллагын эрх залгамжлах үйл ажиллагааг Захиргааны ерөнхий хуулийн 5.2 дахь хэсэг, 8 дугаар зүйлд заасны дагуу зохицуулна.
26.3.Эрх залгамжлагч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанаас гарсан хэргийн оролцогчийн эрхийг эдэлж, үүргийг хүлээнэ.
27 дугаар зүйл. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хүн, хуулийн этгээд, захиргааны байгууллагыг төлөөлөх
27.1.Эрх зүйн чадамж бүхий хүн шаардлагатай гэж үзвэл хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд төлөөлөгчөө оролцуулна.
27.2.Хууль, эрх зүйн бусад акт болон үүсгэн байгуулах баримт бичгийн дагуу олгогдсон эрх хэмжээний хүрээнд байгууллагыг итгэмжлэлгүйгээр төлөөлөх этгээд, эсхүл түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хуулийн этгээдийг төлөөлнө.
27.3.Хуулийн этгээдийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх этгээд нь өөрийн албан тушаал, эрх хэмжээгээ нотлох баримт бичиг, бусад этгээд олгосон итгэмжлэлээ захиргааны хэргийн шүүхэд гаргаж өгнө.
27.4.Итгэмжлэл нь дараахь шаардлагыг хангасан байна:
27.4.1.итгэмжлэлд төлөөлүүлэгч гарын үсэг зурсан байх, хуулийн этгээдийн итгэмжлэлд байгууллагыг итгэмжлэлгүйгээр төлөөлөх этгээд гарын үсэг зурж, тамга, тэмдэг дарсан байх;
27.4.2.олгосон он, сар, өдрийг заах;
27.4.3.хуульд заасан бол нотариатаар гэрчлүүлэх;
27.4.4.захиргааны ямар маргаанд оролцохыг тодорхой заах;
27.4.5.итгэмжлэлийг тодорхой хугацаагаар олгох бол хугацааг заах.
27.5.Энэ хуулийн 27.4-т заасан шаардлагыг хангаагүй итгэмжлэл хүчин төгөлдөр бус байна.
27.6.Тодорхой хугацаагаар олгосон итгэмжлэл гурван жилээс илүүгүй хугацаагаар, хугацаа заагаагүй итгэмжлэл олгосон өдрөөс хойш нэг жилийн хугацаанд хүчин төгөлдөр байна.
27.7.Итгэмжлэлээр төлөөлүүлж байгаа хэргийн оролцогч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд биечлэн оролцохгүй байж болно.
27.8.Захиргааны байгууллагыг Захиргааны ерөнхий хуулийн 6 дугаар зүйлд заасны дагуу төлөөлөх бөгөөд энэ хуулийн 27.7 дахь хэсэг хамаарахгүй.
28 дугаар зүйл. Төлөөлөгчийн бүрэн эрх
28.1.Төлөөлөгч нь төлөөлүүлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах үйл ажиллагааг хуулийн хүрээнд явуулна.
28.2.Төлөөлөгч нь төлөөлүүлэгчээс олгосон итгэмжлэлд тусгайлан заасан тохиолдолд дараахь эрх эдэлнэ:
28.2.1.нэхэмжлэлд гарын үсэг зурах, хариу тайлбар гаргах;
28.2.2.нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх;
28.2.3.нэхэмжлэлийн шаардлагаас бүрэн, эсхүл хэсэгчлэн татгалзах;
28.2.4.нэхэмжлэлийн шаардлагыг өөрчлөх, ихэсгэх, эсхүл багасгах;
28.2.5.эвлэрэх;
28.2.6.шүүхийн шийдвэрийг давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах;
28.2.7.төлөөлүүлэгчээс олгосон итгэмжлэлийг бусдад шилжүүлэх;
28.2.8.захиргааны хэргийн шүүхийн шийдвэрийг албадан биелүүлэхийг шаардах.
29 дүгээр зүйл. Төлөөлөн оролцож болохгүй байдал, төлөөлөл дуусгавар болох үндэслэл
29.1.Дараахь этгээд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд төлөөлөгчөөр оролцохыг хориглоно:
29.1.1.насанд хүрээгүй, эрх зүйн зарим болон бүрэн бус чадамжтай, чадамжгүй хүн;
29.1.2.гуравдагч этгээд, гэрчээр оролцсон этгээд;
29.1.3.эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигчийн хувиар, эсхүл ажиллаж байгаа байгууллагаа төлөөлөн тухайн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож байгаагаас бусад тохиолдолд шүүгч, прокурор, мөрдөгч.
/Энэ заалтад 2017 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
29.2.Төлөөлөл дараахь үндэслэлээр дуусгавар болно:
29.2.1.төлөөлөгч бүрэн эрхээсээ татгалзсан;
29.2.2.төлөөлүүлэгч өөрийн олгосон итгэмжлэлийг хүчингүй болгосон;
29.2.3.хууль, эсхүл гэрээнд өөрөөр заагаагүй бол төлөөлүүлэгч нас барсан, эсхүл эрх зүйн бүрэн чадамжгүй болсон;
29.2.4.хуулийн этгээд татан буугдсан;
29.2.5.итгэмжлэлийн хугацаа дууссан.
29.3.Төлөөлүүлэгч итгэмжлэлээ хүчингүй болгох, төлөөлөгч итгэмжлэлээс татгалзах эрхтэй. Энэ тохиолдолд шүүхэд даруй мэдэгдэх үүрэгтэй бөгөөд мэдэгдээгүйгээс гарах үр дагаврыг төлөөлүүлэгч хариуцна.
30 дугаар зүйл. Хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд өмгөөлөгч оролцох
30.1.Хэргийн оролцогч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд өмгөөлөгчөөс хууль зүйн туслалцаа авч болно.
30.2.Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох өмгөөлөгчийн эрх нь хууль зүйн туслалцаа авч байгаа талын бичгээр гаргасан хүсэлт, эсхүл тэдний хооронд байгуулсан гэрээгээр тодорхойлогдоно.
30.3.Өмгөөлөгч нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцохдоо дараахь эрх эдэлнэ:
30.3.1.захиргааны хэргийн нотлох баримт, хэргийн материалтай танилцах, танилцах боломжит хугацаагаар хангуулах, тэмдэглэл хийх, шаардлагатай материалыг өөрийн зардлаар хувилж, хуулбарлан авах;
30.3.2.хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нотлох баримт гаргаж өгөх, хасуулах, шинэ нотлох баримт шаардах болон хэрэгт ач холбогдол бүхий бусад байдлыг шалгуулах, шинжээч томилуулах санал, хүсэлт гаргах;
30.3.3.шүүгч, шүүх бүрэлдэхүүн, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга, орчуулагч, хэлмэрч, шинжээчийг хуульд заасан үндэслэл байвал татгалзан гаргах хүсэлт гаргах;
30.3.4.шүүхийн шийдвэрт давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах;
30.3.5.хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож хэргийн оролцогч, бусад оролцогчид асуулт тавих, үйлчлүүлэгчийнхээ гаргаж байгаа мэдүүлэг, тодорхойлолтод тайлбар хийх;
30.3.6.шүүх хуралдааны тэмдэглэлтэй танилцаж, холбогдох санал, хүсэлтээ бичгээр гаргах;
30.3.7.хуульд заасан бусад эрх.
30.4.Өмгөөлөгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцохдоо дараахь үүрэг хүлээнэ:
30.4.1.хууль зүйн туслалцаа авагчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалан оролцох;
30.4.2.Монгол Улсын Үндсэн хууль, бусад хууль тогтоомж болон өмгөөлөгч, хуульчийн ёс зүйн хэм хэмжээг чанд сахих;
30.4.3.үйлчлүүлж байгаа этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хуульд үл харшлах бүх арга хэрэгслийг ашиглан бүрэн, тууштай хамгаалах;
30.4.4.өмгөөллийн үйл ажиллагааны явцад олж мэдсэн төр, байгууллага, хувь хүн болон үйлчлүүлэгчийн нууцыг задруулахгүй байх;
30.4.5.үйлчлүүлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлын эсрэг аливаа үйлдэл хийхгүй байх;
30.4.6.үйлчлүүлэгчийн хууль бус шаардлагаас татгалзах;
30.4.7.хүндэтгэн үзэх шалтгаантайгаас бусад тохиолдолд шүүхээс товлосон хугацаанд шүүх хуралдаанд хүрэлцэн ирэх.
ДӨРӨВДҮГЭЭР БҮЛЭГ
НОТЛОХ БАРИМТ
31 дүгээр зүйл. Нотлох баримт
31.1.Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч өөрийн шаардлага ба татгалзлаа үндэслэж байгаа, шүүх хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий, хуульд заасан арга хэрэгслээр олж авсан бодит нөхцөл байдлыг тогтооход шаардлагатай аливаа баримтат мэдээллийг нотлох баримт гэнэ.
31.2.Нотлох баримт нь хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчийн тайлбар, гэрчийн мэдүүлэг, бичмэл, цахим баримт, эд мөрийн баримт, эсхүл баримт бичиг, шинжээчийн дүгнэлт, кино ба гэрэл зураг, зураглал, дууны, дүрсний, дуу-дүрсний бичлэг, ул мөрнөөс буулгаж авсан хэв, үзлэг, туршилт, таньж олуулах ажиллагааны болон шүүх хуралдааны тэмдэглэл зэрэг нотолгооны хэрэгслээр тогтоогдоно.
31.3.Хаалттай шүүх хуралдааны явцад илэрхий болсон, түүнчлэн албан үүрэгтэй нь холбогдуулж шүүгчид итгэмжлэн мэдэгдсэн төрийн болон албаны нууц, байгууллагын нууц, хүний эмзэг мэдээллийг шүүгч, шүүх хуралдаанд оролцогч задруулахыг хориглоно.
/Энэ хэсэгт 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
32 дугаар зүйл. Нотлох баримт гаргах, цуглуулах
32.1.Хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг цуглуулах үүргийг захиргааны хэргийн шүүх гүйцэтгэнэ.
32.2.Захиргааны хэргийн шүүх хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг байгууллага, албан тушаалтан, хүнээс гаргаж өгөхийг шаардах эрхтэй бөгөөд холбогдох этгээд шаардлагыг биелүүлэх үүрэгтэй.
32.3.Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл, хариу тайлбарын үндэслэлийн талаар нотлох баримтаа шүүхэд гаргаж өгөх ба гаргаж өгөх боломжгүй, түүнчлэн шүүхэд мэдэгдээгүй нотлох баримтын эх сурвалжийг заах үүрэгтэй.
32.4.Шүүх хуралдаан товлохоос өмнө хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нотлох баримт гаргаж өгөх үүрэгтэй, түүнчлэн нотлох баримт цуглуулахыг захиргааны хэргийн шүүхээс шаардах эрхтэй.
32.5.Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхэд хуурамч, хуульд заасан арга хэрэгслээр олж аваагүй нотлох баримт гаргахыг хориглоно.
32.6.Захиргааны хэргийн шүүх хэрэгт хамааралгүй, нотолгооны ач холбогдолгүй, хуулиар зөвшөөрөгдөөгүй баримтыг хэргийн нотлох баримтаас хасах бөгөөд уг баримтыг шаардан гаргуулж болохгүй.
32.7.Энэ хуулийн 32.5-д заасныг зөрчсөн гэм буруутай этгээдэд хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ.
32.8.Хэргийн оролцогч өөрт байгаа нотлох баримтаа шүүхэд гаргаж өгөөгүй нь шүүхийг буруутгах үндэслэл болохгүй.
32.9.Шүүх цахим баримт бичгийг эргэлзээтэй гэж үзвэл энэ хуульд заасны дагуу шаардлагатай ажиллагаа хийнэ.
/Энэ хэсгийг 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн хуулиар нэмсэн бөгөөд 2025 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө./
33 дугаар зүйл. Нотлох баримтыг хилийн чанадад бүрдүүлэх
33.1.Хилийн чанадад нотлох баримт бүрдүүлэх шаардлагатай бол хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчийн хүсэлтээр, шүүхийн санаачилгаар эрх бүхий байгууллагаар дамжуулан тухайн улсын зохих байгууллагад хандаж болно.
33.2.Шүүхийн хүсэлтийг биелүүлэх журмыг тухайн улстай байгуулсан эрх зүйн туслалцаа харилцан үзүүлэх гэрээгээр, гэрээ байхгүй тохиолдолд дипломат шугамаар тохиролцоно.
34 дүгээр зүйл. Нотлох баримтыг үнэлэх
34.1.Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр өөрийн дотоод итгэлээр үнэлнэ.
34.2.Нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ.
34.3.Шүүхэд урьдаас хөдөлбөргүй үнэн гэж тогтоогдсон ямар ч нотлох баримт байж болохгүй.
34.4.Хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрээр нэгэнт тогтоогдсон болон нийтэд илэрхий үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй.
34.5.Нотлох баримт гаргах, цуглуулах талаар хуульд заасан журмыг зөрчиж олж авсан нотлох баримт нотлох чадвараа алдах бөгөөд шүүхийн шийдвэрийн үндэслэл болохгүй.
34.6.Анхан шатны шүүхэд гаргаагүй нотлох баримтыг давж заалдах болон хяналтын шатны шүүхэд гаргахгүй.
35 дугаар зүйл. Шүүхийн даалгавар, түүнийг биелүүлэх
35.1.Шийдвэрлэж байгаа хэргийн талаар өөр орон нутгаас нотлох баримт бүрдүүлэх зайлшгүй шаардлагатай байвал хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчийн хүсэлтээр, эсхүл шүүхийн санаачилгаар тодорхой ажиллагаа гүйцэтгэхийг зохих шүүхэд даалгана.
35.2.Энэ хуулийн 35.1-д заасан шүүхийн даалгаварт хэргийн товч агуулга, бүрдүүлбэл зохих нотлох баримтыг зааж, даалгавар биелүүлэх хугацааг тогтоож, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлнэ.
35.3.Шүүхийн даалгавар хүлээн авсан шүүх түүнийг тогтоосон хугацаанд биелүүлнэ.
35.4.Шүүхийн даалгавар биелүүлэхэд хөтөлсөн тэмдэглэл, бүрдүүлсэн бүх материалыг хэрэг хянан шийдвэрлэж байгаа шүүхэд тогтоосон хугацаанд хүргүүлнэ.
36 дугаар зүйл. Хэргийн оролцогч, түүний төлөөлөгч, өмгөөлөгчийн тайлбар
36.1.Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчийн шүүхэд гаргасан тайлбар бодит үнэнд нийцсэн, хэрэгт авагдсан нотлох баримтад үндэслэгдсэн байна.
36.2.Энэ хуулийн 36.1-д заасан этгээд өөрийн, эсрэг талын гаргасан тайлбарт холбогдох өөрт байгаа болон гаргах боломжтой нотлох баримтыг шүүхэд өгнө.
37 дугаар зүйл. Гэрчийн мэдүүлэг
37.1.Хэргийн талаар ач холбогдол бүхий нөхцөл байдлыг мэдэж байгаа хүнийг гэрч гэнэ.
37.2.Гэрчээр дуудагдсан этгээд шүүхэд заавал хүрэлцэн ирэх ба үнэн зөв мэдүүлэг өгөх үүрэгтэй.
37.3.Мэдүүлэг өгөхөөс татгалзах, зайлсхийх, эсхүл зориуд худал мэдүүлэг өгсөн бол хуульд заасан хариуцлага оногдуулна.
37.4.Хүндэтгэн үзэх шалтгааны улмаас шүүхийн дуудсанаар ирж чадахгүй гэрчээс байгаа газарт нь очиж мэдүүлэг авч болно.
37.5.Гэрч шүүхийн дуудсанаар хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй бол түүнийг албадан ирүүлэхийг шүүхээс эрх бүхий байгууллагад даалгаж, холбогдох зардлыг гэрчээр гаргуулахаар тогтоож болно.
37.6.Гэрчүүдийн мэдүүлэгт ноцтой зөрүү байвал тэдгээрийг нүүрэлдүүлэн мэдүүлэг авч болно.
37.7.Шүүгч нүүрэлдүүлэн мэдүүлэг авахдаа гэрчүүдээс бие биеэ таних эсэх, хоорондоо ямар харилцаатай болохыг асуух бөгөөд тодруулах гэж байгаа зүйлийн талаар гэрчүүдээс ээлжлэн мэдүүлэг авна.
37.8.Мэдүүлэг өгсний дараа шүүгч гэрчүүдээс асуулт асууж болох бөгөөд харилцан нүүрэлдэж байгаа гэрчүүд бие биенээсээ асуулт асууж болохгүй.
37.9.Гэрч өөрийн болон гэр бүлийн гишүүн, эцэг, эх, үр хүүхдийнхээ эсрэг мэдүүлэг өгөхгүй байх эрхтэй.
37.10.Дараахь хүнийг гэрчээр дуудах болон мэдүүлэг авч болохгүй:
37.10.1.үүргээ гүйцэтгэх замаар хэргийн нөхцөл байдлыг мэдэх болсон хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч;
37.10.2.иргэний эрх зүйн чадамжгүй этгээд.
38 дугаар зүйл. Бичмэл нотлох баримт
38.1.Хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий бичгийн хэлбэртэй баримтыг бичмэл нотлох баримт гэнэ.
38.2.Бичмэл нотлох баримтыг шүүхэд эх хувиар нь, хэрэв тухайн баримтын эх хувийг өгөх боломжгүй бол нотариатаар гэрчлүүлсэн хуулбарыг өгнө. Шүүх шаардлагатай гэж үзвэл тухайн баримтын эх хувийг шаардан авах эрхтэй.
38.3.Бичмэл нотлох баримтыг шаардан авахад бэрхшээлтэй байвал хэргийн оролцогчийн хүсэлтээр, эсхүл шүүхийн санаачилгаар түүний хадгалагдаж байгаа газарт нь шүүх үзлэг явуулна.
38.4.Төрийн байгууллага, хуулийн этгээд нь бичмэл нотлох баримтыг өөрийн байгууллагын архивын "хуулбар үнэн" гэсэн тэмдэг дарж баталгаажуулна.
38.5.Шүүхээс өмнө нь шийдвэрлэсэн, эсхүл шийдвэрлэж байгаа хэрэг хянан шийдвэрлэх үйл ажиллагааны явцад цугларсан нотлох баримтын шаардлага хангасан материалыг хэргээс хуулбарласан тохиолдолд бичмэл нотлох баримтыг нотлох баримтын шаардлага хангасан гэж үзнэ.
38.6.Шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсны дараа бичмэл баримтын эх хувийг түүнийг гаргаж өгсөн этгээд хүсвэл буцаан өгч болно. Харин уг баримтын нотариатаар гэрчлүүлсэн хуулбарыг хэргийн материалд үлдээнэ.
38.7.Шүүх цахим баримт бичгийг үнэлэхдээ Архив, албан хэрэг хөтлөлтийн тухай хуулийн 38 дугаар зүйлд заасныг баримтална.
/Энэ хэсгийг 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн хуулиар нэмсэн./
39 дүгээр зүйл. Эд мөрийн баримт
39.1.Хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нөхцөл байдлыг тогтоож чадах биет зүйлийг эд мөрийн баримт гэнэ.
39.2.Эд мөрийн баримтыг хэрэгт, эсхүл тусгай байр, саванд тодорхой бүртгэлтэйгээр хадгална.
39.3.Шүүхэд авчирч хадгалах боломжгүй эд мөрийн баримтыг түүний байгаа газарт нь үзлэг хийж, энэ тухай тэмдэглэл хөтөлнө.
39.4.Шаардлагатай бол уг эд мөрийн баримтын талаар гэрэл зураг, зураглал, дууны, дүрсний, дуу-дүрсний бичлэг хийж бэхжүүлэн хэрэгт хавсаргах, эсхүл түүнийг битүүмжилж болно.
39.5.Хүнсний болон түргэн муудаж, гэмтэх бусад эд зүйлд үзлэгийг шүүхээс хэргийн оролцогчдод мэдэгдэж даруй хийнэ. Хуульд өөрөөр заагаагүй бол үзлэг хийж дууссаны дараа эд зүйлийг эзэмшигчид буцаан олгоно.
39.6.Шаардлагатай бол эд мөрийн баримтыг эзэмшигч, эсхүл эд мөрийн баримт байгаа газрын баг, хорооны Засаг дарга, шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага, цагдаагийн байгууллага, тэдгээрийн албан тушаалтанд хадгалуулж болно. Хадгалахаар авсан этгээд эд мөрийн баримтыг хэвийн байдлаар хадгалах үүрэгтэй.
39.7.Хуульд өөрөөр заагаагүй бол шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон бол эд мөрийн баримтыг эзэмшигчид буцаан олгох бөгөөд гэрэл зураг, зураглал, дууны, дүрсний, дуу-дүрсний бичлэгийг хэрэгт үлдээнэ.
40 дүгээр зүйл. Шинжээчийн дүгнэлт
40.1.Хэрэг хянан шийдвэрлэхэд шинжлэх ухаан, тооцоо, тоо бүртгэл, урлаг, утга зохиол, техникийн зэрэг тусгай мэдлэг шаардагдах асуудлыг тодруулахын тулд хэргийн оролцогчийн хүсэлтээр, эсхүл шүүхийн санаачилгаар шинжээчийг томилж болно.
40.2.Шинжээч шинжилгээ хийж дүгнэлт гаргахдаа Шүүх шинжилгээний тухай хуульд заасан журмыг баримтална.
/Энэ хэсэгт 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
41 дүгээр зүйл. Хэрэг хянан шийдвэрлэхтэй холбогдсон бусад ажиллагаа
41.1.Хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нөхцөл байдлыг тодруулахын тулд шүүх үзлэг, туршилт, таньж олуулах ажиллагааг хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчийг оролцуулан хийх бөгөөд энэ тухай тэмдэглэл үйлдэж, уг ажиллагаанд оролцогчдоор гарын үсэг зуруулна.
41.2.Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч ирээгүй нь энэ хуулийн 41.1-д заасан ажиллагааг явуулахад саад болохгүй.
41.3.Хөндлөнгийн гэрчээр хэрэгт хувийн болон албаны сонирхолгүй, эрх зүйн бүрэн чадамжтай хүнийг оролцуулна.
41.4.Хөндлөнгийн гэрч түүнийг байлцуулан хийсэн ажиллагааны явц, агуулга, дүнг баталж өгөх үүрэгтэй.
41.5.Хөндлөнгийн гэрч тэмдэглэлд засвар оруулахаар санал гаргах эрхтэй.
41.6.Энэ хуулийн 41.4-т заасан үүргээ биелүүлээгүй бол хөндлөнгийн гэрчид хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ.
42 дугаар зүйл. Тэмдэглэл
42.1.Дараахь тохиолдолд шүүх хуралдааны тэмдэглэл үйлдэнэ:
42.1.1.анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх шүүх хуралдаанд;
42.1.2.давж заалдах, хяналтын журмаар хэрэг хянан шийдвэрлэх шүүх хуралдаанд хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч оролцож байгаа бол.
42.2.Үзлэг, туршилт хийх, таньж олуулах, нүүрэлдүүлэн мэдүүлэг авах зэрэг хэрэг хянан шийдвэрлэх бусад ажиллагааны үед тэмдэглэл үйлдэнэ.
42.3.Тэмдэглэлийг энэ хуулийн 8.1-д заасан шаардлагад нийцүүлэн үйлдэнэ.
42.4.Тэмдэглэлийг шүүх хуралдааны үед шүүх хуралдааны нарийн бичгийн дарга, хэрэг хянан шийдвэрлэх бусад ажиллагааны үед шүүгчийн даалгаснаар шүүгчийн туслах үйлдэнэ.
42.5.Тэмдэглэлд ямар ажиллагааг хэн, хэзээ, хаана явуулсан, түүний эхэлсэн ба дууссан цаг, ажиллагаанд оролцсон болон байлцсан хүн нэг бүрийн ургийн овог, эцэг /эх/-ийн нэр, өөрийн нэр, хаяг, түүнчлэн ажиллагааны дараалал, явц, илэрсэн нөхцөл байдлыг бичнэ.
42.6.Тэмдэглэлийг уг ажиллагаа явуулахад оролцсон болон байлцсан бүх хүн уншиж танилцах бөгөөд тэмдэглэлд засвар оруулахаар санал гаргах эрхтэйг тэдэнд тайлбарлаж өгнө.
42.7.Энэ хуулийн 42.2-т заасан тэмдэглэлд уг ажиллагааг явуулсан этгээд, оролцсон болон байлцсан бүх хүн гарын үсэг зурна. Тэдгээр нь гарын үсэг зурахаас татгалзах эрхгүй.
42.8.Тэмдэглэлд гэрэл зураг, зураглал, ул мөрнөөс буулгаж авсан хэв болон хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой бусад зүйлийг хавсаргаж болох бөгөөд тэмдэглэлд энэ тухай заана.
43 дугаар зүйл. Нотлох баримтыг хамгаалах
43.1.Хэрэг хянан шийдвэрлэхэд зайлшгүй шаардлагатай нотлох баримтыг өөрчлөх, устгах, бусдад шилжүүлэх, нуун дарагдуулах зэргээр хэргийг хянан шийдвэрлэхэд саад учруулж болох үндэслэлтэй гэж үзвэл хэргийн оролцогч нотлох баримтыг хамгаалуулахаар хэрэг хянан шийдвэрлэж байгаа шүүхэд хүсэлт гаргаж болно.
43.2.Хүсэлтэд ямар нотлох баримтыг хамгаалах, хэргийн ямар нөхцөл байдлыг нотлоход ач холбогдолтой болон хамгаалах болсон шалтгааныг заана.
43.3.Шүүгч хүсэлтийг үндэслэлтэй гэж үзвэл нотлох баримтыг хамгаалах тухай, хэрэв үндэслэлгүй гэж үзвэл татгалзах тухай захирамж гаргана.
43.4.Шүүгчийн захирамжид хаана, хэнд байгаа, ямар нотлох баримтыг хэрхэн хамгаалах талаар заана.
43.5.Энэ хуулийн 43.3-т заасан шүүгчийн захирамжийг шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага даруй биелүүлнэ.
ТАВДУГААР БҮЛЭГ
ШҮҮХИЙН ЗАРДАЛ, УЛСЫН ТЭМДЭГТИЙН ХУРААМЖ
44 дүгээр зүйл. Шүүхийн зардал
44.1.Шүүхээс хэрэг хянан шийдвэрлэхтэй холбогдон зайлшгүй гарах зардлыг шүүхийн зардал гэнэ.
44.2.Шүүхийн зардлыг улсын төсвөөс санхүүжүүлнэ.
44.3.Дараахь зардлыг хэргийн оролцогчоор нөхөн төлүүлнэ:
44.3.1.шинжээч, орчуулагч, хэлмэрчийн тээвэр, байр, хоолны зардал, шүүхийн тогтоол, шүүгчийн захирамжаар гүйцэтгэсэн ажил үндсэн ажлын чиг үүрэгт хамаарахгүй бол ажлын хөлс;
44.3.2.гэрчийн тээвэр, байр, хоолны зардал, цалин, хөдөлмөрийн хөлс;
44.3.3.үзлэг хийх, туршилт явуулах, таньж олуулах ажиллагаа явуулахад гарсан зардал;
44.3.4.эд мөрийн баримт хадгалах зардал;
44.3.5.гэрчийн мэдүүлгийг очиж авсан зардал.
45 дугаар зүйл. Нөхөн төлүүлэх шүүхийн зардлын хэмжээг тодорхойлох
45.1.Нөхөн төлүүлэх шүүхийн зардлыг дараахь журмаар тодорхойлно:
45.1.1.шинжээч, орчуулагч, хэлмэрч, гэрчид олгох тээвэр, байр, хоолны зардлыг улсын төсвөөс санхүүждэг байгууллагад мөрдөгдөж байгаа албан томилолтын зардлын хэмжээгээр;
45.1.2.шинжээч, орчуулагч, хэлмэрчийн ажлын хөлсийг шүүхээс төлсөн хэмжээгээр;
45.1.3.мэдүүлэг өгөхөөр шүүхэд дуудагдсан хугацаанд гэрч цалин, хөдөлмөрийн хөлсөөр хохирсон бол энэ хугацааны цалин, хөдөлмөрийн хөлсний дунджаар;
45.1.4.бусад зардлыг гүйцэтгэлийн баримтад заасан хэмжээгээр.
45.2.Шүүхийн зардлыг улсын төсөвт тушаана.
46 дугаар зүйл. Нөхөн төлүүлэх шүүхийн зардлаас чөлөөлөх, хөнгөлөх
46.1.Хэргийн оролцогч төлбөрийн чадваргүй болох нь түүний тайлбар болон бусад нотлох баримтаар тогтоогдсон, эсхүл хуульд заасан бусад үндэслэл байвал тэдгээрийг нөхөн төлүүлэх шүүхийн зардлаас чөлөөлж болно.
46.2.Шүүх тухайн этгээдийн эд хөрөнгийн болон бусад байдлыг харгалзан шүүхийн зардлыг нөхөн төлөх хэмжээг багасгах, хугацааг хойшлуулах, эсхүл хэсэгчлэн төлүүлж болно.
46.3.Нийтийн ашиг сонирхлыг төлөөлөн нэхэмжилж байгаа этгээдийг шүүхийн зардлаас чөлөөлнө.
47 дугаар зүйл. Нөхөн төлүүлэх шүүхийн зардлыг хуваарилах
47.1.Нөхөн төлүүлэх шүүхийн зардлыг нэхэмжлэл бүрэн хангагдсан тохиолдолд хариуцагчаар, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон тохиолдолд нэхэмжлэгчээр нөхөн төлүүлнэ.
47.2.Нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангасан бол шүүхийн зардлыг тэр хэмжээгээр хариуцагч болон нэхэмжлэгчид хуваарилан нөхөн төлүүлнэ.
47.3.Хяналтын шатны болон давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрийг өөрчилсөн бол шүүхийн зардлын хуваарилалтыг нэгэн адил өөрчлөн шийдвэрлэнэ.
47.4.Нэхэмжлэгч, хариуцагч эвлэрэхдээ шүүхийн зардлыг өөрөөр хуваарилахаар тохиролцоогүй бол шүүх энэ зүйлд заасан журмаар шийдвэрлэнэ.
47.5.Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзвал шүүхийн зардлыг нөхөн төлнө.
47.6.Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг сайн дураар хүлээн зөвшөөрч биелүүлсэн шалтгаанаар нэхэмжлэгч гаргасан нэхэмжлэлээсээ татгалзсан бол хариуцагчийн төлөх шүүхийн зардлыг тавин хувиар хөнгөлнө.
48 дугаар зүйл. Улсын тэмдэгтийн хураамж
48.1.Улсын тэмдэгтийн хураамжийг нэхэмжлэгч урьдчилан төлөх бөгөөд нэхэмжлэл бүрэн, эсхүл хэсэгчлэн хангагдсан тохиолдолд хариуцагчаар нөхөн төлүүлж нэхэмжлэгчид буцаан олгоно.
48.2.Хэрэг шүүхэд хянан шийдвэрлэхтэй холбогдуулж төлөх улсын тэмдэгтийн хураамжийн хувь хэмжээг Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулиар зохицуулна.
48.3.Эрх бүхий этгээдийн шийдвэрийг хянуулахаар гаргасан гомдол болон анхан, давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалд давж заалдах болон хяналтын журмаар гомдол гаргахад улсын тэмдэгтийн хураамж төлнө.
/Энэ хэсгийг 2017 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/
49 дүгээр зүйл. Улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөх
49.1.Нэхэмжлэгч төлбөрийн чадваргүй болох нь түүний тайлбар, бусад нотлох баримтаар тогтоогдсон болон хуульд заасан бусад үндэслэл байвал Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуульд заасны дагуу шүүгч улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлж, захирамж гаргана.
50 дугаар зүйл. Улсын тэмдэгтийн хураамжийг буцаан олгох
50.1.Шүүх нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан бол улсын тэмдэгтийн хураамжийг шүүгчийн захирамжаар нэхэмжлэгчид буцаан олгоно.
50.2.Шүүх хуралдаанаас өмнө давж заалдах болон хяналтын журмаар гомдол гаргасан этгээд уг гомдлоосоо татгалзвал тухайн шатны шүүгч гомдлыг гаргаагүйд тооцож, гомдол гаргахдаа төлсөн улсын тэмдэгтийн хураамжийг буцаан олгоно.
50.3.Давж заалдах болон хяналтын шатны шүүх хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэлтэй гэж үзэж шүүхийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгосон, эсхүл өөрчилсөн тохиолдолд гомдол гаргахдаа төлсөн улсын тэмдэгтийн хураамжийг тухайн шатны шүүгчийн захирамжаар буцаан олгоно.
/Энэ хэсгийг 2021 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон./
50.4.Энэ хуулийн 47.6-д заасан шалтгаанаар нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан бол нэхэмжлэгчийн урьдчилан төлсөн улсын тэмдэгтийн хураамжийн тавин хувийг буцаан олгоно.
/Энэ хэсгийг 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон бөгөөд 2025 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө./
50.5.Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа багасгах, нэхэмжлэлээсээ татгалзах, нэхэмжлэгч, хариуцагч эвлэрэх замаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа дуусгавар болсон бол улсын тэмдэгтийн хураамжийг буцаан олгохгүй.
/Энэ хэсэгт 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан бөгөөд 2025 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө./
50.6.Энэ хуулийн 91.3-д заасны дагуу шүүх нэхэмжлэлийг буцаах тохиолдолд улсын тэмдэгтийн хураамжийг буцаан олгохгүй.
51 дүгээр зүйл. Улсын тэмдэгтийн хураамжийг хуваарилах
51.1.Улсын тэмдэгтийн хураамжийг хэргийн оролцогчид хуваарилах асуудлыг энэ хуулийн 47 дугаар зүйлд заасны дагуу зохицуулна.
/Энэ хэсгийг 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон бөгөөд 2025 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө./
ЗУРГАДУГААР БҮЛЭГ
НЭХЭМЖЛЭЛ ГАРГАХ, ТҮҮНИЙГ ХҮЛЭЭН АВАХ
52 дугаар зүйл. Нэхэмжлэл гаргах, нэхэмжлэлийн хэлбэр, бүрдүүлбэр
52.1.Нэхэмжлэлийг шүүхэд бичгээр эсхүл цахим хэлбэрээр гаргах бөгөөд түүнд нэхэмжлэгч, эсхүл түүний төлөөлөгч гарын үсэг зурсан байна.
/Энэ хэсэгт 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан бөгөөд 2025 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө./
52.2.Нэхэмжлэлд дараахь зүйлийг тусгана:
52.2.1.нэхэмжлэлийг захиргааны хэргийн аль шүүхэд гаргаж байгаа;
52.2.2.нэхэмжлэгчийн ургийн овог, эцэг /эх/-ийн нэр, өөрийн нэр, оршин суугаа газрын хаяг, хуулийн этгээд бол нэр, оршин байгаа газрын хаяг;
52.2.3.хариуцагчийн нэр, оршин байгаа газрын хаяг;
52.2.4.нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэл;
52.2.5.улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, эсхүл чөлөөлөгдөх хүсэлт, түүнийг нотлох баримт;
52.2.6.хавсаргасан баримт бичгийн жагсаалт;
52.2.7.холбоо барих утас, факс, цахим хаяг.
52.3.Нэхэмжлэлийг итгэмжлэгдсэн төлөөлөгч гаргасан бол төлөөлөх эрх олгосон баримт бичиг болон итгэмжлэлийг хавсаргана.
52.4.Цаасан хэлбэрээр гаргасан Нэхэмжлэлийг хариуцагчийн тоогоор хувилж өгнө.
/Энэ хэсэгт 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан бөгөөд 2025 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө./
52.5.Энэ хуулийн 52.2.4-т заасан нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлд дараахь зүйл хамаарна:
52.5.1.захиргааны акт, захиргааны гэрээг хүчингүй болгуулах, илт хууль бус болохыг тогтоолгох, эсхүл эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох, захиргааны акт гаргуулахыг даалгах нэхэмжлэлийн хувьд нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хэрхэн зөрчигдсөн;
52.5.2.хохирол гаргуулах нэхэмжлэлийн хувьд захиргааны байгууллага ямар үүргээ биелүүлээгүйгээс, эсхүл захиргааны хууль бус үйл ажиллагааны улмаас нэхэмжлэгчид ямар хохирол учирсан, түүнийг хэрхэн шийдвэрлүүлэх;
52.5.3.нийтийн эрх зүйн харилцаа байгаа эсэхийг тогтоолгох нэхэмжлэлийн хувьд эрх зүйн харилцаа байгаа эсэхийг тогтоолгосноор нэхэмжлэгчид ямар эрх, хууль ёсны ашиг сонирхол үүсэхийг;
52.5.4.захиргааны байгууллагаас гаргах нэхэмжлэлийн хувьд ямар хууль зөрчигдсөн, эсхүл нийтийн эрх зүйн ямар чиг үүргээ хэрэгжүүлэх боломжгүйд хүрсэн;
52.5.5.нийтийн ашиг сонирхлыг төлөөлөн нэхэмжлэл гаргаж байгаа этгээдийн хувьд маргаж байгаа асуудлын талаар хангалттай сонирхол илэрхийлсэн байх бөгөөд нийтийн ямар ашиг сонирхол хэрхэн зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй;
52.5.6.захиргааны хэм хэмжээний актыг хүчингүй болгох, хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох нэхэмжлэлийн хувьд хүн, хуулийн этгээдийн ямар эрх, хууль ёсны ашиг сонирхол хэрхэн зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй болон ямар хуультай зөрчилдсөн.
52.6.Захиргааны байгууллагаас гаргах захиргааны хэм хэмжээний акттай холбогдох нэхэмжлэлийн хувьд энэ хуулийн 3.1.3-т заасан хуульд тусгайлан заасан байх нөхцөл хамаарахгүй.
53 дугаар зүйл. Нэхэмжлэл хүлээн авах, хуваарилах
53.1.Нэхэмжлэлийг тухайн захиргааны хэргийн шүүх хүлээн авч, хүлээн авсан он, сар, өдөр, цаг, минут, нэхэмжлэл, түүнд хавсаргасан баримт бичгийн хуудасны тоог тэмдэглэн бүртгэж баримтжуулна.
/Энэ хэсэгт 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан бөгөөд 2025 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө./
53.2.Хэрэг, нэхэмжлэлийг шүүгчид хуваарилах журам нь урьдчилан мэдэх боломжгүй, тохиолдлоор хуваарилах нөхцөлийг хангасан байх бөгөөд тухайн шүүхийн шүүгчдийн зөвлөгөөнөөс батална.
53.3.Нэхэмжлэл нь энэ хуулийн 52.2, 52.3, 52.5-д заасан бүрдүүлбэр хангаагүй бол хүлээн авсан шүүгч 7-14 хоногийн хугацаа тогтоон нэхэмжлэгчид уг шаардлагыг хангах боломж олгоно.
53.4.Нэхэмжлэгч тогтоосон хугацаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр нэхэмжлэлийн бүрдүүлбэр хангаагүй бол уг нэхэмжлэлийг шүүгч буцаана.
54 дүгээр зүйл. Нэхэмжлэл хүлээн авахаас татгалзах
54.1.Шүүгч дараахь тохиолдолд нэхэмжлэл хүлээн авахаас татгалзана:
54.1.1.захиргааны хэргийн шүүхийн харьяаллын бус;
54.1.2.тухайн захиргааны хэргийн шүүхийн харьяаллын бус;
54.1.3.Захиргааны ерөнхий хуулийн 92-94 дүгээр зүйлд заасан гомдол гаргах журмаар урьдчилан шийдвэрлүүлэх шаардлагыг биелүүлээгүй ба энэ журмыг хэрэглэх боломжтой;
54.1.4.нэхэмжлэгч нь эрх зүйн бүрэн чадамжгүй бөгөөд түүнийг төлөөлсөн этгээд байхгүй;
54.1.5.нэхэмжлэгчийг төлөөлөх бүрэн эрхгүй болон нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд нэхэмжлэл гаргасан;
54.1.6.нэхэмжлэлд заасан үйл баримт, захиргааны үйл ажиллагааны талаар, эсхүл уг нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан, түүнчлэн хэргийг хэрэгсэхгүй болгосон хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр болон шүүгчийн захирамж, шүүхийн тогтоол байгаа;
54.1.7.нэхэмжлэгч болох хүн нас барсан, хуулийн этгээд татан буугдсан боловч эрх, үүрэг нь эрх залгамжлагчид шилжээгүй;
54.1.8.энэ хуулийн 14.1-14.4-т заасан хугацааг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хэтрүүлсэн.
54.2.Нэхэмжлэлийг энэ хуулийн 54.1-д заасан үндэслэлээр хүлээн авахаас татгалзахдаа шүүгч захирамж гарган татгалзсан шалтгааныг зааж, уг нэхэмжлэлийг дахин гаргах, эсхүл хүлээн авахад саад болж байгаа зөрчлийг хэрхэн засахыг зааж, нэхэмжлэлийг буцаана.
54.3.Шүүгч дараахь үндэслэлээр гомдол хүлээн авахаас татгалзана:
54.3.1.энэ хуулийн 54.1.1, 54.1.2, 54.1.4-54.1.7-д заасан шаардлагыг хангаагүй;
54.3.2.хуульд тусгайлан заасан тохиолдолд урьдчилан шийдвэрлэх ажиллагааг биелүүлээгүй;
54.3.3.гомдол гаргах хугацааг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хэтрүүлсэн.
/Энэ хэсгийг 2017 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн хуулиар нэмсэн/
55 дугаар зүйл. Захиргааны хэрэг үүсгэх
55.1.Шүүгч энэ хуулийн 54.1-д заасан үндэслэл байхгүй гэж үзвэл нэхэмжлэлийг хүлээн авсан, эсхүл нэхэмжлэлийн бүрдүүлбэрийг хангаж ирүүлсэн өдрөөс хойш долоо хоногийн дотор хэрэг үүсгэх тухай захирамж гаргана.
56 дугаар зүйл. Захиргааны хэрэг үүсгэсэн шүүгчийн ажиллагаа
56.1.Хэрэг үүсгэсэн шүүгч дараахь ажиллагаа явуулна:
56.1.1.хариуцагчийг дуудан ирүүлж, нэхэмжлэлийн хувийг гардуулж, энэ тухай баримтжуулах;
56.1.2.хэргийн оролцогчид эрх, үүргийг нь тайлбарлан өгч, энэ тухайгаа баримтжуулах;
56.1.3.хэрэгт ач холбогдол бүхий нотлох баримтыг цуглуулах, гэрчийг дуудаж мэдүүлэг авах, шинжээч, орчуулагч, хэлмэрч томилох болон шаардлагатай бусад ажиллагаа явуулах;
56.1.4.шаардлагатай бол холбогдох шүүхэд шүүхийн даалгавар явуулах;
56.1.5.эвлэрүүлэх арга хэмжээ авах;
56.1.6.шаардлагатай бол гуравдагч этгээдийг оролцуулах захирамж гаргах;
56.1.7.хуульд заасан бусад ажиллагаа.
57 дугаар зүйл. Нэхэмжлэлийг хариуцагчид гардуулах
57.1.Хэрэг үүсгэсэн өдрөөс хойш нийслэлд долоо, орон нутагт 14 хоногийн дотор шүүх нэхэмжлэлийг хариуцагчид гардуулна.
57.2.Хариуцагч нэхэмжлэлийг хүлээн авснаас хойш 14 хоногийн дотор, эсхүл шүүгчээс тогтоосон хугацаанд нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөх эсэх талаар бичгээр хариу тайлбар гаргах бөгөөд тайлбартаа үндэслэлийг зааж, нотлох баримтаа хамтад нь гаргаж ирүүлнэ.
58 дугаар зүйл. Сөрөг нэхэмжлэл
58.1.Хариуцагч нь хэрэг хянан шийдвэрлэх явцад захиргааны гэрээтэй холбоотой үндсэн нэхэмжлэлтэй хамтатган хянан шийдвэрлүүлэхийн тулд шүүх хуралдаанаар хэлэлцэхийн өмнө сөрөг нэхэмжлэл гаргах эрхтэй.
58.2.Сөрөг нэхэмжлэлд нэхэмжлэл гаргах нийтлэг журмыг баримтална.
58.3.Сөрөг нэхэмжлэл нь үндсэн нэхэмжлэлийн шаардлагад тооцогдох, хэргийн оролцогчдын хүрээнд шийдвэрлэгдэхээр байна.
59 дүгээр зүйл. Шүүхэд дуудан ирүүлэх
59.1.Шүүгч хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч, гэрч, орчуулагч, хэлмэрч, шинжээчийг шүүхийн мэдэгдэх хуудсаар шүүх болон шүүх хуралдаанд дуудан ирүүлнэ.
59.2.Шүүх хуралдаанд ирвэл зохих оролцогчдод шүүх хуралдаан хэзээ, хаана болохыг шүүхийн мэдэгдэх хуудсаар тэдгээрийн оршин суугаа газрын, эсхүл ажлын газрын хаягаар мэдэгдэнэ.
59.3.Шүүхийн мэдэгдэх хуудсыг ирвэл зохих оролцогчийн оршин суугаа болон ажлын газрын хаягийн дагуу шуудангаар, эсхүл шүүхийн ажилтнаар биечлэн хүргүүлэх, эсхүл утас, факс, цахим шуудан, цахилгаан болон хэвлэл, мэдээллийн хэрэгслээр дамжуулан мэдэгдэж болох бөгөөд мэдэгдсэнээ баримтжуулна.
/Энэ хэсэгт 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан бөгөөд 2025 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө./
59.4.Мэдэгдэх хуудсыг шуудангаар хүргэсэн бол шүүх хүлээн авагчийн нэр, хаяг, явуулж байгаа он, сар, өдрийг тэмдэглэж, шүүхийн болон шуудангийн ажилтны гарын үсгийг зуруулна.
59.5.Газар нутгийн онцлогоос шалтгаалан шүүх мэдэгдэх хуудсыг биечлэн хүргэхийг өөр этгээдэд даалгаж болно.
59.6.Мэдэгдэх хуудсыг түүнд заасан этгээдэд гардуулан өгч, гарын үсэг зуруулж, гардуулсан он, сар, өдөр, цагийг тэмдэглэнэ. Хуулийн этгээдэд өгөх мэдэгдэх хуудсыг удирдах албан тушаалтан, холбогдох ажилтанд гардуулан өгч, гарын үсэг зуруулж, гардуулсан он, сар, өдөр, цагийг тэмдэглэнэ.
59.7.Мэдэгдэх хуудсыг гардуулан өгвөл зохих хүн оршин суугаа газартаа болон ажлынхаа газарт байхгүй бол уг хуудсыг түүний хамт амьдардаг насанд хүрсэн хүн, эсхүл сум, баг, хорооны Засаг дарга, түүний ажлын албанд, эсхүл ажлын газрынх нь захиргаанд хүлээлгэн өгч, гарын үсэг зуруулна.
59.8.Тухайн этгээд мэдэгдэх хуудсыг хүлээн авахаас татгалзвал энэ талаар мэдэгдэх хуудсанд тэмдэглэж шүүхэд буцаана. Энэ нь хэрэг хянан шийдвэрлэхэд саад болохгүй.
59.9.Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байгаа үед хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч оршин суугаа газрын хаягаа өөрчилсөн бол энэ тухай шүүхэд мэдэгдэх үүрэгтэй. Хаягаа өөрчилснөө мэдэгдээгүй тохиолдолд мэдэгдэх хуудсыг түүний шүүхэд бүртгүүлсэн хаягаар хүргүүлж, энэ хуулийн 59.6, 59.7-д заасан хүн, албан тушаалтанд хүлээлгэн өгөх бөгөөд түүнийг хүргэсэнд тооцно.
59.10.Мэдэгдэх хуудсыг хүлээн авсан хэргийн оролцогч, бусад оролцогч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүхэд ирээгүй бөгөөд түүнийг зайлшгүй ирүүлэх шаардлагатай гэж үзвэл шүүгч албадан ирүүлж, хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ.
59.11.Энэ хуулийн 59.10-т заасан ажиллагааг эрх бүхий байгууллага гүйцэтгэнэ.
60 дугаар зүйл. Хэргийг нэгтгэх, тусгаарлах
60.1.Аль нэг захиргааны хэргийн шүүхийн хянан шийдвэрлэх ажиллагаанд тухайн маргаантай хэрэг байгаа, эсхүл нэг нэхэмжлэгчээс өөр өөр хариуцагчид гаргасан нэхэмжлэлтэй хэд хэдэн хэргийг шүүх нэг ажиллагаагаар нэгтгэн хэлэлцэж болно.
60.2.Нэгтгэн гаргасан, эсхүл хэд хэдэн нэхэмжлэгч гаргасан болон хэд хэдэн хариуцагчид холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагатай нэг болон хэд хэдэн хэргийг тусгаарлаж болно.
61 дүгээр зүйл. Захиргааны актын биелэлтийг түдгэлзүүлэх
61.1.Энэ хуулийн 62 дугаар зүйл, эсхүл хуульд тусгайлан зааснаас бусад тохиолдолд шүүгч хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчийн хүсэлтээр захиргааны актын биелэлтийг түдгэлзүүлнэ.
61.2.Захиргааны хэм хэмжээний актын биелэлтийг зөвхөн хуульд заасан үндэслэлээр түдгэлзүүлж болно.
61.3.Захиргааны актын биелэлтийг түдгэлзүүлсэн шүүгчийн захирамж нь тухайн хэргийг эцэслэн шийдвэрлэх хүртэл хүчин төгөлдөр байна.
62 дугаар зүйл. Захиргааны актын биелэлтийг түдгэлзүүлж болохгүй нөхцөл
62.1.Захиргааны актын биелэлтийг дараахь тохиолдолд түдгэлзүүлж болохгүй:
62.1.1.захиргааны актын биелэлтийг түдгэлзүүлэх нь бусдын амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөд ноцтой, хуулийн этгээд, эсхүл нийтийн ашиг сонирхолд илт хохирол учруулахаар бол;
62.1.2.хүн, хуулийн этгээдээс албан татвар, төлбөр, хураамж гаргуулах тухай шийдвэр бол;
62.1.3.захиргааны журам зөрчсөн этгээдэд хариуцлага хүлээлгэсэн бол уг зөрчлийг таслан зогсоох тухай захиргааны хяналтын байгууллага, албан тушаалтны шийдвэр бол;
62.1.4.тендер шалгаруулалтад оролцох эрхээ хязгаарлуулсан этгээдийн жагсаалтад бүртгэх шийдвэр бол.
/Энэ заалтыг 2023 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар нэмсэн./
62.1.5.хуульд заасан тохиолдолд үл маргалдах журмаар биелүүлэх бол.
/Энэ заалтын дугаарт 2023 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
62.1.6.энэ хуулийн 112 дугаар зүйлийн 112.1.3, 112.4.1-д заасан маргааныг шийдвэрлэсэн холбогдох сонгуулийн хорооны шийдвэр бол.
/Энэ заалтыг 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн хуулиар нэмсэн./
63 дугаар зүйл. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хугацаа
63.1.Хуульд өөрөөр заагаагүй бол хэрэг үүсгэснээс хойш 60 хоногийн дотор хянан шийдвэрлэнэ.
63.2.Хэргийг давж заалдах болон хяналтын шатны шүүхээс дахин хэлэлцүүлэхээр буцаасан бол хэргийг тухайн шүүх хүлээн авснаас хойш 30 хоногийн дотор хянан шийдвэрлэнэ.
63.3.Энэ хуулийн 63.1, 63.2-т заасан хугацааг шаардлагатай тохиолдолд тухайн шүүхийн шүүгчдийн зөвлөгөөнөөс эхний удаа 30 хүртэл хоногоор, хоёр дахь удаагаа 15 хүртэл хоногоор сунгаж болно.
63.4.Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад бусад хугацааг энэ хуулийн 63.1-63.3-т заасан хугацааны дотор шүүгч тогтоож болно.
63.5.Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гарсан шүүхийн тогтоол, шүүгчийн захирамжид гаргасан гомдлыг давж заалдах шатны шүүхээс хянан шийдвэрлэсэн хугацаа энэ хуулийн 63.1-63.3-т заасан хугацаанд хамаарахгүй.
64 дүгээр зүйл. Хугацааг тодорхойлох, тоолох
64.1.Хугацааг тодорхойлох, тоолохдоо Захиргааны ерөнхий хуулийн 33 дугаар зүйлд заасан хугацааг тодорхойлох, тоолох журмыг баримтална.
65 дугаар зүйл. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлэх
65.1.Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг дараахь тохиолдолд шүүгч захирамж, шүүх тогтоол гарган түдгэлзүүлнэ:
65.1.1.хэргийн оролцогч нас барсан, хуулийн этгээд татан буугдсан үед маргаантай байгаа шаардлага болон үүрэг эрх залгамжлагчид шилжих ёстой байвал;
65.1.2.хэргийн оролцогч онц ба дайны байдал зарласан нөхцөлд цэргийн алба хааж байгаа;
65.1.3.эрүү, иргэн, захиргааны хэрэг хянан шийдвэрлэх журмаар шийдвэрлэгдвэл зохих өөр хэрэг, маргааныг хянан шийдвэрлэхээс өмнө уг хэргийг хянан шийдвэрлэх боломжгүй;
/Энэ заалтад 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
65.1.4.хэргийн оролцогч хүнд өвчний учир эмчлүүлж байгаа бөгөөд төлөөлөгч томилох боломжгүй;
65.1.5.хэрэг хянан шийдвэрлэхэд хэрэглэх хууль Монгол Улсын Үндсэн хуульд нийцээгүй тухай асуудлаар Улсын дээд шүүхэд санал оруулсан;
65.1.6.хэрэг хянан шийдвэрлэхэд хэрэглэх хууль нь Монгол Улсын Үндсэн хууль зөрчсөн эсэх талаар Үндсэн хуулийн цэц маргаан үүсгэсэн;
65.1.7.энэ хуулийн 33, 35, 40 дүгээр зүйлд заасан ажиллагаа явуулж байгаа.
65.2.Энэ хуулийн 65.1-д зааснаас бусад шалтгаанаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлэхийг хориглоно.
65.3.Энэ хуулийн 65.1-д заасан нөхцөл байдал арилсан тохиолдолд шүүгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг сэргээнэ.
ДОЛДУГААР БҮЛЭГ
ХЯЛБАРШУУЛСАН ЖУРМААР ХЭРЭГ ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ
66 дугаар зүйл. Нэхэмжлэлийн шаардлагаас татгалзах
66.1.Нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд нэхэмжлэлээсээ бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн татгалзаж болно.
66.2.Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсанаа бичгээр илэрхийлэх бөгөөд шүүх хуралдааны явцад нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзвал шүүх хуралдааны ажиллагааг дуусгаж, тэмдэглэлд тусгана.
66.3.Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаасаа хэсэгчлэн татгалзсан тохиолдолд татгалзсан хэсгийг баталж, үлдсэн нэхэмжлэлийн шаардлагад холбогдох хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа ердийн журмаар явагдана.
66.4.Нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан этгээд уг асуудлаар дахин нэхэмжлэл гаргах эрхээ алдах бөгөөд харин бусад этгээд уг асуудлаар нэхэмжлэл гаргахад саад болохгүй.
67 дугаар зүйл. Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх
67.1.Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн нь бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхөөргүй, хуульд харшлаагүй байвал шүүх хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгоно.
68 дугаар зүйл. Нэхэмжлэгч, хариуцагч эвлэрэх
68.1.Нэхэмжлэгч, хариуцагч харилцан буулт хийж, нэхэмжлэлийн шаардлагыг өөрчлөх, шаардлагыг биелүүлэх арга замаа тодорхойлох зэргээр хоорондоо тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулж, маргаанаа дуусгавар болгож болно.
68.2.Нэхэмжлэгч, хариуцагч нар эвлэрлийн гэрээг бичгээр хийж, гарын үсгээ зурсан байна.
68.3.Шүүх хуралдааны явцад эвлэрвэл энэ тухай хуралдааны тэмдэглэлд тусгана.
68.4.Нэхэмжлэгч, хариуцагчийн эвлэрсэн нь хуульд харшлаагүй бөгөөд бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй нь тогтоогдвол шүүх эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгоно.
69 дүгээр зүйл. Хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэсний үр дагавар
69.1.Шүүх хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэхдээ нөхөн төлүүлэх шүүхийн зардал болон улсын тэмдэгтийн хураамжийг энэ хуулийн 47, 48 дугаар зүйлд зааснаар шийдвэрлэнэ.
69.2.Энэ хуулийн 66-68 дугаар зүйлд заасны дагуу шийдвэрлэсэн шүүгчийн захирамж, шүүхийн тогтоолд гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлнэ.
НАЙМДУГААР БҮЛЭГ
ШҮҮХИЙН УРЬДЧИЛСАН ХЭЛЭЛЦҮҮЛЭГ
70 дугаар зүйл. Шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг явуулах журам
70.1.Шүүгч дараахь хүсэлтийг хүлээн авснаас хойш долоо хоногийн дотор урьдчилсан хэлэлцүүлгээр хянан хэлэлцэнэ:
70.1.1.нотлох баримт, гаргуулах хасуулах;
/Энэ заалтад 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан бөгөөд 2025 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө./
70.1.2.захиргааны актын биелэлтийг түдгэлзүүлэх;
70.1.3.хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлэх;
70.1.4.хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгчээс урьдчилсан хуралдаанаар хэлэлцүүлэн шийдвэрлэх шаардлагатай гэж үзсэн бусад асуудал.
70.2.Шүүх хуралдааныг товлон зарлахад урьдчилсан хэлэлцүүлэг хийнэ.
70.3.Шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн товыг гурваас доошгүй хоногийн өмнө хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид мэдэгдэнэ.
70.4.Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч урьдчилсан хэлэлцүүлэгт оролцохгүй тухай шүүхэд мэдэгдэх бөгөөд мэдэгдээгүй нь урьдчилсан хэлэлцүүлэг явуулахад саад болохгүй.
70.5.Шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг мэтгэлцэх зарчмаар явагдах бөгөөд хэргийн оролцогчид гаргасан хүсэлт, татгалзлын үндэслэлээ нотолно.
70.6.Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй нь шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийг хойшлуулах үндэслэл болохгүй.
70.7.Энэ хуулийн 70.1.2-т заасан хүсэлтийг шийдвэрлэх хугацааг хэргийн оролцогчдыг татан оролцуулснаас хойш тооцно.
70.8.Шаардлагатай бол энэ хуулийн 70.1-д заасан хугацааг нэг удаа 10 хүртэл хоногоор шүүгч сунгаж болно.
70.9.Шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийг шүүгч дангаар удирдан явуулж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга энэ хуулийн 88 дугаар зүйлд заасны дагуу үйлдсэн тэмдэглэлтэй хэргийн оролцогч танилцаж болно.
70.10.Шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээр нэхэмжлэлийн шаардлагатай холбоотой асуудлыг хэлэлцэхгүй.
ЕСДҮГЭЭР БҮЛЭГ
ШҮҮХ ХУРАЛДААНЫГ ТОВЛОН ЗАРЛАХ, ШҮҮХ БҮРЭЛДЭХҮҮН, ШҮҮХ ХУРАЛДААНЫ ОРОЛЦОГЧ, ХУРАЛДААНЫ НИЙТЛЭГ ЖУРАМ
71 дүгээр зүйл. Шүүх хуралдааныг товлон зарлах
71.1.Шүүгч захиргааны хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэхэд хангалттай нотлох баримт цугларсан гэж үзсэн, эсхүл энэ хуулийн 63 дугаар зүйлд заасан хугацаа дууссан, түүнчлэн шаардлагатай бусад тохиолдолд шүүх хуралдааныг хэзээ, хаана болохыг урьдчилсан хэлэлцүүлгийн журмаар товлож, долоо, түүнээс доошгүй хоногийн өмнө зарлаж, хэргийн оролцогч, бусад оролцогчид хурлын товыг мэдэгдэнэ.
71.2.Хэргийн оролцогч шүүх хуралдааны товыг шүүхээс лавлах үүрэгтэй.
72 дугаар зүйл. Шүүгч, шүүх бүрэлдэхүүн, шүүх хуралдаан даргалагчийг томилох
72.1.Хэрэг хянан шийдвэрлэх шүүгч, шүүх бүрэлдэхүүн, шүүх хуралдаан даргалагчийг жил, хагас жил зэрэг тодорхой хугацаагаар тухайн шүүхийн шүүгчдийн зөвлөгөөнөөс хуваарь гарган томилж, Ерөнхий шүүгчийн захирамжаар албажуулна.
72.2.Хуваарийн дагуу томилогдсон шүүгч, шүүх бүрэлдэхүүн тухайн шүүх хуралдаанд оролцож чадахгүй тохиолдолд түүнийг орлох шүүгч, шүүх бүрэлдэхүүнийг энэ хуулийн 72.1-д заасан журмаар томилно.
72.3.Шүүгчдийн зөвлөгөөнийг Ерөнхий шүүгч удирдана. Шүүгчдийн зөвлөгөөнөөр асуудлыг олонхийн саналаар шийдвэрлэнэ. Шүүгчдийн зөвлөгөөн тухайн шүүхийн шүүгчдийн олонхи оролцсон тохиолдолд хүчинтэй байна. Шүүгч бүр тэгш эрхтэй оролцоно.
72.4.Ерөнхий шүүгч бусад шүүгчтэй адил энэ хуулийн 72.1-д заасан хуваарийн дагуу хэрэг хянан шийдвэрлэнэ.
72.5.Тухайн жилийн турш шүүгчийн ажлын ачаалал ихэссэн, ажиллах шүүгчдийн тоо нэмэгдсэн, хасагдсаны улмаас энэ хуулийн 72.1, 72.2-т заасны дагуу хянан шийдвэрлэх боломжгүй тохиолдолд Ерөнхий шүүгч тухай бүр шүүгчдийн зөвлөгөөнийг зарлан хуралдуулна.
72.6.Тодорхой хэргийг хянан хэлэлцэх бүрэлдэхүүн хүрэлцэхгүй болсон тохиолдолд адил шатны өөр шүүхийн Ерөнхий шүүгчтэй зөвшилцөж, тухайн шүүхийн Ерөнхий шүүгчийн захирамжаар өөр шүүхийн шүүгчийг бүрэлдэхүүнд томилж, оролцуулна.
/Энэ хэсгийг 2016 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн хуулиар нэмсэн/
73 дугаар зүйл. Иргэдийн төлөөлөгч оролцох
73.1.Шүүх хуралдаанд иргэдийн төлөөлөгчийг Шүүхийн иргэдийн төлөөлөгчийн эрх зүйн байдлын тухай хуульд заасан журмын дагуу оролцуулна.
74 дүгээр зүйл. Шүүх бүрэлдэхүүн
74.1.Захиргааны хэргийн шүүх дараахь хэргийг гурван шүүгчийн бүрэлдэхүүнтэйгээр хянан шийдвэрлэнэ:
74.1.1.анхан шатны шүүхийн шийдвэрийг давж заалдах, эсхүл хяналтын шатны шүүхээс хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр буцаасан;
74.1.2.захиргааны хэм хэмжээний акттай холбоотой;
74.1.3.тухайн шүүхийн шүүгчдийн зөвлөгөөнөөр шүүх бүрэлдэхүүнтэй шийдвэрлэхээр тогтоосон.
74.2.Энэ хуулийн 74.1-д зааснаас бусад хэргийг шүүгч дангаар хянан шийдвэрлэнэ.
74.3.Давж заалдах журмаар хэргийг гурван шүүгчийн бүрэлдэхүүнтэйгээр хянан шийдвэрлэнэ.
74.4.Хяналтын журмаар хэргийг Улсын дээд шүүх таван шүүгчийн бүрэлдэхүүнтэйгээр хянан шийдвэрлэнэ.
75 дугаар зүйл. Иргэдийн төлөөлөгч, түүний эрх, үүрэг
75.1.Захиргааны хэргийг анхан шатны журмаар шүүх бүрэлдэхүүнтэйгээр хянан шийдвэрлэх шүүх хуралдаанд гурав хүртэл иргэдийн төлөөлөгч оролцуулна.
/Энэ хэсэгт 2021 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
75.2.Иргэдийн төлөөлөгч нь хэрэг хянан шийдвэрлэхэд дараахь эрх эдэлж, үүрэг хүлээнэ:
75.2.1.шүүхийн байранд хэргийн материалтай танилцах, түүнээс тэмдэглэл хийх;
75.2.2.нотлох баримт шинжлэхэд оролцох;
75.2.3.хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч, гэрч, шинжээчид асуулт тавих;
75.2.4.нэмэлт нотлох баримт цуглуулах талаар хүсэлт гаргах;
75.2.5.хэргийн үйл баримт, захиргааны үйл ажиллагаа үндэслэлтэй эсэх талаар дүгнэлт гаргах;
75.2.6.өөрт нь итгэмжлэн мэдэгдсэн төрийн болон албаны нууц, байгууллагын нууц, хүний эмзэг мэдээлэлтэй холбоотой асуудлыг задруулахгүй байх;
/Энэ заалтад 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
75.2.7.энэ хуульд заасан шүүх хуралдааны дэгийг сахин биелүүлэх.
75.3.Энэ хуулийн 75.2.5-д зааснаар хэргийн үйл баримт, захиргааны үйл ажиллагаа үндэслэлтэй эсэх талаар гаргасан иргэдийн төлөөлөгчийн дүгнэлтийг шүүх хуралдаанд уншиж сонсгоно.
76 дугаар зүйл. Шүүх бүрэлдэхүүнийг өөрчилж үл болох
76.1.Шүүх хуралдааны явцад хэргийг гагцхүү шүүхийн нэг бүрэлдэхүүнээр шийдвэрлэнэ. Хэрэв шүүх бүрэлдэхүүний хэн нэг нь шүүх хуралдааны ажиллагаанд оролцох боломжгүй болсон тохиолдолд энэ хуулийн 72.1-д заасан журмын дагуу өөр шүүгч, шүүх бүрэлдэхүүнээр сольж, уг хэргийг шинээр хянан шийдвэрлэнэ.
77 дугаар зүйл. Шүүх хуралдаанд оролцогч
77.1.Шүүх хуралдаанд оролцогчийг энэ хуулийн 17 дугаар зүйл, 77.2-т заасны дагуу хэргийн болон бусад оролцогч гэж ангилна.
77.2.Шүүх хуралдаанд оролцож байгаа хэргийн оролцогчийн төлөөлөгч, өмгөөлөгч, шинжээч, орчуулагч, хэлмэрч, иргэдийн төлөөлөгч, гэрч, шүүх хуралдааны нарийн бичгийн даргыг бусад оролцогч гэнэ.
78 дугаар зүйл. Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга
78.1.Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга нь шүүх хуралдаан явуулах бэлтгэлийг хангаж, шүүх хуралдааны ирцийг бүртгэж, шүүгч, шүүх бүрэлдэхүүнд танилцуулах, шүүх хуралдааныг дуу-дүрсний бичлэгээр баталгаажуулах, шүүх хуралдааны тэмдэглэл хөтлөх, хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчийн хүсэлтээр танилцуулан, шүүгчээр баталгаажуулан хэргийн баримтад хавсаргах, шаардлагатай бусад ажиллагааг хийж гүйцэтгэнэ.
79 дүгээр зүйл. Орчуулагч, хэлмэрч
79.1.Хэргийн оролцогч монгол хэл мэдэхгүй, эсхүл хөгжлийн бэрхшээлтэйн улмаас төрийн албан ёсны хэл, бичгээр харилцаж чадахгүй бол шүүгч тэдгээрийн хүсэлтээр орчуулагч, хэлмэрчийг захирамж гарган томилж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулна.
79.2.Орчуулагч, хэлмэрч шүүхийн дуудсанаар хүрэлцэн ирж, нэхэмжлэлийн шаардлага, тайлбар, мэдүүлэг, татгалзал, шүүх хуралдааны болон бусад ажиллагаа, шүүхийн шийдвэрийн агуулгыг үнэн зөв, бүрэн орчуулж, хэлмэрчилж өгөх, хэргийн материалтай цаг хугацаанд нь танилцахад туслах үүрэгтэй.
79.3.Орчуулагч, хэлмэрч нь орчуулгыг тодруулахаар асуулт тавьж болно.
79.4.Хэргийн болон бусад оролцогч орчуулагч, хэлмэрчийн үүрэг гүйцэтгэхийг хориглоно.
79.5.Санаатайгаар буруу орчуулсан, хэлмэрчилсэн, эсхүл орчуулга хийхээс хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр татгалзсан орчуулагч, хэлмэрчид холбогдох хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ.
80 дугаар зүйл. Шүүх хуралдаан
80.1.Энэ хуулийн 66-68 дугаар зүйлд зааснаас бусад тохиолдолд захиргааны хэргийг гагцхүү шүүх хуралдаанаар хэлэлцэж шийдвэрлэнэ.
80.2.Нотлох баримт цуглуулах зайлшгүй шаардлагатай, эсхүл хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч хүндэтгэн үзэх шалтгаанаар шүүх хуралдаанд оролцох боломжгүй нь шүүх хуралдаанаас өмнө тогтоогдсон тохиолдолд уг нөхцөлийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхгүйгээр товлосон хуралдааныг 14 хүртэл хоногоор хойшлуулж болно.
81 дүгээр зүйл. Шүүх хуралдаан даргалагчийн эрх, үүрэг
81.1.Шүүх хуралдааныг тухайн шүүхийн шүүгчдийн зөвлөгөөнөөс томилсон шүүгч даргална.
81.2.Шүүх хуралдаан даргалагч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуулийн дагуу явуулах, хэргийн байдлыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор тогтоох, хэргийн болон бусад оролцогч эрх, үүргээ хэрэгжүүлэх, мэтгэлцэх зарчмыг хангах, шүүх хуралдааны дэгийг сахиулах талаар шаардлагатай арга хэмжээ авна.
82 дугаар зүйл. Шүүх хуралдааны нийтлэг журам
82.1.Шүүх хуралдааны танхимд байгаа бүх хүн шүүхийг хүндэтгэх, хуралдааны танхимд тогтоосон журмыг сахих, хуралдаан даргалагчийн шийдвэрт захирагдах үүрэгтэй.
82.2.Шүүх хуралдаанд оролцогч тайлбар, мэдүүлэг өгөх, дүгнэлт гаргахдаа суудлаасаа босно. Хүндэтгэн үзэх шалтгааны улмаас суудлаасаа босч чадахгүй бол хуралдаан даргалагчийн зөвшөөрлөөр суугаагаар үг хэлж болно.
82.3.Шүүгч, шүүх бүрэлдэхүүн хуралдааны танхимд орж ирэх, шүүхийн шийдвэрийг уншиж сонсгох үед танхимд байгаа бүх хүн суудлаасаа босно.
82.4.Шүүх хуралдааны журам зөрчсөн этгээдэд эхний удаа хуралдаан даргалагч урьдчилан сануулна. Зөрчлийг дахин гаргасан этгээдийг хуралдаан даргалагчийн шийдвэрээр шүүх хуралдааны танхимаас гаргаж, энэ хуулийн 83 дугаар зүйлд заасан шийтгэл оногдуулна.
82.5.Зөрчлийн улмаас хэргийн оролцогч, бусад оролцогчийг шүүх хуралдааны танхимаас гаргасан тохиолдолд шүүгчийн захирамж, шүүхийн тогтоолоор шүүх хуралдааныг тодорхой хугацаагаар хойшлуулах, эсхүл тэдгээрийн тайлбар, мэдүүлэг, дүгнэлтийг сонсохгүйгээр хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзвэл үргэлжлүүлэн явуулах бөгөөд хуралдаан даргалагч уг этгээдэд түүний байхгүйд хэлэлцсэн асуудлыг танилцуулна.
83 дугаар зүйл. Шийтгэл оногдуулах
83.1.Хуульд заасан торгох шийтгэл оногдуулж болох зөрчлийг шүүх хуралдаан дээр гаргасан бол уг хэргийг хянан шийдвэрлэж байгаа шүүгч шийтгэвэр, шүүх тогтоол гарган зөрчил гаргасан этгээдийг торгоно.
/Энэ хэсэгт 2017 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
83.2.Энэ хуулийн 83.1-д зааснаас бусад тохиолдолд торгох шийтгэл оногдуулах асуудлыг зөрчил гаргасан этгээдийг дуудан ирүүлж шийдвэрлэнэ. Хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр түүний ирээгүй явдал шийтгэвэр гаргахад саад болохгүй.
84 дүгээр зүйл. Татгалзан гарах үндэслэл
84.1.Дараахь үндэслэл байвал шүүгч хэрэг хянан шийдвэрлэхэд үл оролцох ба өөрөө татгалзан гарах үүрэгтэй:
84.1.1.урьд нь уг хэргийг хянан шийдвэрлэхэд хэргийн оролцогч, бусад оролцогчийн хувиар оролцож байсан;
84.1.2.уг хэргийн болон шүүх хуралдаанд оролцогчийн гэр бүл, төрөл садан, эсхүл шүүх бүрэлдэхүүнд хоорондоо гэр бүлийн болон төрөл, садангийн холбоотой хүмүүс орсон;
84.1.3.хэргийн оролцогчтой хувийн харилцаатай, эсхүл уг хэргийг шударгаар шийдвэрлэж чадах эсэх талаар үндэслэл бүхий эргэлзээ байвал;
84.1.4.анхан шатны болон давж заалдах, хяналтын журмаар хэргийг хянан шийдвэрлэхэд оролцсон шүүгч уг хэргийг өөр шатны журмаар хянан шийдвэрлэх болсон;
84.1.5.ашиг сонирхлын зөрчил үүсэж болзошгүй нөхцөл байдал бий болсон;
84.1.6.анхан болон давж заалдах журмаар хэргийг хянан шийдвэрлэхэд оролцсон шүүгч уг хэргийг тухайн шатны журмаар хянан шийдвэрлэхэд дахин оролцох болсон.
84.2.Энэ хуулийн 84.1-д зааснаас бусад үндэслэлээр шүүгчийг татгалзаж үл болно.
84.3.Энэ хуулийн 84.1.1-84.1.3, 84.1.5-д заасан заалт орчуулагч, хэлмэрч, иргэдийн төлөөлөгч, шүүх хуралдааны нарийн бичгийн даргад нэгэн адил хамаарна.
/Энэ хэсэгт 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
84.4.Энэ хуулийн 84.1-д заасан татгалзан гарах үндэслэл байвал шүүгч, иргэдийн төлөөлөгч, шинжээч, орчуулагч, хэлмэрч, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга шүүх хуралдаан эхлэхээс өмнө бичгээр, эсхүл татгалзан гарах үндэслэл шүүх хуралдааны явцад илэрхий болсон бол энэ тухайгаа мэдэгдэж, тэмдэглэлд тусгуулан татгалзан гарах үүрэгтэй.
/Энэ хэсэгт 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан бөгөөд 2025 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө./
84.5.Шинжээч нь Шүүх шинжилгээний тухай хуулийн 19.1-д заасан тохиолдолд дүгнэлт гаргахаас татгалзана.
/Энэ хэсгийг 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./
85 дугаар зүйл. Татгалзан гаргах хүсэлтийг шийдвэрлэх журам
85.1.Энэ хуулийн 84.1-д заасан үндэслэлээр шүүгч, иргэдийн төлөөлөгч, шинжээч, орчуулагч, хэлмэрч, шүүх хуралдааны нарийн бичгийн даргыг татгалзан гаргах хүсэлтийг хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч гаргаж болох ба энэ тохиолдолд татгалзан гаргагдаж байгаа этгээдийн тайлбарыг сонсож болно.
85.2.Татгалзан гаргах хүсэлтийг шүүгч захирамж, шүүх бүрэлдэхүүн тогтоол гарган шийдвэрлэнэ.
85.3.Шүүгчийг татгалзан гаргах тухай асуудлыг түүнийг байлцуулахгүйгээр бусад шүүгчид шийдвэрлэх ба санал тэнцвэл уг шүүгчийг татгалзан гаргасанд тооцно.
85.4.Хэд хэдэн болон хэргийг дангаар шийдвэрлэх шүүгчийг, түүнчлэн шүүх бүрэлдэхүүнийг татгалзан гаргах хүсэлтийг тухайн шүүхийн Ерөнхий шүүгч шийдвэрлэнэ.
85.5.Иргэдийн төлөөлөгч, шинжээч, орчуулагч, хэлмэрч, шүүх хуралдааны нарийн бичгийн даргыг татгалзан гаргах тухай хүсэлтийг хэргийг хэлэлцэж байгаа шүүгч, шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэнэ.
85.6.Ерөнхий шүүгч дангаар хэрэг хянан шийдвэрлэх явцад түүнийг татгалзсан, эсхүл тухайн шүүхийн бүх шүүгчдийг татгалзсан бол шүүгчдийн зөвлөгөөн олонхийн саналаар шийдвэрлэнэ.
85.7.Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шийдвэрлэсэн асуудалтай нь холбогдуулан шүүгчийг татгалзан гаргах хүсэлт гаргахыг хориглоно.
86 дугаар зүйл. Татгалзан гаргасны үр дагавар
86.1.Шүүгч, шүүх бүрэлдэхүүнийг татгалзан гаргах хүсэлтийг хангасан бол хэргийг өөр шүүгч, шүүх бүрэлдэхүүн хянан шийдвэрлэнэ.
86.2.Тухайн шүүхийн бүх шүүгчийг татгалзан гаргасан, эсхүл бүх шүүгч уг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хуульд заасан үндэслэлээр дахин оролцох боломжгүй болсон тохиолдолд хэргийг анхан шатны өөр захиргааны хэргийн шүүхээр хянан шийдвэрлүүлэхээр тухайн шүүхийн Ерөнхий шүүгч шилжүүлнэ.
/Энэ хэсэгт 2016 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
86.3.Энэ хуулийн 86.2-т заасны дагуу хэрэг шилжиж ирсэн тохиолдолд тухайн шүүхийн шүүгчдийн зөвлөгөөнөөс тогтоосон хуваарийн дагуу тухайн шүүхийн шүүгч хүлээн авч хянан шийдвэрлэнэ.
86.4.Иргэдийн төлөөлөгч, шинжээч, орчуулагч, хэлмэрч, шүүх хуралдааны нарийн бичгийн даргыг татгалзан гаргах хүсэлтийг хангасан тохиолдолд өөр оролцогчийг оролцуулна.
87 дугаар зүйл. Шийдвэрийг зөвлөлдөх тасалгаанд гаргах, санал хураах
87.1.Захиргааны хэргийн шүүх Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 16.1.6, 22.6-д заасны дагуу шийдвэрээ зөвлөлдөх тасалгаанд гаргана.
/Энэ хэсгийг 2021 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./
87.2.Зөвлөлдөх тасалгаанд хэргийг шийдвэрлэх талаар шүүгчийн гаргасан санал нууц байна.
87.3.Шүүх бүрэлдэхүүн асуудал бүрийг олонхийн саналаар шийдвэрлэнэ.
87.4.Хуралдаан даргалагч бүрэлдэхүүнд орсон бусад шүүгчийн дараа саналаа гаргана.
87.5.Зөвлөлдөх тасалгаанд шүүгч саналаа өгөхөөс татгалзах эрхгүй.
88 дугаар зүйл. Шүүх хуралдааны тэмдэглэл
88.1.Шүүх хуралдааны тэмдэглэлд хуралдааныг хэзээ, хаана хийсэн, эхэлсэн, дууссан цаг, шүүгч, шүүх бүрэлдэхүүн, шүүх хуралдаанд оролцогчийн ургийн овог, эцэг /эх/-ийн нэр, өөрийн нэр, хаяг, ирц болон тэдэнд эрх, үүргийг тайлбарласан байдал, шүүх хуралдаанд оролцогчийн тайлбар, гэрчийн мэдүүлэг, нотлох баримтыг шинжилсэн байдал, шүүгч, шүүх бүрэлдэхүүнээс хэргийн талаар асууж тодруулсан байдал, тусгай саналын товч утга, шүүхийн шийдвэрийн агуулга, түүнд гомдол гаргах хугацаа, журмыг тайлбарласан талаар бичнэ.
88.2.Шүүх хуралдааныг дуу-дүрсний бичлэгээр баталгаажуулна. Энэ заалт шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт хамаарахгүй.
88.3.Шүүх хуралдаан дууссан өдрөөс хойш долоо хоногийн дотор тэмдэглэлийг бэлэн болгох ба түүнд шүүх хуралдаан даргалагч, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга гарын үсэг зурна.
88.4.Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүх хуралдааны тэмдэглэлтэй танилцаж болно. Тэмдэглэлтэй холбогдон гарсан саналыг шүүгч шийдвэрлэнэ.
88.5.Шүүх хуралдааны тэмдэглэл алдаатай, дутуу бичигдсэн бол шүүгч, шүүх бүрэлдэхүүн өөрийн санаачлагаар, эсхүл шүүх хуралдааны оролцогчийн хүсэлтээр гурван хоногийн дотор засвар хийж, энэ тухай тэмдэглэлд тусгаж, шүүх хуралдаан даргалагч гарын үсэг зурж баталгаажуулна.
АРАВДУГААР БҮЛЭГ
АНХАН ШАТНЫ ШҮҮХ ХУРАЛДААНЫ ДЭГ, ШҮҮХИЙН ШИЙДВЭР
89 дүгээр зүйл. Шүүх хуралдааныг нээх
89.1.Шүүх хуралдаан даргалагч шүүх хуралдааныг нээж, ямар хэрэг хянан шийдвэрлэх гэж байгааг зарлан мэдэгдэж, танхимд байгаа хүмүүст суухыг зөвшөөрнө.
90 дүгээр зүйл. Шүүх хуралдааны ирц, оролцох эрхийг шалгах
90.1.Шүүх хуралдааны ирцийг нарийн бичгийн дарга бүртгэж, ирээгүй оролцогчид шүүх хуралдааны товыг мэдэгдсэн эсэх, ямар шалтгаанаар ирээгүй болохыг хуралдаан даргалагчид илтгэн танилцуулна.
90.2.Шүүх хэргийн оролцогч, бусад оролцогчтой нэг бүрчлэн танилцаж, төлөөлөх, өмгөөлөх бүрэн эрхийг шалгана.
91 дүгээр зүйл. Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч, иргэдийн төлөөлөгч шүүх хуралдаанд ирээгүйгээс гарах холбогдол
91.1.Нэхэмжлэгч өөрөө болон төлөөлөгч, өмгөөлөгчийнхөө эзгүйд шүүх хуралдааныг хийх талаар шүүхэд бичгээр хүсэлт ирүүлсэн бол тэдгээрийг оролцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэж болно.
91.2.Нэхэмжлэгч, түүний төлөөлөгч, өмгөөлөгч нь хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй тохиолдолд хариуцагчийн хүсэлтээр шүүх хангалттай нотлох баримт цугларсан гэж үзвэл хэргийг хянан шийдвэрлэж болно.
91.3.Шүүх энэ хуулийн 91.2-т заасан этгээдийг заавал байлцуулах шаардлагатай гэж үзвэл шүүх хуралдааныг хойшлуулж, дахин дуудан ирүүлэх бөгөөд хоёр дахь удаагаа ирээгүй бол нэхэмжлэлийг буцаана.
91.4.Хариуцагч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй бөгөөд нэхэмжлэгч хэргийг тэдгээрийн эзгүйд хянан шийдвэрлэх талаар хүсэлт гаргасан бол шүүх хэрэгт цугларсан нотлох баримтыг үндэслэн хэргийг хянан шийдвэрлэж болно.
91.5.Энэ хуулийн 91.2, 91.4-д зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нарын эзгүйд хэргийг хянан шийдвэрлэх тухай хүсэлтийг гаргаагүй байсан ч шүүх хэрэгт цугларсан нотлох баримт болон бусад нөхцөл байдлыг харгалзан хэргийг шийдвэрлэж болно. Ингэхдээ хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчөөс урьд гаргасан тайлбарыг шүүх хуралдаан дээр гаргасантай адилтгаж үзнэ.
91.6.Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нарын аль аль нь шүүх хуралдаанд хүрэлцэн ирээгүй бол шүүх хэргийг энэ хуулийн 91.5-д заасны дагуу шийдвэрлэж болно.
91.7.Иргэдийн төлөөлөгч энэ хуулийн 71.1-д заасны дагуу мэдэгдсээр байхад хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй бол хэргийн оролцогчийн зөвшөөрлөөр түүний эзгүйд шүүх хуралдаан явуулж болно. Харин хэргийн оролцогчийн аль нэг нь зөвшөөрөөгүй бол шүүх хуралдааныг хойшлуулна.
92 дугаар зүйл. Орчуулагч, хэлмэрчийн үүргийг тайлбарлах
92.1.Шүүх хуралдаан даргалагч орчуулагч, хэлмэрчид түүний үүрэг, буруу орчуулж, хэлмэрчилбэл хүлээлгэх хариуцлагыг сануулж, энэ тухайгаа баримтжуулна.
93 дугаар зүйл. Гэрчийг гаргах
93.1.Шүүх хуралдаанд дуудагдсан гэрчийг шүүх хуралдааны танхимаас түр гаргана.
93.2.Гэрчүүдийг хооронд нь харилцуулахгүй байлгах талаар шүүх хуралдаан даргалагч шаардлагатай арга хэмжээ авна.
94 дүгээр зүйл. Шүүх бүрэлдэхүүнийг зарлах ба татгалзан гаргах эрхийг тайлбарлах
94.1.Шүүх хуралдаан даргалагч шүүх бүрэлдэхүүнийг зарлан, шинжээч, орчуулагч, хэлмэрч, шүүх хуралдааны нарийн бичгийн даргыг танилцуулж, тэдгээрийг татгалзан гаргах эрхтэйг тайлбарлана.
94.2.Татгалзан гаргах хүсэлтийг энэ хуулийн 85 дугаар зүйлд заасны дагуу шийдвэрлэнэ.
95 дугаар зүйл.Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгчид эрх, үүргийг тайлбарлах
/Энэ зүйлийн гарчигт 2019 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
95.1.Шүүх хуралдаан